Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 68

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч: Ц.Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Цэндсүрэнгийн Амгаланд холбогдох 201620000216 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Борлууд овогт Цэндсүрэнгийн Амгалан / РД:ОО86080472/, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Амгалан нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны автомашины зогсоол дээрээс иргэн Л.Чимэддоржийн эзэмшлийн мотоциклийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

1. Хохирогч Л.Чимэддоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны автомашины зогсоол дээр өөрийн 15-11 УВЗ улсын дугаартай мотоциклийг тавьчихаад Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Захиргааны байр болон өөр хэдэн газраар орж хувийн ажлаа хөөцөлдөж байгаад 14 цагийн үед мотоцикль дээрээ очиход байхгүй байсан. Тэгэхээр нь үрүүлээ цоожлоогүй юм чинь таньдаг хүн надаар тоглоом хийгээд аваад явчихсан юм байх гэж бодоод тухайн ойр орчимоороо хайсан боловч олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний мотоцикль нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Лонгс” маркийн цэнхэр өнгийн мотоцикль байгаа юм. Би уг мотоциклийг 2011 онд өөрийн дүү Л.Бат-Очироос 600000 төгрөгөөр худалдаж авч байсан. “Увс финанс Аудит” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ тогтоосон 408 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 14 тал /,

            2. Гэрч Г.Ядамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай шатахуун түгээх станцын аюулгүйн тойргийн ойролцоо 2016 оны 9 сарын 01-ний өдөр үүрэг гүйцэтгэж явах үед автомашины урсгалыг нэг мотоцикльтой хүн сөрж Итгэлт барааны захын зүг явсан. Араас нь замын цагдаагийн машинтай хөөж захын үүдэн дээр зогсоож бичиг баримтыг нь шалгахад биеэдээ ямар нэгэн бичиг баримтгүй мотоцикль жолоодож явсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь тухайн хүний унаж явсан 15-11 УВЗ улсын дугаартай мотоциклыг журмын хашаанд хийсэн. Өөрийгөө Цэндсүрэнгийн Амгалан гэж танилцуулсан уг этгээдийг Цагдаагийн газар дээр авчирч согтуурлын зэргийг нь шалгахад 1,65 хувийн согтолттой гарсан. Тухайн хүнийг Замын цагдаагийн тасгийн байцаагч Мөнхжаргалд хүлээлгэн өгчихөөд өөрийнхөө хариуцсан чиглэл рүү үүрэг гүйцэтгэхээр явсан." гэх мэдүүлэг / хх-ийн 15 тал/,

            3. Мотоцикль хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 тал/,

            4. Мотоцикльд үзлэг хийсэн, мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

            5. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 6 тал /

            6. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

            7. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 408 дугаартай “Мотоцикль үнэлсэн тухай тайлан” / хх-ийн 19-20 тал /,

            8. Шүүгдэгч Ц.Амгаланг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 33-34 тал /, 

9. 15-11 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ. /хх-ийн 52/,

10. Хохирогч Л.Чимэддорж, шүүгдэгч Ц.Амгалан нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ.

           11. Шүүгдэгч Ц.Амгалангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2016 оны 9 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх дэлгүүрээс 300 граммын “Ерөөл” нэртэй архи 2 шилийг аваад Нэгдсэн эмнэлгийн саад руу ганцаараа орж уусан. Тухайн 2 шил архийг ууж дуусгачихаад би Цэдэнбалын талбай руу явсан ба нэг мэдэхэд мотоцикль уначихсан Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Итгэлт барааны захын хажууд явж байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар намайг цагдаагийн газар дээр авчирсан байсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн явдлыг сайн санахгүй байна. Надад мотоцикль хулгайлах ямар нэгэн бодол байгаагүй ба хэрвээ би тухайн мотоциклийг хулгайлсан бол зах дотор унаад явахгүй байсан. Харин мотоциклийн цахилгааны утаснуудыг хооронд нь холбож асаасан. Увс финанс-Аудит ХХК-ийн шинжээчийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон 408 дугаар тайлантай танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би сонсгосон ялыг ойлголоо хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйж хохирол төлбөрийг нь барагдуулж өгсөн. Ийм учраас ял шийтгэлгүй салгаж өгөхийг хүсэж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 26, 28 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.                 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:  Шүүгдэгч Ц.Амгалан нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны автомашины зогсоол дээрээс иргэн Л.Чимэддоржийн эзэмшлийн 15-11 УВЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мотоцикльд хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл,  хохирогч Л.Чимэддорж, гэрч Г.Ядамсүрэн нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Амгалангийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

“Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 408 тоот мотоцикл үнэлсэн тухай тайланд “...Лонгс маркийн мотоциклийн зах зээлийн үнэ 420,000 төгрөг...” гэснээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзнэ.  

Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

             Шүүгдэгч Ц.Амгалан нь гэм буруугаа ойлгож ухамсарлан чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг буцаан өгч, гэм хорыг арилгасан байхаас гадна хохирогч Л.Чимэддорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчоос шүүхийн шатанд гаргаж өгсөн Эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогджээ.

             Иймд шүүгдэгч Ц.Амгалан нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч Л.Чимэддорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Ц.Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.  

             Шүүгдэгч Ц.Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Булгадар овогт Цэндсүрэнгийн Амгаланг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Ц.Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ц.Амгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч Ц.Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ц.Амгаланд өмнө авсан оршин суух газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.        

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА