Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Э.Б, өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000000471 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ......... боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Т” ХХК-ийн .................. ажилтай, ам бүл ..., ....... хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .......... дүгээр гудамж .... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э-ы Б (РД:.............).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын амралтын өрөөнд хохирогч Д.Х-тай “усны сав алга болголоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамрын баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүгүй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын хянга, дух, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагт амралтын өрөөнд орсон. Х- ах “хоолны сав алга болгосон” гэснээс болж маргалдаж намайг каскаар цохихоор нь зөрүүлээд цохисон. Хохиролд 1,250,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2208000000471 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Х-н: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16-17 цагийн үед миний бие амрах өрөө рүү орсон. Манай ажлын залуус Б, Б, О, Т болон М эгч байсан. Цайны цагийн үед амрах өрөөнд байсан цайны савыг авч авч явсан боловч гээчихсэн байсан. Намайг өрөө рүү ороход Б ”Та нөгөө цайны сав яасан бэ” гэж хэлсэн. Тэгэхээр би үнэнээ хэлж “Савыг ах нь гээчихлээ” гэхэд хариуд нь “Яаж алдсан аргаараа буцааж олж ав пизда минь” гэж хэлсэн. Би уур хүрч “Чи одоо үхлээ юу” гэх үед Б намайг замдаад хана руу шахсан. Би зөрүүлээд шанаа хэсэг рүү бага зэрэг хүчээр нэг удаа цохичихсон чинь намайг тэвэрч аваад унагаасан. Босож иртэл Б миний хамар луу хүчтэй 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Хамраас цус гарахаар нь би толгой хамгаалах хэрэгслээр Б-ийн бие рүү цохисон. Эмчилгээ хийлгэж холбогдох зардлыг гаргуулан авна. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүгдийг нь гаргуулаад авсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 69 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.16-ны өдрийн 3014 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Х-н биед хамрын баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүгүй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын хянга, дух, хүзүүнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Н.О-ийн: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна амралтын өрөөнд түр амрахаар Б, Түмэн-Өлзий бид 3 орсон. Удалгүй араас Х- орж ирсэн. Б “усны саваа авмаар байна” гэж нэхсэн чинь Х- “цайны савыг чинь алга болгосон” гэхэд Б “алга болгосон замаараа олоод өгчихөөрэй” гэхэд Х- “үхлээ юу чи” гэнгүүт Б “үхлээ та тэгээд яах юм” гэхэд Х- хамгаалалтын каск малгайгаараа саваад Бийг цохиод тэр 2 барилцаж аваад зодолдсон. Х- нь Бийн цамцны захаас зуураад гадаа гарч байгаад зодолдъё гээд байсан. Түмэн-Өлзий салгасан. Тэр үед би Х-г Б-өөс арай ах юм болохоор нь “больчих оо, зодолдож хэрэггүй шүү дээ” гэхэд Х “чи дуугүй бай” гэхээр нь дахиж юм дуугараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Гэрч Д.С-ын: “...Э.Б, Д.Х нар маргалдаад зодолдож байсан. Тэнд байсан хүмүүс салгацгаасан. Н.О “больцгоо” гэхэд Д.Х “чи дуугүй бай” гэж байсан. Э.Б-ийг “гадаа гараад үзчихье” гээд байсан. Миний ойлгосноор бол энэ 2 усны саван дээрээс болж хоорондоо зодолдсон юм байна лээ. Д.Х- нь Э.Б-ийн усны савыг аваад алга болгочихсон гээд өгөхгүй байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Гэрч Д.Б-ийн: “...16 цагийн орчим байх гаднаас О, Б, Т нар орж ирсэн. Араас нь Х- орж ирсэн чинь Б усны саваа нэхсэн чинь “алга болгочихсон” гэхэд “тэгвэл алга болгосон замаараа олж ир” гээд нөгөөдөх нь “чадахгүй” гээд хоорондоо муудалцаад барилцаад авсан. Х- хамгаалалтын каск малгайгаараа Бийг цохисон чинь бужигнаад бие биенийгээ цохицгоогоод эхлэнгүүт хүмүүс салгацгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Гэрч Т.Т-н: “...Б нь Х- ахаас цайны саваа нэхсэн. Х- ах “би савыг чинь алдчихсан” гэж хэлсэн. Хариуд нь Б “алга болсон замаараа олж өг” гээд Б, Х- нарын дунд маргаан эхэлсэн. Х- нь толгойн хамгаалалтын каскаар Бийн толгой руу цохисон. Б хариу цохиж хэд хэдэн удаа цохилцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-45), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-51), шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-65-66), хохирол төлсөн баримт (хх-76), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрвлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-85), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-86-87), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-88) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 1 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “Хохирогчид 1,250,000 төгрөг шилжүүлсэн” банкны шилжүүлгийн баримт 3 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинхайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын амралтын өрөөнд хохирогч Д.Х-г “усны сав алга болголоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж “хамрын баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүгүй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын хянга, дух, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Х-н “...миний хамар луу хүчтэй 1 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хх-6-7), шүүх эмнэлгийн 3014 дугаар “1. Д.Х-н биед хамрын баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүгүй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын хянга, дух, хүзүүнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ийн “усны сав алга болголоо” гэх шалтгаанаар хохирогч Д.Х-н хамар луу 1 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 130,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хамрын хагалгааны зардалд 1,250,000 төгрөг нэхэмжилсэн, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-69, 76)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн ажилчдын амралтын өрөөнд Д.Х-г “усны сав алга болголоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж “хамрын баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүгүй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын хянга, дух, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Б “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогч нь шүүгдэгчийн эд хөрөнгийг авч, улмаар хаяж гээгдүүлсэн гэх шалтгаанаас улбаатайгаар “усны сав алга болголоо” гэж маргалдан, шүүгдэгч нь хохирогчийн хамар луу гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,250,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Э-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР