Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0074

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0074

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д ХХК /РД:**********/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн */*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д ХХК нь 2016 оны 7 сарын 07-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/220 тоот тушаалаар Нийслэлийн Хан-Уулын дархан цаазат газрын *************"-нд Д ХХК-д 5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон боловч уг эр.чийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот хууль бус тушаалаар хүчингүй болгосон. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бидэнд мэдэгдээгүй бөгөөд бид газрын эрхээ цуцлуулсан асуудлыг 2019 онд мэдэж тухайн үед Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг асуудалд захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 12-р сарын 19-ний өдөр болсон бөгөөд 128/ШШ2019/0923 тоот шийдвэрээр Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, ногоон хөгжил. аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн А/11 тоот тушаалын Д ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл БОАЖ-ын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/11 тоот тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа Д ХХК-д газар ашиглах эрх олгох эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин. аялал жуулчлалын сайдаас Д ХХК-д газар ашиглуулах эрхийг шийдвэрлэсэн шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/11 дүгээр тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн шийдвэрийг гаргасан.

Дээрх шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрхуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрт заасан хоёр сарын хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүх хуралдааны төгсгөлд шүүгч хэлэхдээ шүүхийн шийдвэрт заасан хоёр сарын хугацаа өнгөрөхөд хариуцагчаас ямар нэгэн шийдвэр гараагүй бол Д ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 тоот шийдвэр хүчингүй болж Д ХХК-ийн газар ашиглах эрх сэргэнэ. Үүн дээр дахиж шүүхийн ямарваа бичиг тухайн үед нь гарахгүй гэсэн тул бид Д ХХК-ийн газар ашиглах эрх 2020 оны 4 дүгээр сарын 06-нд сэргэсэн гэж ойлгосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 6 дугаар сарын 24-нд Д ХХК руу утсаар ярьж яаман дээр ирж уулзах шаардлагатай гэсний дагуу 2020 оны 6 дугаар сарын 25-нд очиж уулзахад Д ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гарсан галаар бидэнд мэдэгдэж, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн огноотой 06/4301 тоот албан бичиг болон 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн */*** тоот тушаалын хуулбарыг гардуулан өгснийг бид 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан байдаг. Анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0923 тоот шийдвэр 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын манай газар ашиглах эрхийг судалж шийдвэрлэх хугацаа дууссанаас өчнөөн хоногийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 6 сард манай асуудлаар тушаал гаргаж огноог 2020 оны 02 дугаар сарын 20 гэж худлаа бичсэн гэж бид үзэж байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дугаар */*** байгаа нь 2020 он гарснаас хойш 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 50 хүрэхгүй хоногийн хугацаанд 111 тушаал гарсан байх боломжгүйн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхийн шийдвэрээр олгосон 60 хоногийн хугацааг хэтрүүлэн, огноог урагшлуулан нөхөж бичсэнээр шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, Д ХХК-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн бүдүүлэг үйлдэл хэмээн бид үзэж байна. Үүнээс гадна нэгэнт 2020 оны 02 дугаар сарын 20-нд Байгаль орчин, аялал сайд Д ХХК-ийн газар ашиглах эрхийг хөндсөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг тоочоогүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд 43.1-д заасан мэдэгдэх үүргээ акт гарсан гэх огнооноос хойш бүтэн 4 сарын дараа хэрэгжүүлсэн зэрэг нь уг захиргааны актыг шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хоцроож гаргасан гэж үзэх гол үндэслэл болж байгаа юм.

Иймд хууль тогтоомжоос гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүдүүлгээр зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгож, Д ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/**8 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсэд өөрчлөлт оруулан *************ны хязгаарлалтын бүсийг багасгаж, хамгаалалтын бүсийг тэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, ойн сан бүхий газар, усан сан бүхий газартай давхцалтай, дархан цаазат газрын горим дэглэм зөрчигдөж байгаа тул газар ашиглах эрхийг цуцалж, тухай газрыг хамгаалж хамгаалалтын бүс рүү шилжүүлсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу хамгаалалтын бүсэд хуулийн 10 дугаар зүйлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг хориглосон.

Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон бусад холбогдох заалтуудыг удирдлага болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний А/11 дүгээр тушаалаар Д" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай */*** дүгээр тушаал гарахтай холбогдуулж 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д ХХК-ийн захирал Ч.Аын *********** дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд тайлбар, саналаа ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн */*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалаараа өмнө өөрийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаа хүчингүй болгожээ.

Хариуцагчаас уг тушаалыг гаргахдаа ...Д ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын *************анд олгосон 5.0 га газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/**8 дугаар тушаалаар тогтоосон Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон, дархан цаазат газрын дэглэм зөрчсөн... гэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1, 5, 11 дүгээр хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... заасныг үндэслэжээ.

Уг шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ...*/*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0923 дугаар шийдвэрт заасан 60 хоногийн хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор багтаж гаргаагүй. Огноог урагшлуулан худлаа бичиж, тушаалыг нөхөж гаргасан. Акт гаргасан талаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 43 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хүчингүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичиг хэрэг, архивын баримтад, ...огноог урагшлуулан бичиж, тушаалыг нөхөж гаргасан... эсэхийг нягтлахаар үзлэг хийсэн.[1]

Уг үзлэгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А тушаал 2 дугаар боть дэвтрийн 24 дүгээр хуудсанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн */*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал дарааллын дагуу авагдсан байсан бол сайдын 2020 оны А/94-А/260 дугаар тушаалын төслийн баримтад маргаан бүхий актын төслийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн огноотой байсан болно[2].

Энэхүү эргэлзээ төрүүлсэн асуудлыг тодруулахад актыг боловсруулсан албан тушаалтан ажлаас гарсан, энэ талаар эрх бүхий албан тушаалтнууд тодорхой тайлбар өгсөнгүй.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Д ХХК-д хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан, захиргааны актыг мэдэгдсэн талаар тэмдэглэлийг ирүүлсэн[3].

Уг тэмдэглэлтэй заасан ажиллагаа хийгдсэн эсэх талаар холбогдох үүрэн утас хэрэглэгчийн дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа[4] болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 43 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Гэвч хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/**8 дугаар Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаалаар[5] Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсэд өөрчлөлт оруулан *************ны хязгаарлалтын бүсийг багасгаж, хамгаалалтын бүсийг тэлсэн байна.

Уг тушаалын хавсралтаар дотоод бүсийн солбицол, эргэлтийн цэг, хэмжээг нарийвчлан тогтоосон ба уг зураглал[6] болон хариуцагчаас ирүүлсэн зурган мэдээллээс[7] үзвэл нэхэмжлэгч Д ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын *************анд олгосон 5.0 га газар нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтсан болох нь тогтоогдлоо.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Д ХХК нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтсан Богдхан уулын дархан цаазат газрын *************анд байрлах 5.0 га газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглах, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болжээ.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ" зааснаас бусад үйл ажиллагааг энэхүү хамгаалалтын бүсэд явуулахыг хориглоно гэж ойлгохоор байна.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах; гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгохоор байна.

Нөгөөтээгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус заасан.

Гэтэл маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/**8 дугаар тушаалаар дотоод бүсийг шинэчлэн баталсны улмаас Богд хан уулын хамгаалалтын бүсэд хамаарагдах болсон тул тус газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах боломжгүй болсон байна.

Энэхүү үйл баримттай холбогдуулан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр өөрийн дархан цаазат газрын дэглэм зөрчин, аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх зөрүүтэй үйл баримтыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгч Д ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн */*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн */*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 


[1] Хавтас хэргийн 108 хуудас

[2] Хавтас хэргийн 110 хуудас

[3] Хавтас хэргийн 74 хуудас

[4] Нууцын баримт

[5] Хавтас хэргийн 41-42 хуудас

[6] Хавтас хэргийн 43-73 хуудас

[7] Хавтас хэргийн 39, 102 хуудас