| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0612/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/610 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/610
2022 05 11 2022/ШЦТ/610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч У.Анхжаргал,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н,
өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж *******т холбогдох эрүүгийн 2208001110000 тоот хэргийг 2022.04.12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа махны бизнес хийдэг гэх, ам бүл-7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржгон овогт Нын Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүй долоон худаг” гэх газарт оршин суух иргэн Б.Мийн гэрт иргэн Р.Өтой маргалдан улмаар түүнтэй харилцан зодолдож Р.Өийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Р.Өийн “...Би босож очоод *******ын хацар руу 1 удаа алгадахад шууд зөрүүлээд нүүр рүү цохиод түлхээд орон дээр дарж унасан...унасан байхдаа би салах гээд доороос толгой руу нь 2-3 удаа тохойлдоод дээр нь гарах үед Мийн эхнэр Э уурлаад гэрээс гар гээд хөөгөөд салгасан. Тэгээд босож ирэх үед миний хамраас цус гараад хавдаад далийсан байсан ба *******ын хамар бас хавдсан байсан” гэх мэдүүлэг /х.х-15/,
- Гэрч Б.Мийн “...Манай гэрт Р.Ө ..пиво авч ирэхээр нь бид хоёр хувааж уусан...ууж дуусаад Р.Ө гэр рүүгээ явах гэж байхад гаднаас зүс мэдэх Жаагий, *******, Намсрай, Баагий 4 орж ирсэн.. тэгээд Жаагий надаас сүүний мөнгө авах гэж ирлээ гээд ярилцаад байж байхад гэнэт Р.Ө, ******* хоёр хоорондоо маргалдаад ******* нь Р.Өийн нүүр рүү 2 удаа гараараа цохиод түлхээд орон дээр давхарлаж унаад ноцолдсон. Тэгээд эхнэр уурлаад гэрээс хөөж гаргасан. Зодоонд өөр хүн оролцоогүй, зодооны дараа Р.Өийн хамар хугараад далийсан байх үед би тэгшилж өгсөн босож ирэхдээ *******ын хамраас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /х.х-25-26/,
- Гэрч Б.Эгийн “...Тэгээд Р.Ө нь *******ын хацар руу алгадахад ******* нь зөрүүлээд Р.Өийн нүүр рүү 2 удаа цохиод зууралдаад орон дээр унасан. Тухайн үед би очоод загнасан ба М салгасан. Зодоон болсны дараа Р.Ө, *******т пиво аягалж өгөхөд ууж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /х.х-28-29/,
- Насанд хүрээгүй гэрч М.Бийн “Өнөрөө ах *******ын хацар руу 2-3 удаа алгадсан чинь ******* баруун гараараа цохиод орон дээр унагаагаад дээр нь гараад гараараа цохисон. Тухайн үед Өнөрөө ах дээр нь гарч ирээд гараараа цохиод хөлөөрөө өшиглөх үед Төрөө ах эхнэрийн хамт гэрээсээ хөөсөн. Тэгээд ******* бид хоёр Өнөрөөгөөс уучлал гуйгаад гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /х.х-31-32/,
- Насанд хүрээгүй гэрч О.Сын “Эхлээд Өнөрөө *******ыг 2-3 удаа нүүр рүү нь алгадахад ******* уурлаад хариу нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд давхралдаж унахад нь салгасан өөр зодоон болоогүй. Өнөрөө босож ирэхдээ *******ыг үсдээд нүүрэнд нь 2-3 удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг /х.х-34-35/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 612 дугаартай “Р.Өийн биед хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-43-44/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.12.22-ны өдрийн 541 дугаартай “*******ын биед хамар ясны далд хугарал, дух, хамар, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-36-38/,
- Яллагдагч *******ын “Р.Ө босож ирээд намайг 3 удаа алгадахаар нь би зөрүүлээд цохиод зууралдаад орон дээр унасан. Р.Ө намайг цохихоор нь би хариу эргүүлж цохисон. Өөр хүн зодоонд оролцоогүй. Би хамгаалж хариу цохисон” гэх мэдүүлэг /х.х-58/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүй долоон худаг” гэх газарт оршин суух иргэн Б.Мийн гэрт иргэн Р.Өтой маргалдан улмаар түүнтэй харилцан зодолдсоны улмаас харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Р.Өийн мэдүүлэг /х.х-15/, гэрч Б.Мийн мэдүүлэг /х.х-25-26/, гэрч Б.Эгийн мэдүүлэг /х.х-28-29/, насанд хүрээгүй гэрч М.Бийн мэдүүлэг /х.х-31-32/, насанд хүрээгүй гэрч О.Содножамцын мэдүүлэг /х.х-34-35/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.12.22-ны өдрийн 612 дугаартай дүгнэлт /х.х-43-44/, 2021.12.22-ны өдрийн 541 дугаартай зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэн Р.Өийн хууль бус санаатай үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч Р.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-108, 112-113/
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээний дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, *******т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Р.Ө нь согтууруулах ундааны зүйл уусан байсан ба тухайн үед М.Б гэх дүү рүү муухай аашлаад байхаар нь би “хэдүүлээ явъя” гэж хэлэхэд гэнэт босож ирээд намайг 2-3 удаа алгадахаар нь хариу биеэ хамгаалах гээд цохисон” гэж мэдүүлсэн нь хэрэгт хавсаргагдан ирсэн гэрч Б.Мийн “*******, Р.Ө нар хоорондоо маргалдаад ******* нь Р.Өийн нүүр рүү 2 удаа гараараа цохиж зууралдаад орон дээр давхарлаж унаад ноцолдсон” гэх мэдүүлэг /х.х-25-26/, гэрч Б.Эгийн “Р.Ө нь *******ын хацар руу алгадахад ******* нь зөрүүлээд Р.Өийн нүүр рүү 2 удаа цохиод зууралдаад орон дээр унасан” гэх мэдүүлэг /х.х-28-29/, насанд хүрээгүй гэрч М.Бийн “Өнөрөө ах *******ын хацар руу 2-3 удаа алгадсан чинь ******* баруун гараараа цохиод орон дээр унагаагаад дээр нь гараад гараараа цохисон” гэх мэдүүлгээр /х.х-31-32/ тус тус үгүйсгэгдэж байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* луу түрүүлж довтолсон Р.Өийн хууль бус довтолгоон төгссөн хойно буюу түүний хууль бус үйлдэлд дургүйцэн буцаж зодолдсон үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч ******* нь Р.Өийн хууль бус үйлдэлд дургүйцэн зодолдож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь шууд санаатай үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Р.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа болно.
Хохирогч Р.Өийн хууль ёсны төлөөлөгч Ж.Р иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-68/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргаж, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх тайлбар гаргаж дүгнэлт танилцуулах ажиллагаанд оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон ******* гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 29 хоногтой байсан ба түүний хувийн байдал, холбогдсон хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраас явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж биечлэн 1 сар 15 хоногийн хугацаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад өөрийн оршин суух газар болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 44-19 тоотоос явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржгон овогт Нын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржгон овогт Нын Эт 3 /гурван/ сарын хугацаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух Баянгол дүүргийн 2 дугаар хороо 44-19 тоотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржгон овогт Нын Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж биечлэн 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад өөрийн оршин суух газар болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 44-19 тоотоос явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Р.Ө нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ