Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Булган суманд оршин суух, Б овогт Ю.Бийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган суманд  оршин суух, Н овогт Г.Б холбогдох, гэм хорын хохирол 6505000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00022/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган суманд тоотод оршин суух, Б овогт Ю. Б түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1974 онд төрсөн, дээд боловсролтой, Орхон аймагт тоотод оршин суух, Х овогт С.Б /, иргэдийн төлөөлөгч Х.Баттулга, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Бөд зодуулснаас болж дээд талын үүдэн 3 шүд, хамар хугарсан. Эхнэртэйгээ хардаж зодсон. Хамраа эмчлүүлсэн  614000 төгрөгийн зардлыг өгсөн. Г.Бөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 450000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Урьдчилсан байдлаар нийт эмчилгээний зардал 6505000 төгрөг болж байна. Би төрийн албан хаагч, цалингийн зээлтэй учир цаашид эмчилгээ хийх санхүүгийн боломжгүй байна. Эмчилгээ хийлгэхэд хотод 14 хоног байх юм байна лээ. Ирж, очих зардлаа ч нэхээгүй. Боломжтой бол би өөрөө эхэлж шүдээ хийлгэчихээд нэхмээр байна. Тийм боломж байхгүй учраас л урьдчилж гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ю.Бийн зүй бус үйлдлээс болж би биеэ барьж чадахгүй түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Ю.Бхохирлыг төлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн. Уг шийтгэх тогтоолд намайг учруулсан гэм хорын хохирлын ихэнхийг төлсөн, зөвхөн 14790 төгрөгийг надаас гаргуулахаар шйидвэрлэсэн. Ийм учраас Ю.Боос өөрөөс нь бодитой зарцуулагдаагүй, хийлгэвэл гарч болзошгүй гэж тооцсон зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн асуудалд маргахгүй. Гэхдээ барагцаалж гаргасан мөнгөн дүнг зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй. “Удвалдент” эмнэлэг нь хүүхдийн шүдний эмнэлэг юм байна лээ. Нотлох баримт бодитой биш. Шийтгэх тогтоолд бичигдсэн шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтэл, “Удвал дент” эмчийн дүгнэлттэй тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэнд  дээд баруун 1,2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүд гэсэн байхад, “Удвалдент” эмнэлгийн эмчийн дүгнэлтэнд 11, 12, 21 дүгээр шүд гэсэн байна. Өндөр дүнтэй баримт гаргаж ирээд эмчилгээ хийлгээгүй байж 6505000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Эмчийн тодорхойлолт бодитой биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Бнь хариуцагч Г.Бөд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6505000 төгрөгийг урьдчилан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон  түүний төлөөлөгч эс зөвшөөрч “бодит гарсан зардал биш учир төлөхгүй” гэж маргажээ. [1]

Хариуцагч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Ю.Бийг зодож бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэлдээ Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.[2]  Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ю.Бнь 3 шүд хийлгэхэд гарах эмчилгээний төлбөр  6505000 төгрөгийг урьдчилан гаргуулахаар нэхэмжилж байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс бодитой гараагүй зардлыг төлөхгүй гэж маргасан байна.

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд эмчилгээнд зарцуулсан зардлын тухайд шаардах эрх байгааг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд гарах зардлын тухай уг заалтад тусгаагүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж  маргаж байгаа хэдий ч тухайн зохицуулалт нь гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирлыг шаардах эрхийг зохицуулсан байна.

Иймд шүүх хариуцагч Г.Бөөс 6505000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ю.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ю.Бнь гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Бөөс 6505000 /зургаан сая таван зуун таван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ю.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД                                              Г.МЯГМАРСҮРЭН

                                                         О.ОДОНЧИМЭГ

 


[1] хх 1-2, 18 тал

[2] хх 5-6 тал