Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/612

 

2022          05          11                                   2022/ШЦТ/612

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т т” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-5 эцэг, эх, дүү ах нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын 0 дугаар багийн Өгөөмөр, хонхор 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хайрханы 0А тоот “А” ХХК-ийн хашаанд түр оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:НМ96062217/ Боржигон овогт Гын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй караокед  урьд үл таних  М.Иийг “би яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ” хэмээн маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч М.Иий “2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр надад мөнгө хэрэг болоод байхаар нь зүс таньдаг Мандах ахын гар утас руу нь залгаад ярьсан чинь Мандах ах ирээд мөнгө авчих гэхээр нь 19-20 цагийн орчимд би найз охин Энхжингийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” караокед такси бариад очсон. Тэгээд би Мандах ах дээр очоод “ахаа мөнгөө өгчих” гэсэн чинь Мандах ах надад бэлэн мөнгө байхгүй байна би найзаасаа асууж байгаад өгье” гэж хэлсэн ба Мандах ахын мөнгө асуусан ******* гэх залуу нь бид нар руу уурлаад “би яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ” гээд уурлаад миний цээж нудраад байхаар нь би “та яагаад байгаа юм гэсэн чинь” миний нүүр рүү ******* гэх залуу нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Мандах ах нөгөө найзыгаа аваад яваад өгсөн ба тухайн үед миний амнаас цус гараад байж байхад удалгүй цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /х.х-7-8/,

- Гэрч О.Тын “манай таньдаг дүү И над руу залгаад намайг “хаана байгаа юм бэ машины дугуй асуух” гэсэн юм гэхээр нь би “Од” караокед хүрээд ир гэсэн чинь надаас “таксины мөнгө өгчих” гэхээр нь би найзаасаа аваад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй И ирээд байж байтал манай найз ******* руу хэгжүүрхээд янз бүр болоод байхаар нь ******* Иий нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж алгадаад байсан. Тэгээд бид нар салаад явцгаасан” гэх мэдүүлэг /х.х-14/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3908 дугаартай “М.Иий биед дээд баруун 1-р шүд, зүүн 2-р шүдний сулрал, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-16-17/,

- Яллагдагч *******ын “...Уг зүйл ангитай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, Би уг зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд найзууд болох Т, Занабазар, Зоригтсайхан нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Од нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Од караокены буудалд байж байтал Т бид 2 доошоо караоке руу ороод дахиад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал Тын дүү нь гэх /нэрийг нь мэдэхгүй/ залуу хүрээд ирсэн тухайн үед Т тэр дүүгээ дуудсан байсан. Тэгээд бид 3 тэр пивоноосоо ууж байгаад юу болсон талаараа санахгүй байна. Би тэр үед Тын дүү нь гэх залуутай маргалдаад би гараараа тэр Тын дүүгийнх нь нүүр рүү нь цохисон байсан. ” гэх мэдүүлэг /х.х-47-48/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт хавсаргасан баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй караокед урьд үл таних  М.Иийг “би яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ” хэмээн маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч М.Иий “******* гэх залуу гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-7-8/, гэрч О.Тын “******* М.Иий нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод алгадаад байсан” гэх мэдүүлэг /х.х-14/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.03.10-ны өдрийн 3908 дугаартай дүгнэлт /х.х-16-17/, яллагдагч *******ын “маргалдаад О.Тын дүүгийнх нь нүүр рүү нь цохисон байсан” гэх мэдүүлэг /х.х-47-48/ баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь үл ялиг зүйлээр шалтаглан танхайрч хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас М.Иий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь  дээр дурьдсан баримтаар нотлогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Иий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, хохирогч М.И нь эмнэлэгт үзүүлээгүй, эмчилгээ хийлгээгүй тул тухайн зардлыг нэхэмжлээгүй, харин 3 хоног ажилгүй байсан 225000 төгрөгийн цалингаа авч чадаагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр /х.х-7-8/ тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ. Хуульд заасны дагуу хохирогч М.И нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч хангалттай нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж *******аас жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд  Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014.04.15-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-55-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-86/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Гын Бд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.И нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч М.Иий 225000 төгрөг буюу 3 хоногийн цалин нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ