Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0069

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, даргалж, шүүгч Б.Адьяасүрэн, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ДХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын ДХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Манай компани нь 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Дорнод аймгийн Халх гол сумын нутагт ******* нэртэй газарт 6846.44 гектар талбай бүхий хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 6/3020 дугаартай албан тоот ирсэн. Тоотын утга нь: Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй газар нь тус яамны усны мэдээллийн санд байгаа нуурын хамгаалалтын бүс /Усны тухай хуулийн 200 метрээс доошгүй/-ийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай байна гэж мэдэгдсэн. Тусгай зөвшөөрөлтэй талбайн хил нуурын хамгаалалтын бүстэй давхацсан учир манай компани хайгуул хийх ямар ч боломжгүй болсон.

Бид хуулийн дагуу нуурын хамгаалалтын бүсийн давхцалаас гарч байж тусгай зөвшөөрлөө ашиглаж хайгуул хийх шаардлага тулгарсан.

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн талбайгаа багасгаж батлуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлснээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06б/2461 дугаартай албан бичиг ирсэн.

Энэ албан бичигт Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байна. гэсэн тул бид хайгуулын ажлаа эхлэхийн тулд тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/630 албан тоотоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариу мэдэгдсэн. Татгалзах болсон үндэслэл нь Хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тухай баримт дутуу байна гэсэн байдаг. Хуулийн дагуу нуурын хамгаалалтын бүс буюу хориглосон бүсэд хайгуулын ажил хийх, тусгай зөвшөөрлөө ашиглах ямар ч боломжгүй байсаар 2018 онтой золгосон нь манай компаниас шалтгаалаагүй.

Энэ тухай бид дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 7/983 дугаартай албан бичигтээ Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна гэсэн хариу өгсөн.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорнод аймгийн Халх гол сумын ******* нэртэй газарт 6846.44 гектар талбай бүхий хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд орсон хилийн давхцалтай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цуцалж нөхөн олговор олгох тухай асуудал яригдаж байсан. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хилийн давхцалтай. Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс танай компанийн тусгай зөвшөөрлийн талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон газартай давхацсан учраас танай компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэсэн шийдвэр гараагүй. Манай компани хилийн давхацлаа арилгахын тулд тусгай зөвшөөрлийн талбайгаа 2 удаа багасгасан. Багасгасаар нийт 670.91 гектар талбайтай болсон. Энэ нь нуурын толин гадарга дээрх давхцал юм . Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвлөмжид давхцалтай хэсэг нь усан сан бүрэлдэх газар учраас нуурын толин гадаргаас гар аргаар мөсөн шүү болон давс олборлох боломжтой гэсэн. Манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь хуулиар хориглосон талбай дээр хайгуул хийхийг шаардаж цуцалсан шийдвэр юм. Хуулиар ашиглах боломжгүй болсон талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлага байхгүй. Мөн хуулиар нэгэнт хориглосон байхад хайгуул хийж зардал гаргах боломжгүй юм. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компанийн хайгуулын талбайн хэмжээг багасгаснаар бид давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг мэдэж байгаа юм. Одоо бид хайгуул хийж, зардал гаргах боломжтой болж байна гэж үзэж байна. Хариуцагч бид нарыг хууль зөрчиж заавал зардал гаргах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших ******* нэртэй 670.91 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, мөн хуулийн 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт гэж заасан байна.

ДХХК нь ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө дээр дурдсан хуулийн дагуу өргөдөлд хавсаргах баримтыг хуулийн хугацаанд бүрэн ирүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасныг тус тус үндэслэн ДХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах тухай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийг гаргасан байна.

Тус газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/630 дугаартай албан бичгээр ДХХК-д шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн. ДХХК-ийн эзэмшиж байсан Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших ******* нэртэй 670.91 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь ******* нууртай бүхэлдээ давхцалтай байна.

Иймд ДХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ..Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2014 онд 194 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай давхцаагүй. 2015 онд 289 дүгээр тогтоолоор баталсан талбайтай хэсэгчлэн давхцалтай байна гэсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан хилийн заагийг Засгийн газар тогтооно. Хэрэв хориглосон, хязгаарласан талбайтай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай бүхэлдээ давхцалтай бол уг тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн олговор олгоно. Нөхөн олговор олгох журмыг Засгийн газар тогтооно. Эрх бүхий байгууллага 289 дүгээр тогтоолтой хэсэгчлэн давхцалтай гэсэн болохоос нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхцалтай гэж хэлээгүй. Хориглоогүй талбайдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Энэ тухай 2015 онд нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцалтай учраас 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл одоо нууран дээрээ үйл ажиллагаагаа явуулъя гэж хэлж байгаа нь хоорондоо тохирохгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Энэ хуультай холбоотойгоор Засгийн газраас хилийн заагийг тогтоож байгаа журмууд өөрчлөгдсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн талбай бүхэлдээ давхцалтай гэж үзсэн бол 2012 онд төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж нөхөн олговор авах эрх нь нээлттэй байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй, бид нар үйл ажиллагааг явуулах хүсэлттэй байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танай компанийн талбай хэсэгчлэн давхцалтай байна гэж бичиг ирүүлсэн. Иймд хэсэгчлэн давхцалтай гэж үзсэн бол давхцаагүй хэсэгтээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар огт хүсэлт өгч байгаагүй. 2018 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хайгуул хийх боломжтой байсан. 11, 12 дугаар сард нуур бүрэн хөлдсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулна гэж тодорхой заасан. Түүнээс биш 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2017 онд батлуулна гэсэн хууль байхгүй.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрсдийн хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас 2015 оноос хойш хайгуулын ажлын зардал гаргаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, тайлан төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй учраас хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан. Түүнээс биш тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДХХК нь тус шүүхэд Ашигт малтмалын хайгуулын ХҮ-0******* тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн ДХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, 670.91 гектар талбай бүхий ХҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших ******* нэртэй 6846.44 гектар талбайд анх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Мегналайн ХХК-д олгож, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр ДХХК-д шилжүүлсэн байна.

Тусгай зөвшөөрлөөр анх 6846,44 гектар талбайд хайгуул хийх эрх олгогдсон ч Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр 5294.61 гектар талбайг хэсэгчлэн буцааж 1546.42 гектар үлдсэн, мөн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр 875.51 гектар талбайг хэсэгчлэн буцааж, тус компанид 670.91 гектар талбай ашигт малтмалын хайгуул хийх *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг авсан байна.

ДХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад тус хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ДХХК-ийн ХҮ-0******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулаагүй, энэ тухай баримт байхгүй гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах үндэслэлээ ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалд дурдагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасан баримтыг хавсаргаагүй үндэслэлээ хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай давхацсан байснаас талбайг хэсэгчлэн буцааж давхцалыг арилгасан энэ хугацаанд дээрх шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, үйл ажиллагаа явуулаагүй тул байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй гэж үзсэн харин 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт байхгүй, хайгуулын тухай үе шатны ажил гүйцэтгэсэн тайлан байхгүй, хариуцагч 2019 оны менежментийн төлөвлөгөөг авсан хэр нь огт гаргаж өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т ...төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д ...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ...хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 22.1.3-д ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.2-т Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ гэж тус тус заажээ.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг буруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ...боловсруулна гэж, 9.8-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага...тухай жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч, дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхтэй хэдий ч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргахаар, хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өргөдөлдөө заавал хавсаргаж ирүүлэхээр, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацааг сунгахгүй байхаар, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, хэрэгжилтийг тухайн жилд дүгнэж, дараа оны төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлах агуулгатай байна.

Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхөн сэргээх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд үүсэх сөрөг үр дагаврыг хянах илрүүлэх зорилгоор боловсруулагдахаар байх тул цаг үеийн нөхцөл байдалд нийцсэн байх шаардлагатай юм.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ДХХК нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дох жилийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй, нэхэмжлэгч 2019 онд геологи хайгуулын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг хариуцагчид хүлээлгэн өгсөн энэ нь төрийн захиргааны байгууллагаас нотлох баримтаар хуулбар үнэн гэж дарагдаж ирсэн баримтаар нотлогдоно гэх боловч энэ төлөвлөгөө нь хуулийн шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ДХХК нь хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаанаас өмнө уг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Дорнод аймгийн Халх сумын Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ маргааны хувьд Дорнод аймгийн Халх гол сумын Засаг дарга болон тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тодруулаг авах үед, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар байгаль орчины менежментийн төлөвлөгөөг хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, өргөдөлдөө хавсаргаж ирүүлэх нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд дээрх баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд ДХХК нь тус шүүхэд Ашигт малтмалын хайгуулын ХҮ-0******* тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн ДХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, 670.91 гектар талбай бүхий ХҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ДХХК-иас ДХХК нь тус шүүхэд Ашигт малтмалын хайгуулын ХҮ-0******* тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн ДХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, 670.91 гектар талбай бүхий ХҮ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ