Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/550

 

2022          05          04                                          2022/ШЦТ/550

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2203000000202 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “U”-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Хайлааст 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*********/ Баяд овогт Дийн Т нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8а байрны баруун замд “Honda Insight” загварын 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хороолол дотор явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Аыг /12 настай/ мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, /х.х-3/,

- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-4-11/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын “2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 40 минутын орчим би хүү Б.Аыг сургуульд нь хүргэж өгөөд гэртээ ирээд байж байтал жолоочийн эхнэр нь манай эхнэрийн дугаар руу залгаад ослын талаар хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа жолоочтой ярьж байгаад шууд гэмтлийн эмнэлэг дээр очтол хүүгийн нэг хөл нь хугарсан орон дээр хэвтүүлсэн байсан. Тэгээд эмч нар үзээд шууд хэвтүүлээд 3 хоногийн дараа хагалгаанд оруулсан ба түүнээс хойш 2 хоноод эмнэлгээс гарсан” гэх мэдүүлэг /х.х-15/,

- Гэрч Б.Хгийн “...Тэгээд бид нар буцаж эргээд урагшаагаа явж байхад баруун талаас нэг хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн. Нөхөр тэр хүүхдийг машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон. Нөхөр ******* машинаасаа буугаад уг хүүхэд дээр очоод өргөж босгоод машиндаа суулгаад аав ээж рүү нь яриад шууд гэмтлийн эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /х.х-29/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4665 дугаартай  “Б.А-н биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн алганы зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-33-34/,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /х.х-60-67/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8а байрны баруун замд “Honda Insight” загварын 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хороолол дотор явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Аыг /12 настай/ мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй ” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино” заалт, мөн дүрмийн 19.1 –ийн “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” заалтыг тус тус зөрчсөн болох нь мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 382 дугаартай магадлагаа /х.х-43-44/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-4-11/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас 12 настай Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мэдүүлэг, гэрч Б.Хгийн мэдүүлэг /х.х-29/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4665 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бт 342000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн Эрүүл мэндийн даатгалын санд зарцуулсан 195500 төгрөгийг төлж барагдуулсан нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй  хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж арилгасанд тооцох үндэслэлтэй ба ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээ хийлгэсэн тохиололд нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй байна.

            Шүүгдэгч ******* нь  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баяд овогт Дийн Тыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяд овогт Даийн Тд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 342000 төгрөг хүлээлгэн өгсөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангаас зарцуулсан 195500 төгрөгийг шилжүүлэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ