Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 362

 

  Т.М, Э.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Э.Ө даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цгийн өмгөөлөгч М.Х,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Э,  

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Ч, Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Ч, Б.Б, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М, Э.Ө нарт холбогдох 1708000000230 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  Т.М, 1997 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ ХААИС-ийн мал эмнэлэг, био технологийн сургуулийн 3 дугаар дамжаанд суралцаж байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ................... оршин суух бүртгэлтэй,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ......................./;

2. Б овгийн  Э.Ө, 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт :::::::::::::::::::::::::::: тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

 

Э.Ө, Т.М нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б цээжин тус газарт нь цохиж, газарт унагаад өмдний халааснаас нь “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б толгойд “зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ө, Т.М нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.М, Э.Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар Т.Мг 15 жил хорих ялаар, Э.Өыг 16 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар Т.Мд оногдуулсан 3 жил 4 сар хорих ялаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Мд энэ тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Мгийн биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.М, Э.Ө нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Мгийн цагдан хоригдсон 402 хоногийг, Э.Өын цагдан хоригдсон 400 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,

Т.М, Э.Ө нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг дурдаж, хохирогч З.Цгээс нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Т.М, Э.Ө нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ө гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор яллаж байгаа хэргийнхээ товч агуулгад, “Э.Ө, Т.М нар нь бүлэглэн, Ц.Б цээжин тус газарт нь цохиж, газарт унагаад өмдний халааснаас нь “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б толгойд “зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан” гэжээ.

Т.Мгийн мэдүүлэгт “Э.Ө цээжинд нь цохиод газарт унагаасан” гэдэг. Э.Ө миний мэдүүлэгт “Т.Мг нүүрэн тус газарт нь цохисон” гэх мэтээр өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шинжээч эмч Ц.Ганболд нь “Нүүр, эсхүл цээжинд цохисны улмаас эдгээр үхлийн шалтгаант гэмтлүүд үүснэ” гэж дүгнэлт гаргаагүй байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Т.Мгийн мэдүүлэгт үндэслэж, амь хохирогчийн цээжин хэсэгт цохисноос тархинд үүссэн гэмтлийг учруулан алсан гэх мэтээр яллах дүгнэлтээ үйлдсэн байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан оношийг зөрүүтэй байдлаар бичиж, прокурор нь өөрөө дүгнэлт гаргаж, цээжинд цохисны улмаас үхэлд хүргэх битүү гэмтэл учруулан алсан гэдэг дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, Т.М бид хоёрын үйлдлийг ялгаж салгалгүйгээр, тухайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон байдлыг тодорхой тусгаагүй, ерөнхийлсөн байдлаар бичсэн нь учир дутагдалтай, эргэлзээтэй байна.

Прокурорын яллах дүгнэлт нь учир дутагдалтай, эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх Т.Мгийн мэдүүлэгт үндэслэж бичсэн прокурор Р.Очирсүрэнгийн өөрөө гаргасан “цээжин тус газарт нь цохиход үхэлд хүргэнэ” гэсэн яллах дүгнэлтийг барьж, хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд маш их гомдолтой байна.

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.Ганболдын шүүх хуралд оролцох үедээ тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийсэн. Шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийнхээ хүрээнд шүүхэд мэдүүлэхдээ “... Талийгаачид учирсан тархины гэмтлүүд нь цээж рүү цохих болон газарт унах хүчний үйлчлэлээр үүсэхгүй. ...” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мгийн “Э.Ө цээж рүү нь цохиод унагаасан” гэх мэдүүлэгт үндэслэж бичсэн прокурорын дүгнэлт болон шинжээчийн оношийг зөрүүтэй байдлаар бичиж үйлдсэн яллах дүгнэлтийг анхаарч үзэлгүйгээр хэт яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг гарсан өдөр Э.Ө миний баруун гарын дунд савхан яс хугархай байсан талаар Бодьхүү, Т.М, Шаабига хочит Өсөхбаатар, Анхбат, Эрдэнэбат нар бүгд мэдэж байсан. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген зурагт гипсдүүлсэн байгаа. Хэрэг гарсан өдөр автомашинд Бодьхүү, Шаабига хочит Өсөхбаатар, Т.М бид 4 хамт байсан нь үнэн.

Бодьхүү нь “тэр улаан куртиктэй” хүн гэж шүүгдэгч Т.Мг зааж очсон нь үнэн. Үүнийг шаабига хочит Өсөхбаатар мэдэж байгаа. Би гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт “Prius 20” загварын автомашинд орж ирэхэд Т.М нь “Өсөхөө би тэр хүнийг гоё цохиж унагаасан, чи харсан уу, тэр залуу үхчих шиг боллоо, дөрвүүлээ очиж үзэх үү” гэж хэлснийг шаабига хочит Өсөхбаатар, Бодьхүү нар сонссон.

Бодьхүү болон шаабига хочит Өсөхбаатар нараас энэ хэрэгт мэдэж байгаа зүйлийн талаар асууж, Т.М бид хоёрын хэн нь үнэн ярьж байгааг тодруулж, хэргийг эргэлзээгүйгээр, шударгаар шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэрэгт хэлмэгдээд байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Д.Ч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хаалттай дэглэмтэй хорих ангид 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

  1. Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгасан яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга гэдэгт “Яллагдагч Э.Ө нь ... цээжин тус газарт цохиж, газарт унаган ... битүү гэмтэл учруулан алсан, яллагдагч Т.М нь ... цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон, ... битүү гэмтэл учруулан алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн ...” хэмээн Т.М, Э.Ө нарын үйлдэл оролцоог тус бүрт нь ялган тодорхойлсон. Тийм атлаа шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо “Э.Өын энэ үйлдэл нь Ц.Б амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой” гэж ялласан нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
  2. Шинжээч эмч Ц.Ганболд нь шүүх хуралдаанд “... цээжин тус газарт цохих болон газарт унах хүчний үйлчлэлийн аль алинаар нь талийгаачид учирсан дээрх гэмтлүүд үүсэхгүй. Зөвхөн толгойд шууд чиглэсэн цохилтын улмаас тэдгээр гэмтлүүд үүсч амь нас хохирсон” гэж мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана. Үүнээс харвал толгойд цохисон хэн нэгэн хүний үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон нь тодорхой болж байгаа юм. Харин хэн цохисон бэ гэдэг асуудлыг тодорхой болголгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
  3. Т.М нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Э.Ө нь талийгаачийн цээжин тус газар нь цохиж газарт унагаасан” гэдэг. Харин шүүгдэгч Э.Ө нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд талийгаачтай таарсан үйл явдлын талаар тогтвортой мэдүүлэхдээ “...намайг араас нь очоод харахад талийгаачийг газарт унагаасан байдалтай, энгэрээс нь зуурч байгаад толгойд нь цохисон” гэдэг. Гэвч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг өөр бусад байдлаар нотолж тогтоохгүй бол тэдний мэдүүлгийг үнэлэх хэдийгээр боломжгүй байдаг боловч энэхүү хэргийн хувьд Э.Өын мэдүүлгийг бусад байдлаар шалган тогтоох боломжтой. Үүний тулд гэрчээр Өсөхбаатар, Анхбаяр, Эрдэнэбат нарыг асуух ажиллагааг хийснээр энэ нь хэрэгжих бүрэн боломжтой юм.
  4. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Э.Шинэбаярт хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар нь баталгаа гаргуулан мэдүүлэг авахад тэрээр Шаабига хочтой Өсөхбаатар гэдэг хүүхэд хэлэхдээ: “Т.М нь машинд орж ирээд “Өсөхөө чи намайг харсан уу. Би тэр хүнийг гоё цохиж унагаасан. Тэр залуу үхчих шиг болсон, очиж үзэх үү” гэх мэтчилэн ярьж байсан, мөн Э.Өын гар нь хавдсан байсан учир пиво барьж чадахгүй байсан гэдгийг Шаабига өөрөө надад хэлсэн юм хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хэрэгт чухал ач холбогдолтой энэхүү мэдүүлгийг анхаарч үзэлгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь харамсалтай байна. Бүх насаар нь хорьж болох хүнд гэмт хэргийг шүүн хэлэлцэж буй шүүх хэргийн бодит байдлыг хангалттай нотолж тогтоосон, хэрэгт ач холбогдол бүхий хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосны дараа шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох учиртай. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, мөн талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Э.Өын үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, шинжээч болон гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр нотолж тогтоолгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт Э.Өыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэж үзэхээр байна. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Э.Ө, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” гэж дүгнэсэн. Гэвч хууль ёсны дагуу бол хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо яллах дүгнэлтийн хэмжээ хязгаар болон нотлох баримтын хүрээнээс шүүх халихгүй юм.

Эдгээрийг товч дүгнэвэл, анхан шатны шүүх нь яллах дүгнэлтийн хэмжээ хязгаараас хальж, нотлох баримтад тулгуурлалгүйгээр зөвхөн хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийг бантан мэт хутгаад хоёуланг нь ял шийтгэсэн. Зүй ёсоор бол анхан шатны шүүх нь хууль ёсны, шударга ёсны болон гэм буруугийн зарчмуудыг баримтлан хэргийн бодит байдлыг нотолж тогтоох бүрэн боломжтой байсан. Энэ хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал буюу талийгаачийг Т.М, Э.Ө нарын хэн нь толгойд нь цохисон болохыг мэднэ гэж байгаа гэрч болох Шаабига хочит Өсөхбаатараас мэдүүлэг авах, зөрүүтэй бол гэрч нарыг болон цаашилбал яллагдагч нартай нүүрэлдүүлэн байцаах замаар хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой юм. Энэ ажиллагааг хийвэл хэргийн бодит байдал болон оролцогчдын эргэлзээ эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, ...” бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

            2.1. Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг огт дүгнэлгүйгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гээд тухайн зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол хэмээн хуульчилсан байна. Үүнээс харвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,..." зэргийг анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ дүгнэх ёстой байтал дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

            2.2. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1024 дугаартай магадлалаар энэхүү хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан өмгөөлөгч миний зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч тодорхой шалтгаангүйгээр гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарласан байсан. Тийм учраас 2019 оны 1 дүгээр сарын 18-ны шүүх хуралдаан дээр энэ талаар Б.Б өмгөөлөгч тодруулах хүсэлт гаргахад даргалагч шүүгч Ц.Оюунчимэг нь “...тийм хүсэлт ирээгүй, би лав мэдэхгүй” хэмээн хариулаад, тухайн өдрийн хойшилж буй шүүх хуралдааны зөвлөлдөх тасалгаанд “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргаснаа танилцуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

            2.3. Мөн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон. Шүүгдэгч Э.Өын хувьд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 450 хоног цагдан хоригдсон байтал 400 хоног гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг зөрчсөн байна.

2.4. Эдгээрээс гадна 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Уртнасангаар тангараг өргүүлээгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” хэмээн тунхагласан бөгөөд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “...иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглана” хэмээн хуульчилсныг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хууль ёсны байх зарчмыг зөрчжээ.

2.5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг нь дээр дурдагдсан ноцтой зөрчлүүдийг дахин давтан гаргаж байгаагаас харвал энэхүү хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм. ... Мөн нэмж хэлэхэд анхан шатны шүүх нь “Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр...” гэж буцаагаагүй гэдгээр оролцогчийн эрхийг хязгаарлаад байгааг давж заалдах шатны шүүхээс анхааран үзэж, хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс Т.М, Э.Ө нарт холбогдох хэргийг прокурорт буцаах талаар магадлалд тусгайлан дурдах ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Өт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий, бодит байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Агуулгын хувьд яллах дүгнэлт нь шүүгдэгч Э.Ө, Т.М нарын үйлдлийн талаар “хуулбарласан" тухайлбал яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “Т.М нь ... хохирогчийн цээжин тус газар нь цохиж газар унагаан... амь насыг хохироож ... гэсэн бол мөн тодорхойлох хэсэгт "... Э.Ө нь ...хохирогчийн цээжин тус газар нь цохиж унаган ..." гэх зэргээр бүх үйлдлийг нь яг ижилхэн байдлаар ... бичиж шүүхийн хэлэлцүүлэгт оруулж ирж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2264 тоот дүгнэлтийн дүгнэх хэсэгт “зулайн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо, эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. ..." гэсэн дүгнэлт ... шүүгдэгч Э.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгч байгаа “... Т.М тэр хүнийг чиглээд гүйсэн ... тэгээд би араас нь очихын завгүй Т.М цохиод унагаачихсан. ...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “би тэр хүнийг цохиогүй, Э.Ө цохисон, би куртикийг нь авсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар авч үзвэл, Э.Ө амь хохирогчийг "нэг удаа цохиж газарт унагасан, ...” мөн Т.М яг ижилхэн “нэг удаа цохиж газар унагаасан“ гэх агуулгаар ойлгогдож байгаа нь хэргийн үйл баримтыг тогтоосон бус харин эсрэгээр нь эдгээр шүүгдэгч нарын чухам хэн аль нь ямар үйлдлээр амь хохирогчийн амь насыг хохироосон үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй үндэслэл бүхий эргэлзээг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл бүрийг нарийвчлан тогтоож чадаагүй нь анхан шатны шүүхээс ялыг ялгамжтай оногдуулалгүйгээр Э.Ө, Т.М нарт ижилхэн 16 жилээр хорих ял шийтгэсэн байдлаас харагдаж байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан зарчмын хэм хэмжээнд нийцсэнгүй гэх үндэслэлтэй юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд, энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “... хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох, үйлдэл тус бүрийг нарийвчлан ялгаж өөрийн эрх хэмжээний дотор шийдвэрлэхийг заан буцаасан байдаг. Энэ агуулгаар “хэргийг прокурорт буцааж хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа Шаабига гэгч болон бусад гэрч нарыг олж байцаах замаар шүүгдэгч нарын үйлдлийг нарийвчлан тогтоох боломжийг үгүйсгэж яаран шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, хамгаалах сэргээхэд оршино” гэсэн ерөнхий зорилтыг хангаагүй байна.

Яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д "... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна. Мөрдөгч, прокуророос гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээд нэг бүрийн гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоогоогүй нь шүүхээс шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэнгүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг нарийвчлан ялган тогтоож, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн эдгээр шүүгдэгч нарын хэн нь амь хохирогчийн амь насыг хохироосон, хор уршигт хүргэсэн байдлыг тогтоолгох хүсэлтэй байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт гэрч болох Бодьхүү, мөн би тухайн үед Бодьхүүгийн машинаас Э.Ө бид хоёр буугаад Бодьхүүг явсны дараа буюу 1 цаг орчмын дараа талийгаач Болор-Эрдэнэтэй таарсан байдаг. Уг хэргийн болсон процесс болон тухай үеийн газар зүйн хувьд Бодьхүү нь уг хэрэгт огт хамаарахгүй гэдгийг харуулж байна.

Уг хэргийг хамтарч гүйцэтгэсэн гэх Э.Ө нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг удаа дараа өөрчлөн хэргийн хугацаа болон хэргийн ээдрээтэй байдлыг зохиомлоор бий болгох зорилгоор уг гэмт хэргийн үнэн зөв нөхцөл байдлыг сарниулах үйлдэл удаа дараа гаргасан. Үүнд: Тухайн үед хэргийн газарт байгаагүй Бодьхүү болон үл таних Шаабига гэх хүнийг анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгтээ гарган хэрэгт хам татахаар завдаж байгаа байдал юм. Мөн Т.М бид хоёрыг анхан шатны мэдүүлгээ үгсэн тохиролцож байгаад өгсөн гэх бөгөөд үгсэн тохиролцсон газар байршлыг лавлахад цагдан хорих 461 дүгээр ангид таарсан, тэнд ярилцаж байгаад өгсөн мэдүүлэг гэдэг. Гэтэл би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хоригдсон ба мэдүүлгээ хоригдохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өгсөн. Харин Э.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баригдсан, мөн хоригдохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн үедээ хоригдсон байдаг. Иймд Бодьхүү болон Шаабига гэх хүмүүс энэ хэрэгт огт хамаагүй бөгөөд Э.Ө бид хоёрын мэдүүлгээ үгсэн тохиролцож гэх байдал нь цаг хугацааны зөрүүтэй бөгөөд Э.Ө нь хэргийг удаашруулахын тулд худал мэдүүлэг удаа дараа өгч, өөрийн хийсэн хэргийн үнэн зөв байдлыг нуун далдлах зорилготой гэж харагдаж байна.

Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Т.Мтэй 17 цаг өнгөрч байхад уулзсан. Толгойт руу автобусаар явсан. Автобуснаас буугаад Толгойтын Гүнгүрваа худалдааны төвийн наад талын автобусны буудал дээр буугаад “Амаагийн зам” гэсэн нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн том боргио нэртэй пиво авч, гудамжны булан тойроод Сүмийн урд, гадаа хоёулаа хувааж уух үед харанхуй болчихсон байсан. Т.Мтэй хамт явж байтал улаан куртиктэй хүн явж байсан. Т.М тэр хүний улаан куртикийг нь тайлж аваад, өмднийх нь халааснаас “Nokia” загварын утас аваад миний урдаас явъя гээд ирсэн. Тэгэхээр нь би харилаа гэхэд Т.М би ч гэсэн явлаа гээд явсан. ...” гэдэг.  

Харин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Т.Мтэй уулзахаар очиход Бодьхүү, Цэнд-Аюуш нар байсан. Бодьхүү бид нар Цэнд-Аюушийг гэрт нь хүргэж өгсөн. Машинаас эхлээд Т.М, дараа нь би буусан. Би дэргэд нь очихгүйгээр буцаад машин руугаа явсан...” гэх удаа дараагийн санаатай мэдүүлгийг хэрэгт зохиомол байдал үүсгэх, өөрийн үйлдсэн гэмт хэргийг бусдад нялзаах, зорилго бүхий санаатай үйл ажиллагааг өөрийн өмгөөлөгч болох Б.Б болон Б.Чинзориг нарын хамтаар бий болгон хэргийн хугацааг шаардлагагүйгээр удаашруулан гэмт хэрэгт хамааралгүй бусад хүмүүсийг татан оролцуулах, шүүх байгууллагыг үл хүндэтгэсэн удаа дараагийн үйл ажиллагаанд нь гомдолтой байх тул миний гаргаж буй гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “тодорхойлох нь” хэсгийн шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтдээ “... Иймд шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтуудад зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц оршуулгын зардалд 7.991.403 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Т.М, Э.Ө нар хувь тэнцүү бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нараас энэ тогтоолоор гаргуулбал зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч нар шүүгдэгч Т.Мгийн тогтвортой өгсөн “... би цохиогүй, Э.Ө цохиод унагаасан. Харин би очиж куртикийг нь авсан. ...” гэх мэдүүлэг үндэслэлтэй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх талаар дүгнэлт гаргалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүгдэгч Т.М, Э.Ө нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүхээс шүүгдэгч нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн тул Т.М, Э.Ө нарын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. ..." гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх ийнхүү дүгнээд Т.Мг 15 жил хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сар хорих ялаар тогтоож, уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, Т.Мгийн биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сар хорих ялаар тогтоон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх заагаагүй байна. Тухайлбал, хэргийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч нар бие биенээ гэрчилдэг боловч Э.Өын хувьд өгсөн мэдүүлгүүд нь /Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа/ асар их зөрүүтэй тул Т.Мгийн мэдүүлгийг зөвд үзэж, зүйлчлэлийг өөрчлөх боломжтой байсан.

Анхан шатны шүүхээс гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтдээ үндэслэсэн гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь Т.Мг хүний амь хохироосныг шууд нотолдоггүй бөгөөд зөвхөн Э.Өын мэдүүлэг л түүний оролцоог шууд гэрчилдэг. Гэтэл Э.Ө нь энэ талаараа удаа дараа харилцан зөрүүтэй мэдүүлсээр байхад буюу хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боллоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө” гэж заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх “...Т.Мг урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд заасан булаах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар огт хасагдаагүй, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болж хуульчлагдсан байх ба шүүгдэгч Т.Мгийн өмнө нь үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д заасан гэмт хэргийн шинж нь "давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж...” гэсэн байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх шинж нь хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тухайн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлтэй байна. ...” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар Т.Мг 15 жил хорих ялаар шийтгэж, уг ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сар хорих ялаар тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тодруулбал, Т.Мгийн өмнө нь үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д заасан гэмт хэргийн шинж нь “давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж...” гэсэн байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх шинж нь хасагдсан буюу гэмт хэргийн шинжгүй болж, гэмт хэрэгт тооцохгүй болсоор байхад түүнд урьд оногдуулсан хорих ялаас зарим хорих ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоон, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн Т.Мгийн эдлэх ялын хугацааг тогтоосон нь үндэслэлгүй болсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйл, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Т.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн холбогдох хэсэг болгон өөрчлөх, эсхүл анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.                                                

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цгийн өмгөөлөгч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон түүний бичсэн давж заалдах гомдлыг үнэн зөв гэж үзэж байна. Хэрэг учрал болох үед талийгаач болон шүүгдэгч нар л байсан. Өөр хүн байгаагүй. Бодьхүү, Шаамбига гэдэг хүмүүс огт байгаагүй. Тиймээс хэрэгт огт хамааралгүй дээрх хүмүүсийг гэрчээр асуух үндэслэлгүй. Зүгээр явж байсан хүнийг цохиж унагаагаад эд зүйлийг нь авсан үйлдлийг өөрсөддөө эдийн ашигтай байдал бий болгож, үйлдлээрээ хамтарч оролцсон гэж үзнэ. Шинжээч эмч “талийгаачийн цээжинд цохих үйлдэлд түүнд үхэлд хүргэх гэмтэл учрахгүй” гэж хэлсэн учир шүүгдэгч нарын үйлдэлд хамаарахгүй гэсэн утгатай зүйл ярьж байна. Тийм биш л дээ. Талийгаачийн цээжинд хоёулаа цохисон гэдгээ Т.М, Э.Ө нар нь бие биенээ гэрчилж мэдүүлдэг. Толгойд нь цохиогүй учир хохирогчийн үхэлд хамаарахгүй гэж яриад өөрсдөө итгээд байна. Цохиж унагасны дараа талийгаачийг цохиж, өшиглөж зодсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Д.Ч өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэжээ. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоод шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Б.Б өмгөөлөгчөөс “... шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог ялгаж, зааглаж өгнө үү. ...” гэж, өмгөөлөгч Энх-Амгалангаас “... дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлээр хэргийг зүйлчилж өгнө үү. ...” гэсэн утгатай давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёулаа цохиж, хамтарч үйлдсэн учир оролцоог нь ялгаж зааглах боломжгүй. Шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хоёулаа цохиж унагаж, амь насыг нь хохироогоод эд зүйлийг нь аваад явсан байхад хэрхэн ялгаж салгаж, нэгийг нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх вэ.  Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Өын гар зүгээр байсан гэж мэдүүлдэг. Э.Ө анх яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “тухайн үед Т.М бид хоёр хоёулаа явж байсан. Өөр хүн байгаагүй. ...” гэж мэдүүлж байсан боловч өмгөөлөгч аваад дараа дараагийн мэдүүлэг өгөхдөө Шаамбига, Бодьхүү гэх хүмүүсийн талаар ярьж, мэдүүлэг нь 5-6 удаа өөрчлөгдсөн. Т.М нь “гэмт хэрэг гарах үед Э.Ө бид хоёр л байсан, Бодьхүү хэргийн газар байгаагүй, ямар ч хамаагүй.  Шаабига гэдэг хүнийг танихгүй” гэж мэдүүлдэг. Тэгэхээр дээрх хүмүүсийг асуух шаардлагагүй. Өмгөөлөгч Б.Эгаас Т.Мгийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар Т.М, Э.Ө нар нь бүлэглэн талийгаачид үхэлд хүргэх гэмтэл учруулан, эд зүйлийг нь дээрэмдсэн нь тогтоогдсон учир Т.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй. Т.М өмнө нь дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Анхан шатны шүүх уг ялыг дүйцүүлэн 1 жил 3 сарын хорих ялаар тогтоож, 15 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Т.Мгийн биечлэн эдлэх ялыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Э.Өын өмгөөлөгч Д.Ч давж заалдах гомдолдоо “яллах дүгнэлт нь үндэслэлгүй, хуулбарлах байдлаар бичсэн” гэснийг хүлээн авах боломжгүй. Т.М, Э.Ө нар нь талийгаачийн цээж болон нүүрэнд цохиж, үхэлд хүргэх гэмтэл учруулан, куртик, гар утас зэргийг дээрэмдээд куртикийг нь сургуулийнхаа Цэнд-Аюушид өгсөн, гар утсыг дамжуулж байгаад алга болгосон болох нь шүүгдэгч нарын болон гэрч Цэнд-Аюушийн мэдүүлгээр тогтоогдсон. “Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн шинжээчийн дүгнэлт нь шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч нар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бие биенийхээ гэм буруугийн байдлыг давхар нотолж мэдүүлдэг. Т.М нь талийгаачийн нүүрэн тус газар нь цохиж, куртикийг авсан, Э.Ө нь эхлээд талийгаачийн цээжин тус газар цохиод газар унахаар нь гар утсыг нь авсан гэж мэдүүлдэг. Энэ нь шинжээч дүгнэлтэд бичигдсэн талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсон.

 Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч тангараг өргөөд шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Харин шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон. Шүүгдэгч Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 452 хоног, Э.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 450 хоног цагдан хоригдсон тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.М, Э.Ө нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Т.М, Э.Ө нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б цээжин тус газарт нь цохиж, газарт унагаад өмдний халааснаас нь “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б толгойд “зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэдний үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болортуяагийн “... Манай бага эмэгтэй дүү Болортунгалаг залгаад “Болор-Эрдэнэ ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Будсүрэн гэх залуугийн гэрээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэднийд шөнө орж ирэхдээ куртикгүй, утасгүй, “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ. ...” /1 хх 36-37/,

гэрч Б.Будсүрэнгийн “... Тэгээд орой Болор-Эрдэнэ гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болчихсон. Тэгэхээр нь би гэр лүүгээ яваад өгсөн юм болов уу гэж бодоод унтсан. Тэгтэл шөнийн 02 цагийн орчим хаалга нүдээд “Болор-Эрдэнэ байна, найз нь байна” гэхээр нь хаалгаа тайлтал куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон чихнээс нь жоохон цус гоожсон байхаар нь би “хаана, хэнтэйгээ зодолдсон юм” гэтэл “маргааш хэлье, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Тэгээд Болор-Эрдэнэ үүрээр “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед би босоод гэрээ галлах гээд нүүрс оруулж иртэл Болор-Эрдэнэ орон дотроо шээчихсэн байсан. Тэгэхээр нь би “Болор-Эрдэнэ ээ юу болж байна” гэтэл ухаангүй болохоор нь 103 дуудсан. ...” /1 хх 41-45/,

гэрч С.Цэнд-Аюушийн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 цаг 10 минутын үед 1 дүгээр паар завсарлаад сургуулийн гадаа зогсож байхад Т.М, Төрөө, Бодьхүү ах гурав зогсож байсан. Намайг тэд нар дээр очиход Т.М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад өмсчих” гээд өгсөн. Би ямар нэгэн зүйл асуугаагүй “баярлалаа” гээд авсан. ...” /1 хх 46-48/,

гэрч Л.Бодьхүүгийн “... Цэнд-Аюушийг Нийсэхийн автобусны буудалд буулгаад Т.Мгийн хамаатны залуугаас 10.000 төгрөг аваад Т.М, Э.Ө бид гурав Нарангийн  гол руу явсан. 2.5 литрийн хуванцар савтай пиво хувааж уучихаад тэр хоёр тэндээ буугаад би халтуурт явсан. Тэр үед 20-21 цаг болж байсан байх. Тэгээд шөнө 23-24 цагийн үед Т.М над руу залгаад “хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би Нарангийн голд явж очиход Т.М, Э.Ө хоёр хоёулаа байж байсан. ... Т.М, Э.Ө хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан. Би Э.Өын куртик гэж бодсон. ... Маргааш нь Э.Ө утасгүй болчихлоо гэхэд Т.М өөрийнхөө барьж байсан утсыг Э.Өт өгсөн. Ямар утас байсныг анзаараагүй. ... Өглөө сургууль дээр очсон хойно Т.М нөгөө улаан куртикийг барьчихсан явж байсан. Дараа нь хартал Цэнд-Аюуш бариад явж байсан. Т.М түүнд өгсөн юм байна лээ. ...” /1 хх 50-51/,

гэрч С.Санжаабадамын “... Ц.Б цэнхэр өнгийн даавуундуу малгайтай, улаан куртиктэй, ... явж байсан. ...” /1 хх 53-54/,

шинжээч Ц.Ганболдын “... энэ гэмтлийг авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархийг дарах хүртэл ухаангүй байж байгаад ухаан алдана. Ухаан алдаад комын байдалд байж байгаад мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн тул нас барах процессыг удаашруулсан байна. Энэ гэмтлийг авсан хүн гэмтэл аваад ухаан алдах хугацаа нь цус алдалтын байдлаас шалтгаалан 5 цагаас 6 цаг хүртэл хугацаанд байх боломжтой. Талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. ...” /1 хх 87/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2264 дугаартай “... Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцрал, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ. Эмнэлэгт 2 хоног эмчлэгдсэн тул согтууруулах бодис тогтоогдсонгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 89-91/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15/, Ц.Б өвчний түүхийн хуулбар /1 хх 162-182/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Т.М, Э.Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Прокуророос Т.М, Э.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар Т.Мд 15 жилийн хугацаагаар хорих ял, Э.Өт 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Мд оногдуулсан 15 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялтай дүйцүүлэн 1 жил 3 сарын хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн Т.Мгийн биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сарын хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Т.М, Э.Ө нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.Ө нь “...Бодьхүү болон шаабига хочит Өсөхбаатар нараас энэ хэрэгт мэдэж байгаа зүйлийн талаар асууж, Т.М бид хоёрын хэн нь үнэн ярьж байгааг тодруулж, хэргийг эргэлзээгүй шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Д.Ч нь “... Шинжээч эмч Ц.Ганболд нь шүүх хуралдаанд “... цээжин тус газарт цохих болон газарт унах хүчний үйлчлэлийн аль алинаар нь талийгаачид учирсан дээрх гэмтлүүд үүсэхгүй. Зөвхөн толгойд шууд чиглэсэн цохилтын улмаас тэдгээр гэмтлүүд үүсч амь нас хохирсон” гэж мэдүүлсэн. Хэний үйлдлийн улмаас хохирогчид уг гэмтэл учирсныг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Гэрчээр Өсөхбаатар, Анхбаяр, Эрдэнэбат нарыг асуух ажиллагааг хийлгэх шаардлагатай. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Уртнасангаар тангараг өргүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, мөн талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Э.Өтай шалтгаант холбоотой эсэх, шинжээч болон гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр нотолж тогтоолгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт Э.Өыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Бөөс “... шүүхээс шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулаагүй, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг нарийвчлан ялган тогтоож хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, хор уршигт хүргэсэн байдлыг тогтоолгох хүсэлтэй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Т.Мгөөс “... Э.Ө нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг бусдад нялзаах зорилго бүхий санаатай үйл ажиллагааг өөрийн өмгөөлөгч нарын хамтаар бий болгон, хэргийн хугацааг шаардлагагүйгээр удаашруулан гэмт хэрэгт хамааралгүй бусад хүмүүсийг татан оролцуулах удаа дараагийн үйл ажиллагаанд нь гомдолтой байх тул миний гаргаж буй гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Эгаас “... Т.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл болгон өөрчлөх, эсхүл анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Монгол Улсын  Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

Мөн нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Э.Ө, Т.М нар нь харилцан эрх ашгийн зөрчилтэй, хэрэг учралын талаар зөрүүтэй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн байдлаар мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Өын яллагдагчаар “... улаан куртиктэй хүнийг Т.М унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. ...” гэсэн /1 хх 151-152/ мэдүүлэг, Т.Мгийн сэжигтэн, яллагдагчаар “... тэгэхэд Э.Ө эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би гүйгээд очиход Э.Ө халаасыг нь ухаж байсан. Би тэр хүний өмсөж байсан куртикийг тайлж авч байх үед Э.Ө гудамж уруудаад хотын төв рүү чиглээд гүйсэн. ... Э.Ө тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Тэр газар мөстэй, хальтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ... Э.Өыг цохих үед тэр хүн биеийнхээ ар хэсгээр савж унасан. ...” /1 хх 136-139/ гэсэн мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд Э.Ө, Т.М нар аль аль нь хохирогчийг цохисон талаар нэг нэгнийхээ гэмт үйлдлийг гэрчилж байхаас гадна хохирогчийг 1 бус удаа цохисон болох нь шинжээч эмч Ц.Ганболдын “... талийгаачид учирсан гэмтлээс үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. ...”  гэсэн /1 хх 87/ мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн, Э.Ө нь талийгаачийг гудамжаар зөрж өнгөрөхөд нь араас нь очиж цохиж унагаагаад өмдний халааснаас нь гар утсыг нь авч байхад Т.М нь талийгаачийн нүүрэн тус газар цохиж, өмсөж явсан куртикийг тайлан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарын уг үйлдлүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ нэгдэн оролцсон гэж үзнэ.

Үүнээс гадна, Э.Өын талийгаачийг цохих үед газар унах, Т.Мгийн  талийгаачийн нүүрэнд цохисон үйлдлийн улмаас ч талийгаачид үхэлд хүрэх гавал тархины гэмтэл учрах боломжтой тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тусад нь ялган зааглах боломжгүй, талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэн учруулсан гэж үзэх үндэстэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялыг ялгамжтайгаар оногдуулж, шүүгдэгч Т.Мг 15 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Өыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Ө, Т.М нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хүний амь нас хохирсон хор уршиг, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр зэргээс үзэхэд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгч нар оногдуулах ялыг ялгамжтай оногдуулсан гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Т.М нь урьд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ялаар шийтгүүлсэн байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээтэй дүйцүүлэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Гэрч Л.Бодьхүүгийн “... 2,5 литрийн хуванцар савтай пиво уугаад Т.М, Э.Ө хоёр тэндээ буугаад би халтуурт явсан. Тэр хоёр 20-21 цагийн хооронд л буусан байх. Тэгээд шөнө 23-24 цагийн орчим намайг халтуурт явж байхад Т.М над руу залгаад хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь Нарангийн голд яваад очиход Т.М, Э.Ө хоёр хоёулаа ... нэг улаан куртик барьчихсан машинд суусан. ...” гэсэн /1 хх 51/ мэдүүлэг болон шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч, шүүгдэгч Э.Ө, Т.М нараас өөр хүн байгаагүй болох нь тогтоогдож байх тул Э.Өын “... гэмт хэрэг гарах үед байсан Шаабига, Бодьхүү нарыг шалгаж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Д.Чийн “... Гэрчээр Өсөхбаатар, Анхбаяр, Эрдэнэбат нарыг асуулгах ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Э.Ө, Т.М нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгч Г.Уртнасанд эрх, үүргийг болон шүүх хуралдааны дэгийг тайлбарлаж өгсний дагуу тэрээр дүгнэлтээ гаргасан /3 хх 134/ байх ба иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөөгүй нь тухайн хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ойлголтод хамаарахгүй гэж үзэв.   

Мөн Э.Ө, Т.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцаах, эсхүл зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Ч, Б.Б, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нийт 452 хоног, шүүгдэгч Э.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 450 хоног тус тус цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон тул зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Мгийн цагдан хоригдсон 402 хоногийг, Э.Өын цагдан хоригдсон 400 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Мгийн цагдан хоригдсон 452 хоногийг, Э.Өын цагдан хоригдсон 450 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Ч, Б.Б, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.Э.Ө  

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН