Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/0421

 

2014 оны 10 сарын 30 өдөр                    Дугаар 421                                Улаанбаатар хот

Д.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаар шийдвэртэй, Д.Б-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.3, 27.6.4 дэх заалтуудыг үндэслэн гаргасан байна. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байна”, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагч нь сахилгын шийтгэл хүлээлгэх эрхтэй” гэж хуульчилсан атал Т.Б нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч төдийгүй Татварын улсын ерөнхий байцаагчийн эрх олгогдоогүй тул түүний гаргасан энэхүү тушаал нь эрх зүйн чадамжгүй болно.

Мөн тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин биелүүлэхийг шаардсан шийдвэр нь илт хууль бус байсныг дараах байдлаар нотолж байна.

Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтад хамрагдах хураагч нарын нэрсийг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр тушаалын хавсралтаар Татварын ерөнхий газраас ирүүлсэн бөгөөд уг нэрсийн жагсаалт дотор Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хураагч Б.А-г сургалтад хамруулсан байсан. Гэтэл хураагч Б.А нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан тул 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байх тул түүнийг татварын улсын байцаагчийн сургалтад хамруулах боломжгүй, харин түүний оронд 2006 онд татварын албанд ажилд орсон, ажил үүргээ хангалттай сайн биелүүлдэг хураагч Б.О-ийг сургалтад хамруулах санал тавьсан.

Гэтэл сахилгын арга хэмжээ авагдсан хүнд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэж буй хууль бус шийдвэрийг нь биелүүлээгүйн улмаас Т.Б надад үндэслэлгүйгээр дээрх арга хэмжээ авсан болно.

Миний бие Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-д Б/102 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул дахин хянаж хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч тэрээр 2 дугаар сарын 27-ны өдрийн 1/487 тоот албан бичгээр хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тайлбартаа “.. Д.Б-ын саналыг үндэслэж Татварын ерөнхий газрын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг зөрчиж дүүргийн татварын хэлтсийн дарга нь хууль зөрчиж тушаал баталсан” гэжээ. Гэтэл хураагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш, дүүргийн татварын хэлтсийн дарга Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг тул Б.А-гийн гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн хэмээн арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.О-ыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст шилжүүлэхээр 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 71 тоот тушаал гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын 2009 оны Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах журмын 3.2 дахь хэсэгт “...Татварын албадын даргын саналыг харгалзан татварын албад хооронд ... шилжүүлэн ажиллуулна гэсэн заалтад нийцээгүй тул холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг Татварын ерөнхий газарт явуулж байсан. Гэвч уг хүнийг авч ажиллуул гэж удаа дараа амаар үүрэг өгсөн тул Г.О одоо Хан-Уул дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаа.

Мөн тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт заасанчлан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг биелүүлээгүй” гэж оруулсан байх бөгөөд миний бие төрийн албанд 37 жил, үүнээс Татварын албанд 15 дахь жилдээ ажиллах хугацаанд сүүлийн 12 жилд ахлах менежер хийж, улсын төсвийн орлого бүрдүүлэх, мэргэшсэн төрийн албан хаагч байх, төрийн ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавьж, захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллаж ирсэн бөгөөд албан үүргээ биелүүлэх болон ёс зүй, зан харилцааны тал дээр ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласаар ирсэн билээ.

Мөн ... дүүргийн татварын хэлтсийн даргыг Нийслэлийн татварын газрын даргын тушаалаар томилдог атал уг зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг өөрөө илт зөрчин, төрийн захиргааны байгууллагын шатлан захирах, захирагдах зарчмыг гажуудуулан хууль бусаар хувийн ашиг сонирхлыг хангах үүднээс арга хэмжээ авсан гэж үзэж байна.

Миний бие албан тушаалын цалинг 5 сарын хугацаатай 20 хувиар бууруулах хууль бус арга хэмжээ авхуулснаар эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй, ажлын нэр хүндэд ихээхэн хохиролтой байна. Иймд, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-гийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/102 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хуул зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:"... Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/102 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа “Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан нөхцөлийг хангаагүй, түр орлон гүйцэтгэгч төдийгүй, улсын байцаагчийн эрхгүй, эрх зүйн чадамжгүй” гэж үзсэн байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилдог бөгөөд агентлагийн даргыг томилсон Засгийн газрын 2012 оны 184 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж, татварын албан үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллаж байгаа нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг хууль тогтоомж зөрчсөн, эрх зүйн чадамжгүй гэж үзэх боломжгүй юм. Д.Б нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-ийг зөрчсөн гэх нь үндэслэлгүй харин Татварын ерөнхий газрын даргын биелүүлэхийг шаардсан шийдвэр илт хууль бус байсан гэсний тухайд,

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан хураагч ажиллуулах журмыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний 51 дүгээр тушаалын хавсралтад төрийн албаны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн хураагч нарыг татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтад хамруулахаар баталсан байна. Уг сургалтын журмын дагуу 14 хоногийн хугацаатай онлайнаар зохион байгуулж, 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий газрын байранд “онлайн шалгалт’’ зохион байгуулахад батлагдсан тушаалын хавсралтад нэр ороогүй, сургалтад хамрагдаагүй хураагч Б.О гэдэг албан хаагч ирж шалгалт өгсөн тухай Сургалтын төвөөс мэдэгдсэн.

Гэтэл Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нь тушаалын хавсралтад нэр нь батлагдсан хураагч Б.А-гийн оронд хураагч Б.О-ийг шалгалтад оруулсан байдаг. Энэ нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нь тушаалын хавсралтад нэр нь батлагдсан хураагч Б.А-гийн оронд хураагч Б.О-ийг шалгалтад оруулсан байдаг. Энэ нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасгийн дарга, татварын улсын байцаагч Д.А, хураагч Б.А, Б.О нарын бичгээр өгсөн тайлбараар нотлогдсон. Хураагч Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэдэг боловч түүнийг албан ёсоор шалгалтад хамруулах, эс хамруулах асуудлаа Татварын ерөнхий газрын удирдлагад танилцуулж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлэх боломжтой байхад эрх мэдлээ хэтрүүлэн дээд шатны байгууллагын даргын баталсан тушаалыг биелүүлэхгүй хавсралтад батлагдсан албан хаагчийг дураараа өөрчилж, ёс зүйн зөрчил гаргасан.

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Г.О-ыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст шилжүүлэн томилсон тушаалыг үл биелүүлж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хангахгүй албан хаагчийн эрхийг зөрчиж, дээд шатны байгууллагын даргын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2/141 дүгээр албан бичиг, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Г.О-аас Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргад хандаж бичсэн өргөдөл зэргээс нотлогдож байна. Татварын ерөнхий газрын 2009 оны 85 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, чөлөөлөх тухай журмын 3.2 дахь хэсэгт “Татварын албадын даргын саналыг харгалзан татварын албад хооронд ... шилжүүлэн ажиллуулан” гэж заасан ба энэхүү заалт нь татварын албаны боловсон хүчний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах зорилгыг агуулж байгаа болно.

Гэтэл Д.Б нь удирдлагын гаргасан шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг зөрсөн юм.

Улмаар Татварын ерөнхий газрын 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот тушаалыг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгоогүй, тухайн шийдвэрийг илт хууль бус гэж тогтоосон ямар нэгэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад шийдвэрийг илт хууль бус гэж дүгнэж биелүүлэхгүй байгаа нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна” гэснийг алдагдуулсан үйлдэл гэж үзэхээр байна.

Мөн Д.Б нь “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд 2014 оны 2 дугаар сарын 25-нд гомдол гаргахдаа “Таны томилсон татварын улсын байцаагчийн ажилд авъя. Харин та надад ногдуулсан сахилгын шийтгэлээ хүчингүй болгож өг” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргаж байсан нь хувь хүнийхээ хувьд төрийн албаны ажил хэрэгт хэрхэн хандаж байгааг нотолж байна. Д.Б-ын гомдолд 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 1/487 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг Нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан бол мөн хуулийн 27.6.3 “татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх эрхийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хэрэгжүүлэхээр заасан байна.

Эндээс харахад Татварын ерөнхий газрын даргад аль ч шатны татварын албаны дарга, татварын улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхийг тусгайлан хуульчилсан байна. Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” илт хууль бус шийдвэр болжээ. Улмаар Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулсны дараа буюу Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2/207 дугаар албан бичгээр хураагч Б.А-гийн гаргасан зөрчлийн талаар танилцуулга, холбогдох нотлох баримт болон ажлаас халах санал зэргийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн байна.

Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б-ын удаа дараа гаргасан дээрх зөрчлүүд нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйг хангалттай нотлох үндэслэл бөгөөд холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/102 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.6.9, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.6.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б-ын “Татварын ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б миний бие Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29- ний өдрийн 376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлэн, хууль буруу хэрэглэн шийдвэрээ гаргасан байна. Үүнд:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаар шийдвэрийн Үндэслэл хэсгийн 2 дахь догол мөрд “Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд уг журмыг баримтлахаар баримтлахаар зааж, журмын 4.4-т “албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэжээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь “татварын улсын ерөнхий байцааг байна” гэж зааснаас үзэхэд энэ нь албан тушаалын “эрх хэмжээ” байх тул Т.Б-г татварын улсын ерөнхий байцаагч гэж дүгнэх боломжгүй юм” гэжээ.

Гэтэл шүүх ийнхүү Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-г татварын улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй гэж үзэхдээ түүний гаргасан шийдвэр нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан эсэхийг ер шалгаагүй байна.Төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа зохих хууль тогтоомжийн дагуу журамлагдсан байх ёстой. Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь доод албан тушаалтандаа сахилгын шийтгэл ногдуулахын тулд зохих журмыг баримтлах ёстой. Тэрхүү журам нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” юм.

Тус журмын 3-т “сахилгын шийтгэлийг тухайн харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр оногдуулна”, 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулан, зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй”.

Мөн Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэжээ.

Хэдий татварын улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хэрэгжүүлэхээр байгаа боловч тэрээр дээрх журамд заасны дагуу харьяалсан нэгжийн удирдлагын буюу Нийслэлийн татварын газрын дарга /дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Б-ыг ажилд томилсон/ -н саналыг үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоолгүй, сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон баримт материалыг Д.Б надад урьдчилан танилцуулалгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүгээрээ баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг надад олгоогүй.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь Д.Б надад сахилгын шийтгэл ногдуулсан Б/102 дугаар тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,1.4,13.1.5, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4, 5.5.1 дэх заалтуудыг үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.5-д “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-т захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 5.5.1-д “албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэж заасан байна.

Д.Б миний бие удирдлагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй зүйл байхгүй, уг шийдвэр нь хууль бус, зохих шийдвэр гаргах ажиллагааныхаа дагуу гаргаагүй байсан. Миний хувьд ёс зүйн зөрчил гаргасан удаа байхгүй.Татварын байцаагчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэдэг тусдаа байгууллага нь Татварын Ерөнхий газрын даргын2009 оны 76 дугаар тушаалаар батлагдсан“Монгол Улсын Татварын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.1-т “Татварын ажилтны ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, шийдвэр гаргах эрх үүрэг бүхий Ёс зүйн хороо Татварын ерөнхий газарт ажиллана” гэж зааснаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хороо юм. Гэтэл дээр дурдсанаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох ёстой байтал Ёс зүйн хорооны ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад зөрчлийг шалган тогтоолгүйгээр надад сахилгын шийтгэл ногдуулсан билээ.

Үүнээс үзэхэд Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт өгөлгүй орхигдуулж, хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлэлгүй дээрх хэрэглэх ёстой дүрэм журмыг ер хэрэглэлгүй шийдвэрээ гаргасан байна.

... Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан болох “Татварын улсын байцаагч Г.О-ын Хан-Уул дүүрэгт шилжүүлэн томилсон тушаалыг үл биелүүлсэн” гэх захиргааны актын үндэслэлд хууль зүйн бодитой дүгнэлт өгч чадаагүй нь дараах байдлаар нотлогдоно.

Г.О-ыг Хан-Уул дүүрэгт шилжүүлэн томилсон Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот тушаал нь хууль бус болох нь:

Дээрх тушаалыг гаргахдаа Т.Б нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй буюу холбогдох албан тушаалтны саналыг харгалзаагүй.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот тушаалыг гаргахдаа Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, чөлөөлөх тухай журам”-ын 3.2,а-д заасныг үндэслэн гаргасан байдаг.

Уг журмын 3.2-т “Татварын ерөнхий газрын даргын тушаалаар үндэсний татварын албаны удирдлага, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн албал тушаалд ажиллаж байгаа ажилтныг Татварын албадын саналыг харгалзан татварын албад хооронд дараах үндэслэлээр шилжүүлэн ажиллуулна.

3.2.а-д “ажлын зайлшгүй шаардлагаар” гэснээс үзэхэд Татварын ерөнхий газрын дарга маань өөрөө уг заалтыг үндэслэн тушаалаа гаргасан мөртөө Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Б надаас санал авалгүйгээр тушаалаа гаргасан байна. Уг асуудлынх нь талаар Д.Б миний бие холбогдох журмынхаа дагуу шийднэ үү гэж 2014 оны 2 дугаар сарны 11-нд албан бичгийг явуулсан билээ. Гэтэл зохих журмынх нь дагуу уг асуудлыг шийдвэрлэлгүй өөрийн байр сууриа тулгасан. Одоо Г.О Хан-Уул дүүрэгт татварын байцаагчаар ажиллаж байна.

Г.О-ыг Хан-Уул дүүрэгт шилжүүлэн томилсон Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тушаал нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн тухай.

Дүүргийн татварын хэлтсийн дарга нь Төсвийн шууд захирагч байдаг. ...Гэтэл төсвийн шууд захирагч би төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас орон тоо, цалингийн сангийн асуудлыг шийдэж өгөөгүй байж Г.О-ыг ажилд ав гэж байгаа нь төсвийн шууд захирагч миний эрх мэдлээс хэтэрсэн боломжгүй зүйлийг шаардаж байгаа хууль зөрчсөн явдал юм.

Иймд Г.О-ыг ажилд шилжүүлэн томилсон тушаал нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн хууль бус тушаал байсан учир Д.Б миний бие Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх гэж заасан төрийн албан хаагчийн үүргээ биелүүлсэн билээ.

Г.О-ыг Хан-Уул дүүрэгт шилжүүлэн томилох үндэслэл байгаагүй. Т.Б 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот тушаалыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-г үндэслэсэн байдаг. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 нь “"хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно” гэсэн хуулийн нэр томьёоны тайлбар байдаг. “Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, чөлөөлөх тухай журам”-ын 3.2.а-д “ажлын зайлшгүй шаардлагаар”, 3.2.ё-д “төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасан” гэсэн үндэслэлээр ажилтныг шилжүүлэн ажиллуулна. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садны хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол” гэж заасан байдаг.

Гэтэл Г.О нь Сонгинохайрхан дүүрэгт эхнэртэйгээ захирах, захирагдах харилцаанд байхаар албан тушаалд байдаггүй хоёр оор салбарын байцаагч нар юм.

Өөрөөр хэлбэл, Т.Б нь Г.О-ыг шилжүүлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байхад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолт бүхий заалтыг үндэслэн шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь ямар ч ашиг сонирхлын зөрчил үүсээгүй байхад Г.О-ыг шилжүүлсэн тушаал гаргасан нь хууль бус юм.

Иймд Г.О-ыг Хан-Уул дүүрэгт шилжүүлэн томилсон Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны актын үндэслэлд хууль зүйн бодитой дүгнэлт өгч чадалгүй нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан байна.

Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтад Б.А-гийн оронд Б.О-ийг шалгалтад оруулсан тухайд: Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтад хамрагдах хураагч нарын нэрсийг 2014 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 51 дүгээр тушаалын хавсралтаар Татварын ерөнхий газраас ирүүлсэн бөгөөд уг нэрсийн дотор Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хураагч Б.А-г /2008 онд ажилд орсон/ сургалтад хамруулсан байна. Гэтэл хураагч Б.А нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан /татвар төлөгч нартай удаа дараа зүй бусаар харьцсан, 500 төгрөгөөр зарах Иргэний орлого тодорхойлох цэнхэр дэвтрийг дур мэдэн 1000 төгрөгөөр зарж мөнгө завшсан зэрэг/ тул 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байсан тул түүнийг татварын улсын байцаагчийн сургалтад хамруулах боломжгүй. Харин түүний оронд 2006 онд татварын албанд ажилд орсон, ажил үүргээ хангалттай сайн биелүүлдэг хураагч Б.О-ийг сургалтад хамруулах санал тавьсан.

Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын даргын хувьд нэхэмжлэгчээс албан хаагчдын ажил эрхлэлт, алдаа дутагдал, сахилгын арга хэмжээ авагдсан байдал, ажилласан хугацаа, ажлын үр дүн, хувийн зан байдал гэх зэрэг олон нөхцөл байдлыг харгалзан үзэж, Б.А-г бус өөр хураагчийг уг сургалтад хамруулах санал тавьсан нь сахилгын шийтгэл хүлээлгэх хэмжээний зөрчил бус” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нийлж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хариуцагчийн үйлдлийг зөвтгөх болохоороо Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, чөлөөлөх тухай журам”-ыг хэрэглэх нь зөв, харин нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах болохоороо уг журмыг хэрэглэгдэхгүй /Өөрөөр хэлбэл, “шилжүүлэн томилох” хуулиар олгогдсон Татварын ерөнхий газрын даргын бүрэн эрх энэхүү журмаар хязгаарлагдахгүй/ зэргээр татварын албадын даргын саналыг харгалзах шаардлагагүй хэмээн дүгнэж буй нь ойлгомжгүй байна.

“Үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, чөлөөлөх тухай журам”, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” болон нэхэмжлэгч миний дээр дурдсан бүх журмууд нь хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүй болгоогүй одоог хүртэл захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдөж дагаж байгаа журмууд юм.

Уг нь хэм хэмжээний эрэмбээрээ бол уг хэм хэмжээний акт болох журмууд нь албан тушаалтны тушаалаас дээгүүр эрэмбэтэй байж албан тушаалтан уг журамд нийцүүлж, уг журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж тушаалаа гаргах ёстой билээ. Гэтэл татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь дээрх хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газраас баталсан журмуудыг зөрчиж тушаал гаргаснаараа өөрөө Төрийн албаны тухай хуулийн 13.1.4-т заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1-т заасан “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах” гэж заасныг өөрөө зөрчиж хууль бус тушаал гаргасан байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлэн, хуулийг буруу хэрэглэн шийдвэрээ гаргасан байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/102 дугаар тушаал гаргаж, Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах зарчмыг баримтлаагүй, дээд шатны удирдлагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг биелүүлээгүй ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, түүнд 5 сарын хугацаатай 20 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс “сахилгын шийтгэл ногдуулахдаа шийдвэр гаргах журмыг баримтлаагүй, зөрчлийг шалган тогтоолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, хуульд нийцээгүй тушаалыг үл биелүүлсний төлөө сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэж маргаж байна.

  1. Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр тушаалаар татварын улсын байцаагчийн эрх олгосон сургалтад хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг баталсан байх бөгөөд тушаалд нэр нь орсон хураагч Б.А-гийн оронд хураагч Б.О-ийг уг сургалтад оролцуулсан нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргын шийдвэрийг үл хэрэгсэн нэр заан хүргүүлсэн хураагчийг дур мэдэн өөрчилсөн гэсэн нэхэмжлэгчийн үйлдлийг ёс зүйн зөрчилд тооцож сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч Д.Б дүүргийн татварын хэлтсийн даргын хувьд өөрийн удирдлага дахь албан хаагчдын ажилласан хугацаа, ажил байдлыг харгалзан үзэж, сахилгын шийтгэл авагдаж байсан хураагч Б.А-ийн оронд хураагч Б.О-ийг явуулахаар санал тавьсан нь сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчил биш гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх ба нэхэмжлэгчээс энэ дүгнэлттэй санал нийлсэн талаар гомдолдоо дурдсан байна.

  1. Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О-ыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг баримтлан “нэг гэр бүлийн гишүүнтэйгээ нэг хэлтэст ажилладаг” гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст улсын байцаагчаар шилжүүлэн томилсон байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б үл биелүүлж, Г.О-ыг ажилд аваагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б байцаагчийг шилжүүлэн томилох тушаалыг биелүүлэхгүй байх үндэслэлээ “татварын албаны даргын саналыг аваагүй, хуульд нийцээгүй тушаал гаргасан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.9 дэх хэсэгт заасан үндэсний татварын ажилтнуудыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд, хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 71 дүгээр тушаалыг гаргасан, уг тушаалыг эс зөвшөөрч холбогдох этгээдээс гомдол гаргаж, хууль бус болохыг тогтоосон шийдвэр байхгүй байхад хуульд нийцээгүй тушаал гаргасан гэх үндэслэлээр удирдлагаас бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн тушаалыг биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа нэхэмжлэгчийн эс үйлдэхүй нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төрийн албанд захирах, захирагдах ёсны зарчмыг баримтална, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ, Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна гэсэн заалтуудтай нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй байна.

Хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргах болсон үндэслэл нь татварын улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн түүний тушаалыг хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар үл биелүүлсэн нэхэмжлэгчийн үйлдэл бөгөөд үүнийг хариуцагч төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй бөгөөд уг зөрчлийг шалган тогтоогоогүй, санал аваагүй, ёс зүйн хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргалгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй, учир нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргын тушаалыг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эс үйлдэхүй, үйлдлээр тогтоогдсон байхад дахин тогтоож, холбогдох этгээдээс санал авах шаардлагагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэстэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4 дэх заалтад албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа тухайн албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заасан тул хариуцагчийг албан тушаалын эрх хэмжээгүй гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Б-ын дээрх үйлдэлд хариуцагчаас Төрийн албаны тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                       ШҮҮГЧИД:                               Э.ЗОРИГТБААТАР

                                                                        Ц.ЦОГТ

                                                                        Д.БААТАРХҮҮ