Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар  2022/ШЦТ/423

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ч-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208005270539 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ....... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа .......... ажилтай гэх, ам бүл ..., .................ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ........ дугаар гудамж, ..... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Ч (РД:............).

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Хилчин хотхоны нутаг дэвсгэрт хохирогч С.Ч-тай маргалдан нүүр лүү гараараа цохиж унаган, өшиглөж зодон эрүүл мэндэд “хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Тэр хүн утсыг нь өгөхгүй байсан. Намайг эхэлж цохисон болохоор нь би зөрүүлээд цохисон. Цаашид дахиж ийм зүйл гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Эрүүгийн 2208005270539  дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Ч-ын: “2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Хилчин хотхоны караоке руу дүү Нямдорж, найз Норжмаа нарын хамт орж дуулж, пиво уусан. 22 цаг өнгөрч байхад Норжмаагийн найз гэх танихгүй эмэгтэй ирсэн. Бид дөрөв цаг гаран дуулаад гарсан. Норжмаагийн найз хоёр найзыгаа дуудчихсан гэж хэлсэн. Норжмаа найзтайгаа нөгөө хоёр залуутайгаа уулзах гээд явсан. Нөгөө хоёр залуу нь зөрөөд ирснээ гэнэт Нямдоржтой муудалцаад намайг зогсож байсан чинь туранхай намхан залуу нь нүүрэн тус газар гараараа цохисон. Намайг газар унасан чинь дээрээс өшиглөөд байсан. Тэгээд нөгөө хоёр залуу яваад өгсөн. Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, би эмнэлэгт үзүүлж харуулаагүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 13 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.18-ны өдрийн 1810 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Ч-ын биед хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Гэрч Ж.Н-ийн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 00 цаг өнгөрч байхад хамаатны ах Ч-тай явж байгаад танихгүй 2 эрэгтэйд зодуулсан. Ямар учраас, юунаас болсон, ямар шалтгаанаар зодуулсан гэдгээ мэдэхгүй. 2 эрэгтэй намайг болон Ч- ахыг зодсон, би нэг мэдсэн чинь зодуулж байсан ямар хүн яаж, хаашаа, юугаар цохиод байсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч Б.Н-гийн: “2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед ...караокед найз А, Ч-, Н нарын хамт дуулж, пиво уусан. 00 цагийн үед гараад байж байсан чинь А би нэг найзыгаа дуудчихсан гэж хэлсэн. Гадаа гарч ирсэн чинь манай найз Ч- миний утсыг авчхаад өгөхгүй байсан. А дуудсан найздаа очоод манай найзын утсыг авчхаад өгөхгүй байна гэж хэлсэн, А-ын найз гэх нэг залуу очоод “яагаад утсыг нь өгөхгүй байгаа юм” гэсэн чинь нөгөө Ч- нь “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд зодоон болоод Ч- утас гаргаж өгөхөөр нь бид нар явсан. Ч-ын нүд хөхөрсөн, хамраа бас дараад байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүгдэгч Б.Ч-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой найзтайгаа таксинд явж байхад А гэх эмэгтэй залгаад “Хилчин хотхоноос ирээд аваадах” гэхээр нь очсон. Нэг эмэгтэй найзтайгаа явж байсан. Машинд сууж байсан чинь араас нь хоёр согтуу залуу ирээд “чи хэн юм” гээд надтай маргалдаад “буугаад ир” гээд байсан. А-тай хамт явж байсан охин нь “би энэ хоёрыг явуулчхаад ирье” гээд машинаас буусан. Нөгөө охин удаж байгаад машин дээр ирээд сууснаа “нэг залуу нь утас авчихаад өгөхгүй байна” гэхээр нь би найзтайгаа утсыг нь авах гээд очоод нөгөө хоёр залууд “та хоёр утсыг нь өгчих” гэсэн чинь “өгөхгүй” согтуурхаад байсан. Намхан залуу нь манай найзтай муудалцаад би цаана нь нөгөө залуутай муудалцсан. Би өндөр залууг нь цохиод утсыг нь аваад яваад өгсөн. Би гэм буруугаа ухамсарлаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-32), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-36), АСАП сангийн лавлагаа (хх-41-43), шүүгдэгчийн банкны дансны хуулга (хх-62-81), шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт (хх-82), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-83), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-84) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Хилчин хотхоны нутаг дэвсгэрт хохирогч С.Ч-тай маргалдан нүүр лүү гараараа цохиж унаган, өшиглөж зодон эрүүл мэндэд нь “хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Ч-ын “...туранхай намхан залуу нь ирээд нүүрэн тус газар гараараа цохиж намайг газар унасан чинь дээрээс өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-9-10), шүүх эмнэлгийн 1810 дугаар “1. С.Ч-ын биед хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-25-26) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ч-гийн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Ч-ын нүүрэнд гараараа цохиж унаган, өшиглөж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-13)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Хилчин хотхоны нутаг дэвсгэрт иргэн С.Ч-тай үл ялих зүйлээс болж маргалдан эрүүл мэндэд нь “хоёр нүдний дотор буланд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Ч “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэнд гараараа цохиж унаган, өшиглөх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР