Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/566

 

         2022          05          05                                   2022/ШЦТ/566

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Хд холбогдох эрүүгийн 2208010080735 тоот хэргийг 2022.04.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “М” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Өнөр хороолол 0-000 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Хөтчин овогт Хгийн Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын замын урдаас таксинд найзын хамт сууж Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талд хүргүүлэхдээ таксины жолооч С.Этай Г.Г нь “таксины мөнгө илүү нэхлээ” гэж маргалдан түүнийг араас хоолойг нь боож, машинаас буух үед нь С.Эы нүүрэн тус газарт Х нь гараараа цохих зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын лавлагааны хуудас /х.х-03/,

- Хохирогч С.Эы “Би 2022 оны 2 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ажил тараад такси үйлчилгээнд хуваариа явж байгаад 2022 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед 10 дугаар хорооллын Хаан банкны урд явж байтал хоёр залуу гар өргөж зогсоогоод нэг залуу нь нөгөө залуугаа суулгаж өгөөд надад 2000 төгрөг өгөөд Цамбагарав дээр буулгачхаарай гэж хэлэхээр нь би “2000 төгрөгөөс илүү гарвал яах бэ” гэхэд найзыгаа суулгаж өгөх гэж байсан залуу “л...р минь би мэдэж байна, би хотын хүн шүү” гэж хэлээд урд суугаад “чи яв” гэж хэлэхээр нь би согтуу хүн учраас маргалдаагүй. Тэгээд Саппоро үйлчилгээний төв орчимд явж байгаад зам руу хашиж зогсоход 1 км гарсан. Гэтэл надаас -500 төгрөгөө авъя п...а минь” гэж хэлэхээр нь би “чамд доромжлуулж би мөнгө өгөх албатай юу” гэж хэлсэн. Тэгтэл ард сууж байсан залуу хойноос миний хоолойг боогоод урд сууж явсан залуу миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр хоёртой маргалдаж байгаад машинаасаа буусан тэр үед ард сууж явсан залуу миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед би машинтайгаа хөдлөөд явах гэсэн боловч хаалга онгойлгочхоод явуулахгүй байхаар нь би замаар явж байсан машин зогсоогоод “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэр үед тэр хоёр залуу намайг “найзыгаа дуудсан юм уу, би чамайг ална” гэж урд суусан залуу хэлсэн. Тэгээд тухайн үед зогссон машинтай залуу цагдаа дуудах гэтэл дуудлага орохгүй байна гэж хэлэхэд тэр хоёр залуу зам дээр зогссон машин руу явах хооронд би машиндаа суугаад дотроосоо цоожлоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тухайн үед миний биед учирсан доод уруулын язарсан шарх гэмтлийн миний арын суудал дээр сууж явсан нэлээд махлаг залуу намайг замын хашлага хэсэг рүү шахаж гараараа нэг удаа миний нүүр хэсэг рүү цохих үед миний уруулаас цус гарсан. Харин миний хажуу талын суудал дээр сууж явсан залуу миний толгой хэсэг рүү болон хацар хэсэг рүү цохисон. Тэр үед миний уруул язраагүй байсан” гэх мэдүүлэг /х.х-22-24,27-28/,

- Хохирогч Г.Гийн “...таксины мөнгөнөөс болж би жолоочтой маргалдсан. Тэгээд миний энгэрээс бариад баруун гарын эрхий хурууг мушгисан. Тэгээд би хуруу хугчлихлаа гэж хэлэхэд манай найз салгаса. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-34/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 3588 дугаартай “С.Эы биед хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /х.х-45-46/,

- Шинжээч эмч С.Сийн “Тухайн хүний биед учирсан доод уруулын салстад няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүзүүнд цус хуралт, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Доод уруулын няцарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /х.х-51-52/,

- Хохирогчоор хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-05-09/,

- Сонгинохайрхан дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонг Хонг зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт болох 1 ширхэг сиди /х.х-12-17/,

- Яллагдагч Х.Хы “Манай найз Гтэй таксины мөнгөнөөс болж маргалдахаар нь би салгаад жолоочтой маргалдсан.  Тэгээд гараа атгаж байгаад нэг удаа хацар хэсэг рүү нь цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-82-83/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Х.Хы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэргээс үзэхэд “хохирогч С.Э нь түүнтэй анх маргаан үүсгэсэн Г.Гийн биед учруулсан хөнгөн хохирол нь хохирогч С.Э өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалтын шинжтэй” хэмээн дүгнэж Прокурорын 2022.04.27-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Г.Гийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон байх бөгөөд Г.Гэд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар холбогдох материалыг Сонгинохайрхан дүүрэг дэх ЦГ-ын 3 дугаар хэлтэс рүү хүргүүлсэн болох нь прокурорын тогтоол, албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-154, 188-189/

Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын замын урдаас таксинд найз Г.Гийн хамт сууж Сонгинохайрхан дүүргийн 12 дүгээр хорооны нутаг С.Эы нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний бие махбодид “хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч С.Эы мэдүүлэг /х.х-22-24, 27-28/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3588 дугаартай дүгнэлт /х.х-45-46/, Х.Хы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Э нь “450000 төгрөг дансаар хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж /х.х-186/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч С.Э нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Х.Хаас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Х.Х нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Х.Хаас жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч Х.Х нь урьд 1 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг бүрэн эдэлж дууссан болох нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /х.х-181/, эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-87/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-182-185/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Хы урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч Х.Хы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, хохирогчийн гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх нөхцөл байдал болон Х.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч С.Э нь хавтаст хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хөтчин овогт Хгийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөтчин овогт Хгийн Хд 1350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Хд шүүхээс оногдуулсан 1350000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.Х нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч С.Э нь 450000 төгрөг дансаар шилжүүлэн авсан талаараа мэдэгдсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Х.Хд мэдэгдсүгэй.

8. Хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг Х.Хд холбогдох эрүүгийн 2208010000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ