Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/583

 

         2022          05          09                                   2022/ШЦТ/583

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнхангай суманд 1972 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шавар-будагчин мэргэжилтэй, “Т” ХХК-д таслагч, хэрчигч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянголын 00-0 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Илжгэн овогт Дын Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 00-0 тоотод найз Х.Бг хардалтын улмаас баруун гуянд нь хутгалж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Х.Бгийн “Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 52-6 тоотод байх найз *******ийн гэрт 2022 оны 4 дүгээр сарын 01- ний өдрийн 22 цагийн үед хонохоор очсон юм. *******ийн гэрт ороход эхнэртэйгээ 2-лаа байсан. Би *******тэй уулзаагүй удсан байсан болохоор багийн дурсамжаа ярингаа юм яриад шил архи уусан юм. Архи уугаад сууж байтал ******* намайг эхнэртэйгээ хардаад “намайг согтож унагааж байгаад яах гээд байгаа юм” гэж уурлаад гал тогооны өрөөнд ороод хутга аваад миний баруун хөлийн гуяны гадна хэсэгт бор шаргал өнгийн хутгаар хутгалчихсан. Тэгээд *******ийн эхнэр Л.С миний шархыг цэвэрлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж хөлдөө оёдол тавиулсан. ******* намайг эхнэртэйгээ хардаад хутгалсан, манай найз ******* нь надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-17-18/,

- Гэрч Л.Сийн “...Манай нөхөр ******* их хартай, архи уухаараа, намайг бусад хүмүүстэй хардаж сэрдээд хэрүүл маргаан өдөөд байдаг, тухайн үед намайг найз Х.Бтэй хардаж улмаар хутгаар баруун хөлийг нь гэмтээчихсэн” гэх мэдүүлэг /х.х-29/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний 5693 дугаартай “X.Бгийн биед баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-33-34/,

- Яллагдагч *******ийн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /х.х-87-87/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 52-6 тоотод найз Х.Бг хардалтын улмаас баруун гуянд хутгалж эрүүл мэндэд баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Бгийн “...******* намайг эхнэртэйгээ хардаад намайг согтож унагааж байгаад яах гээд байгаа юм гэж уурлаад гал тогооны өрөөнд ороод хутга аваад миний баруун хөлийн гуяны гадна хэсэгт бор шаргал өнгийн хутгаар хутгалчихсан. Тэгээд *******ийн эхнэр Л.С миний шархыг цэвэрлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж хөлдөө оёдол тавиулсан. ******* намайг эхнэртэйгээ хардаад хутгалсан, манай найз ******* нь надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-17-18/, гэрч Л.Сийн “...Манай нөхөр ******* их хартай, архи уухаараа, намайг бусад хүмүүстэй хардаж сэрдээд хэрүүл маргаан өдөөд байдаг, тухайн үед намайг найз Х.Бтэй хардаж улмаар хутгаар баруун хөлийг нь гэмтээчихсэн” гэх мэдүүлэг /х.х-29/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний 5693 дугаартай дүгнэлт /х.х-33-34/, яллагдагч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Б нь эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй ба “******* нь надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж /х.х-17-18/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь  урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-61-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-58/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Х.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Илжгэн овогт Дын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Илжгэн овогт Дын Гт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Х.Б нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс устгахаар шийдвэрлэсэн нэг ширхэг хутгыг шүүхийн тамгын газарт шилжүүлэн өгч, баримтыг *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ