Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/617

 

2022          05           11                                    2022/ШЦТ/617

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.06-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 1  дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хороолол 00а байр 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Цагаан гэгээн овогт Бгийн Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хороолол 45а байрны 1358 тоотод 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Ц.Бийг “кофены мөнгөөр архи уулаа” гэж уурлан толгойн тус газар нь шилэн аягаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ц.Бийн “...Би архи ууж байгаад дүү болох Ганбаатартай цуг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын 48а-1358 тоотод ирэхэд манай эхнэр Т нэг найзтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг “архи уулаа” гэж уурлаад пиво ууж байсан шилэн аягаараа миний нүүрэн тус газар руу шидэхэд би тонгойгоод, ар дагзанд шилэн аягаар намайг цохисон. Миний толгойноос цус гарахаар нь би цусаа цэвэрлэсэн. Манай эхнэр ******* миний биед гэмтэл учруулсан. Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй болохоор төлбөрийн баримт байхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (х.х-6, 8),

- 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүний биөд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 4833 дугаартай “Ц.Бий биед дагзанд шарх, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (х.х-22-23),

- Гэрч Э.Уын “...Тэгээд ******* Ц.Биас мөнгөө авъя гэсэн чинь нөхөр Ц.Б мөнгөөр чинь архи уусан гэж хэлсэн чинь ******* цай ууж байсан аягаар нөхрийнхөө толгойг цохиж хагалсан” гэх мэдүүлэг (х.х-97),

- Яллагдагч *******гийн “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...оройн 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Ц.Б халамцуухан гэрт ирэхээр нь би өмнө кофе зарсан мөнгөө нэхсэн чинь “байхгүй архи аваад уусан” гэж хэлэхээр нь би уурандаа шилэн аягаар толгойн дагз хэсэгт нь 1 удаа цохиод толгойг нь хагалсан юм...Би нөхөр Ц.Баас уучлалт гуйсан, бид хоёр одоо эвлэрсэн байгаа” гэх мэдүүлэг (х.х-92) зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь нөхөр Ц.Бийг “кофены мөнгөөр архи уулаа” гэж уурлан толгойн тус газар нь шилэн аягаар цохиж бие махбодид нь дагзанд шарх, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хохирогч Ц.Бийн мэдүүлэг /х.х-6, 8/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4833 дугаартай дүгнэлт /хх-22-23/, гэрч Э.Уын мэдүүлэг /х.х-97/, яллагдагч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч Ц.Б нар нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлээ батлуулсан, албан ёсны гэр бүлийн баталгаатай,  дундаасаа 8 настай хүүхэдтэй хууль ёсны эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-70/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-63/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ц.Б нь эхнэр Э.Тг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан болох нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. /хх-42-45/ Тухайн тогтоолд зааснаар “хохирогч ******* нь шүүгдэгч Ц.Бийг “архи уулаа” гэж дургүйцэн сандал авч шидсэнээс болж тэдний хооронд хэрүүл маргаан үүссэн”,  мөн “Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой, харин хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна” гэх дүгнэлтүүдийг хийсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ц.Бтай “кофений мөнгөөр архи уулаа” гэж маргалдан Ц.Б руу аяга шидэж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “..гомдол саналгүй...” гэж мэдүүлж /х.х-117/ иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Ц.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******гээс шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй байна. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******гээс жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-98/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ц.Б нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цагаан гэгээн овогт Бгийн Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагаан гэгээн овогт Бгийн Тд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Б нь “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ