Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/630

 

      2022          05          16                                   2022/ШЦТ/630

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Год холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, У хийц сендвич, барилга угсралтын компанид гагнуурчин ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 00-000 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигин овогт Бямбаагийн Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын эцэс дээр байрлах Толгойтын 00-000 тоотод амьдрах эх Ж.Нын  гэрт иргэн С.Лгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан баримт /х.х-2/,

- Дуудлагын лавлагааны хуудас /х.х-3/,

- Хохирогч С.Лгийн “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтод байх гэрт нь очсон, гэрт ороход О эхнэртэйгээ,  Б.Гын ээж нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд архиа ууж дуусаад би 30000 төгрөгөөрөө дэлгүүр гарч яваад 0,75 литрийн хараа гэж архи аваад бид нар хувааж уугаад байж байтал Б.Гын ээж намайг нүүрсэнд яваад ирээч гэхээр нь би за гээд гэрээс гарах гэтэл гаднаас Б.Г орж ирээд шууд юу ч хэлэлгүй нүүрэн тус газар руу 3-4 удаа цохисон. Тэгээд хажуу талын эгч орж ирээд миний хамраас нүдний доод талаас цус гарч байхыг хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /х.х-7-8/,

- Гэрч Н.Оийн “С.Л түмпэн аваад гарах гэхэд Б.Г гаднаас орж ирээд муу архичингууд юу хийж байгаа юм гэж хэлээд шууд С.Лг нүүрэн тус газарт нь алгадаад нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ чи балай юм уу гэхэд Б.Г яадгийн п...а гэсэн гэх мэдүүлэг /х.х-11-12/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5492 дугаартай “С.Лгийн биед зүүн нүдний алимны салст, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-20-21/,

- Яллагдагч Б.Гын: Би ажлаа тараад 23 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн ээж Нямцогтын гэрт очсон. Гэрт орсон чинь Отгонжаргал, О, Л нар архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би “энд ингэж архи дарс ууж болохгүй, энд архи уудаг яадаг п...ууд вэ” гээд урласан чинь Л миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би уурлаад Лгийн нүүрэн тус газар руу нь 2-3 удаа цохьсон чинь Л гэрээс гүйгээд гараад зугтаачихсан. Удалгүй Л 2 цагдаа дагуулаад ороод ирсэн. Цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хийж эрүүлжүүлсэн. Би ажил дээрээ зургуулаа 0,75 литрийн Эдэкс гэх архинаас 2 шилийг уусан байсан. , ээжийнхээ гэрт очихдоо бага хэмжээний согтолттой байсан” гэх мэдүүлэг /х.х-59-60/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Гын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч С.Лгийн мэдүүлэг /х.х-7-8/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5492 дугаартай дүгнэлт /х.х-20-21/, Б.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө “ээжийн гэрт архи уулаа” хэмээн дургүйцэн уурлаж С.Лгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гын дээрх хууль бус үйлдэл нь тохиолдлын шинж чанартайгаар гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх тул Б.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Л нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж /х.х-64/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч С.Л нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Б.Гоос шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Г нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Б.Гоос жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 327 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-31/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс тэнсэж, хянан харгалзагдсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “б” хэсэгт зааснаар ял шийтгэлгүй болсон байна. Иймд шүүгдэгч Б.Гын урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч Б.Гын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч С.Л нь хавтаст хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Бгийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Бгийн Год 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Год оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Г нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч С.Л нь иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Год мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ