Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0603/Э |
Дугаар | 2022/ШЦТ/601 |
Огноо | 2022-05-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/601
2022 05 10 2022/ШЦТ/601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхангай суманд 1992 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр мужаан хийдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнсалааны 0-00 тоотод оршин суух, /РД:**0000000/ Гонж овогт Пгийн Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй дэлгүүрийн гадна үл таних А.Паас тамхи нэхэж улмаар маргалдан нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, цээж, хөл рүү өшиглөх зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч А.Пын “2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа буугаад эхнэр харих гээд явж байсан. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх-Уул нэртэй дэлгүүр рүү эхнэр маань тамхи авах гээд орсон. Би машинаа хүлээгээд сууж байсан намайг машин дотор сууж байсан чинь нэг танихгүй залуу хүрч ирээд надаас тамхи асуугаад байхаар нь “надад тамхи алга архи ууж байх мөнгөөрөө тамхиа аваад татахгүй яасан юм” гэж хэлсэн чинь тухайн залуу “өөдөөс ямар сүртэй п...а вэ” гэж хэлээд бид хоёр хэрүүл маргаан болж байсан чинь дэлгүүрээс манай эхнэр тамхи аваад гараад ирэхээр нь “тухайн залууд нэг тамхи өгчих” гэж хэлсэн. Эхнэр маань авсан тамхинаасаа задалж тухайн залууд нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр хөдлөх гээд байсан чинь тухайн залуу нус хаяад байхаар нь би машинаасаа буугаад тухайн залуутай маргалдаж байгаад цохих гэсэн чинь оноогүй тэгсэн тухайн залуу миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр арай гэж салаад би цагдаагийн байгууллагад хандсан. Миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон, бас хөл рүү өшиглөсөн. Цээж рүү өшиглөсөн. Би эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-7-8/,
- Гэрч Б.Чийн “Би тамхиа авчихаад дэлгүүрээс гарсан чинь нөхөр маань надад “энэ залууд нэг ширхэг тамхи өгчих” гэхээр нь авсан тамхинаас задлаад нэг ширхэгийг танихгүй залууд өгсөн. Тэгээд би машиндаа суусан чинь нөгөө танихгүй залуу нөхөр рүү дайраад өгсөн нэг ширхэг тамхиа хугалаад нөхөр рүү маань шидээд хараал хэлээд дайраад байхаар нь манай нөхөр машинаас буугаад “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл маргаан болж байсан чинь тухайн залуу манай нөхрийн нүүрэн тус газар олон удаа цохих шиг болсон. Нөхрийн маань хамраас цус гоожсон. Манай нөхөр тухайн залуутай барьцалдаж аваад газар өнхрөлдөөд байсан. Тэгээд арай гэж салаад нөхөр маань цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-12/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн №5067 дугаартай “А.Пын биед хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-18-19/,
- Яллагдагч *******ын мэдүүлэг “Тухайн үед дэлгүүрийн гадна сүүлд нэрийг нь мэддэг болоход А.П гэх залуу бид хоёр хоорондоо маргалдан зодолдсон надад тухайн үед гэмтэл учраагүй надтай зодолдсон А.Пын хамар нүд орчим нь бага зэрэг хавдсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтийн хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /х.х-27/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнхбулаг” нэртэй дэлгүүрийн гадна үл таних А.Паас тамхи нэхэж улмаар маргалдан нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, цээж, хөл рүү өшиглөх зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч А.Пын “тухайн залуу миний нүүрэн тус газар 2-3 удаа, хөл рүү өшиглөсөн. Цээж рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /х.х-7-8/, гэрч Б.Чийн “тухайн залуу манай нөхрийн нүүрэн тус газар олон удаа цохих шиг болсон. Нөхрийн маань хамраас цус гоожсон. Манай нөхөр тухайн залуутай барьцалдаад газар өнхрөлдөөд байсан” гэх мэдүүлэг /х.х-12/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.04.01-ний өдрийн 5067 дугаартай дүгнэлт /х.х-18-19/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гудамж талбайд үл таних хүнээс тамхи асуух нэрийдлээр ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.П нь хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй” хэмээн мэдүүлж (х.х-7-8, 54) иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-33-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-30/ тогтоогдож байна. Шүүхээс тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ******* нь ялгүй болсон байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч А.П нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гонж овогт Пгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гонж овгийн Пгийн Тод 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******од шүүхээс оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч А.П нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******од мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ