Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/629

 

2022          05           16                                    2022/ШЦТ/629

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Э” ХХК-нд автобусны жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянхошуу 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Эын Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх, мөн “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 00-00 тоотод гэртээ хамтран амьдрагч О.Отэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,  2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мөн гэртээ авга ах  Р.Мыг   эхнэртэйгээ хардан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч О.Оийн мэдүүлэг “Би Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошуу 00 дугаар гудамж, 00 тоотод нөхөр, 4 хүүхдийн хамт Монгол гэрт амьдардаг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад манай нөхөр Та 20 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирээд унтах гэж хэвтсэн. Хүүхдүүд шуугилдаад байсан чинь босож ирээд үглээд уурлаад байхаар нь би согтуу хүүхдүүд битгий загнаад бай гэж мөр рүү нь гараараа цохиход Т уурлаж босож ирээд намайг үсдээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Т 2021 оны 5 дугаар сард намайг нэг удаа цохиод баривчилгаанд явж байсан” /х.х-06-07/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2399 дугаартай “О.Оийн биед зүүн нүдний дотор булангийн сэтэрсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”дүгнэлт /х.х-16-17/,

- Хохирогч Р.Мын: “Би Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянхошуу 00 дугаар гудамж 00 тоотод хамаатны дүү Э.Тулгын гэрт 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бага зэрэг халамцуу орж ирээд унтаж байхад манай хамаатны дүү Э.Т эрүүл согтууг нь мэдэхгүй байна намайг гараараа цохиод дагз хэсгээр орны ирмэг мөргүүлсэн тэгээд миний толгойноос цус гарсан би юунаас болж намайг зодсон талаар нь мэдэхгүй байна унтаж байхад л гэнэт цохиод унасан, би буцааж огт цохиогүй”гэх мэдүүлэг /х.х-84/,

- Гэрч О.Оийн: “2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянхошуу 00 дугаар гудамж 00 тоотод байхад манай нөхрийн хамаатны Р.М гаднаас согтуу орж ирээд унтаж байхад манай нөхөр Э.Т гаднаас согтуу орж ирээд орон дээр хэвтэж байсан Р.М ахыг тэнд хэн хэвтэж байгаан гэж хэлээд хариу хэлэхийн завдалгүй толгой руу нь гараараа 3 удаа цохисон тэгээд Э.Т М ахыг таньсан байх цохихоо болиод гэрээс гараад явсан Р.Мын толгойноос цус гараад би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/х.х-88/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3753 дугаартай “Р.Мын биед зулай, доод уруулд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт /х.х-93-94/,

- Яллагдагч Э.Тын “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй” мэдүүлэг /х.х-113/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Э.Тын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Т нь О.Отэй 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа, 2-10 насны 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг ба хүүхдүүд бүгд эх О.Оээр овоглодог гэр бүл болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-6, 59-62/, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн “бага” гэх үнэлгээ /хх-69-74/ зэрэг баримтуудаар, хохирогч Р.М нь шүүгдэгч Э.Ттай үеэл /нагацын хүүхэд/ төрөл садангийн хүн бөгөөд тухайн гэр бүлд хамт амьдардаг хүн болох нь хохирогч О.М, гэрч О.О, шүүгдэгч Э.Т нарын мэдүүлгээр /х.х-84-88/ тус тус  тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Т, О.О, О.М нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хамтран амьдрагч О.Отэй үл ялих зүйлээр маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн  2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрт нь унтаж байсан үеэл ах Р.Мыг “танихгүй хүн” хэмээн андуурч толгойн тус газарт нь удаа дараа цохиж зодон түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.О нь “Э.Ттай эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч О.М нь “гомдолгүй” гэж тус тус иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Э.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эррүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-28/ тогтоогдож байна.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх” саналыг, шүүгдэгч нь “улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Иймд шүүгдэгч Э.Тын хувийн байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх, мөн зүйлийн 2.6-д заасан “хоёр хүний эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Эын Тд 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Тд оногдуулсан 1 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Т нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч О.О, Р.М нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Э.Тд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ