Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 592

 

2017.02.24                                                            МАГАДЛАЛ-592

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Нямхишигт холбогдох

 

1 450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мөнхтуяагийн ах Д.Отгонтөмөр өөрийн өмчлөлийн УБИ 89-30 дугаартай Ниссан пикап маркийн автомашиныг хариуцагч А.Нямхишиг нь худалдан авна гэх санаачлага гарган “Ланд стар ложистик” ХХК-д 2 000 000 төгрөгийн барьцаанд тавиулж, мөнгөний зохих хэсгийг хувьдаа хэрэглэсэн.

Нэхэмжлэгч Д.Мөнхтуяа би Д.Отгонтөмөрийн өөрийн өмчлөлийн 89-30 УБИ дугаартай Ниссан пикап машин барьцаалсан зээлийг өөрөөсөө бүрэн төлж барагдуулсан ба уг машиныг анх хариуцагч А.Нямхишигийн санаачлагаар “Ланд стар ложистик” ББСБ-д барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг нь хариуцагч А.Нямхишиг нь өөрөө авсан нь гэрч Т.Тулга, сэжигтэн А.Нямхишиг нарын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдүүлсэн тайлбараар нотлогдсон байдаг. Нэхэмжлэгч Д.Мөнхтуяа нь 2 190 000 төгрөгийг төлж хариуцагч А.Нямхишигийн авсан зээлийг төлж барагдуулсан ба хариуцагч нь худалдан авах гэж байсан уг машинд засвар хийсэн гэх 470 000 төгрөг, мөн нэхэмжлэгч талд өгсөн мөнгө болох 270 000 төгрөгийг хасаад 1 450 000 төгрөгийг хариуцагч А.Нямхишигээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан, хариуцагч А.Нямхишигээс 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 46 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Тус шүүхээс нэхэмжлэгч Д.Мөнхтуяа хариуцагч А.Нямхишигийн санаачлагаар түүний худалдан авах гэж байсан автомашины зээлийн үлдэгдлийг төлсөн төлбөрийн баримт хийгээд хариуцагч А.Нямхишигийн санаачлагаар “Ланд Стар Ложистик” ББСБ-д барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг нь хариуцагч А.Нямхишиг нь өөрөө авсан байх нь гэрч Т.Тулга, сэжигтэн А.Нямхишиг нарын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдүүлсэн тайлбараар /9, 11-р хуудас/ бүрэн дүүрэн нотлогдсон байхад анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг нотлогдохгүй байна гэжээ. Түүнчлэн уг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Тулга нь энэ хэргийн үйл явдал эхлэхээс дуусах хүртэл бүгдийг мэдэж байсан төдийгүй тэрээр энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар ЭБША-нд гэрчээр оролцож гаргасан тайлбар нь дээрх үйл баримтыг нотолж байдаг. Тус шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.Тулга нь хариуцагч А.Нямхишиг нь уг зээлийн төлбөрийг “ээжийнхээ байрыг барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаж өгнө” гэж тайлбар гаргасан ба хариуцагч А.Нямхишиг нь дээрх зээлийн эхний сарын хүүгийн төлөлтийг хийсэн тухай талуудын тайлбар байдаг тул эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болсон үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж байна.

Нөгөө талаар шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь заалтуудыг хэрэглээгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, иргэний эрх зүйн үндсэн үзэл санаанд нийцэхгүй шийдвэр гаргасан байх тул хариуцагч А.Нямхишигт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч А.Нямхишигт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Мөнхтуяагийн нэхэмжлэлд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2016/06470 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба иргэний хэрэг үүсгэхээс өмнө буюу мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.Нямхишигт гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материалыг тус тус танилцуулжээ.

/хэргийн 17, 20, 21, 25, 26 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч А.Нямхишиг нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хариу тайлбар болон нотлох баримтыг гаргах үүрэгтэй байхад шүүх уг хугацааг дуусахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 101/ШЗ2016/31159 дүгээр захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр явуулахаар товлосон нь хуулиар тогтоосон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдснээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргахаас өмнө хуралдааныг товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчжээ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийг мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор нь хангаагүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан тохиолдолд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлож, мөн хуулийн 76.1.2-д заасны дагуу хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх тус тус үүсэж, мэтгэлцэх боломж бүрдэнэ.

 

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч талаас гэрчээр Т.Тулгыг асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх боловч уг шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.

/хэргийн 30 дугаар тал/

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХТӨР