Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/0420

 

 

2014 оны 10 сарын 30 өдөр                    Дугаар 420                               Улаанбаатар хот

 

 

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны

г                                                                                  -]

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 389 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 цугаар сарын 28-ны өдрийн Б/68 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан болон түүнтэй дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр гарын 08-ныг хүртэлх албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: "Нэхэмжлэгч нь дээрх тушаал шийдвэрийг мэдээгүй гэж байгаа боловч Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл дээр "...дарга О.Б Б.Ц, Д.Ц нартай уулзаж, ажил албан тушаалыг өөрчлөх талаар урьдчилан хэлж сануулсан..." гэж тэмдэглэгдсэн учир мэдээгүй байх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/68 дугаар тушаалын Б.Ц-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Ц-ийг Цахим нэг цонхны ажлын албаны даргын албан тушаалд буюу түүнтэй дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Гаалийн ерөнхий газрын дарга О.Б 2014 оны 5-р сарын 15-ны өдрийн 01/1922 албан бичгээр иргэн Б.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт оролцох итгэмжлэлийг Хууль, эрх зүйн хэлтсийн ГУБ Г.Г-т олгож, дээрх албан бичгээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар гомдол гаргах итгэмжлэлийг олгосон юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6 дахь заалтад зааснаар 2014 оны 9-р сарын 08-ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 389 тоот шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 389 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... "Энэхүү тушаалыг гаргахдаа төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйл 271.1.10 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрт тус тус үндэслэжээ. Тухайлбал Б.Ц-ийг албаны даргаас гаалийн байцаагч болгон төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагчаар албан тушаалаас нь бууруулах шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг албан тушаалд шилжүүлэхдээ эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж шүүх дүгнэлээ." гэсэн нь төрийн тусгай алба болох Гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагааны онцлог шаардлагад нийцэн, гаалийн харилцааг болон гаалийн улсын байцаагчийн ажлын үндсэн чиг үүргийг нарийвчлан зохицуулж буй хууль болох Гаалийн тухай хуулийг үгүйсгэсэн шинж бүхий шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байна.

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт өгүүлсэнчлэн Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйлийг үндэслэн шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн учир нь: Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тухай дурдсан 22 дугаар зүйл 22.1. "Албан ажлыг зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно." Мөн уг хуулийн 22.2-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно" гэсэн байгаа.

Гаалийн байгууллага үйл ажиллагааны онцлог байдлаас шалтгаалан гаалийн байцаагчдыг байгууллага дотроо сэлгэн ажиллуулж байгаа дээрх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн уг зүйл заалтыг үндэслэх боломжгүй болно. Учир нь дээрх хуульд "...төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад" гэж тодотгон заасан байгаа болно.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хууль зөв тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271.1.10 дахь хэсэг болон Гаалийн ерөнхий газрын захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Цахим нэг цонхны ажлын албаны дарга Б.Ц-ийг ажлаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилжээ.

Маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалтад гаалийн удирдах байгууллагын даргад “гаалийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд

шилжүүлэх, сэлгэн ажиллуулах.. ” эрх нь олгогдсон байх боловч Б.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн албан баталгаагаар хангагдаж, ажил албан тушаал, эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны, ... сэлгэн ажиллуулж болно” гэжээ. Хариуцагчийн зүгээс Б.Ц-ийн албан тушаалыг сэлгэн ажиллуулахдаа түүнд “урьдчилан хэлж сануулсан” гэх тайлбарыг гаргадаг боловч бодит байдал дээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон зүйл нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуульд зааснаар ажилтантай зөвшилцсөний үндсэн дээр сэлгэн ажиллуулах хуулийн зохицуулалтыг захиргааны байгууллага зөрчиж шийдвэр гаргасан тухай эдгээр болон бусад асуудлаар захиргааны хэргийн шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заагдсан сэлгэн ажиллуулах зохицуулалтын “төрийн нэг байгууллагаас нөгөө байгаа байгууллагад” гэх заалт нь манай тохиолдолд хэрэглэгдэх боломжгүй хэмээн маргасан байна.

Цахим нэг цонхны ажлын алба[1] болоод Улаанбаатар хот дахь гаалийн газрууд нь Гаалийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын бүрэлдэхүүн хэсэгт багтаж байх боловч эрх зүйн байдал, удирдлага, санхүүгийн хувьд тусдаа байгууллага байна. Дээрхээс үзэхэд тухайн Цахим нэг цонхны ажлын алба, Улаанбаатар хот дахь гаалийн газруудыг нэг байгууллага гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгчийг дотооддоо сэлгэн ажиллуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

«(

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                  ШҮҮГЧИД                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                            П.СОЕЛ-ЭРДЭНЭ

                   

                                                                                     Ц.ЦОГТ

 

           
           
 
 

 

1] Хавтаст хэргийн 136 хуудас. Гаалийн ерөнхий газрын бүтэц