Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/628

 

2022         05           16                                   2022/ШЦТ/628

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч П.Ц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.О,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108019130000 тоот хэргийг 2022.03.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруун туруун суманд 1958 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-4, охин, 2 зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 000-0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигон овогт Цгийн Ц нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 4-38 тоотод байрлах гэртээ төрсөн дүү Ц.Гтэй маргалдан улмаар хэвлийн тус газарт нь өшиглөсний улмаас Ц.Гийн бие махбодид хүнд гэмтэл учирсан ба Ц.Г нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж гэртээ нас барсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-9/,

- Дуудлагын лавлагааны хуудас /х.х-10/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-11-15/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-16-18/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тийн “Ц.Г нь манай төрсөн дүү байгаа юм. Бид эхээс 5-уулаа бөгөөд манай талийгаач дүү 4 дэх хүүхэд байсан. Би хамгийн сүүлд талийгаачтай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Талийгаач манайд ирээд ядруу хоолой нь сөөсөн шинжтэй явж байсан. Миний мэдэхийн архаг хууч өвчин байгаагүй архи л их уудаг байсан. ******* эгч уг нь бол гайгүй дөлгөөн ааш зантай,  гэхдээ архи уух дуртай уухаараа ямар болдог талаар сайн мэдэхгүй. Харин амь хохирогч Ц.Г нь хүнд тусархуу, хүний үгээр, ааш зан зөөлөнтэй, ямар нэг муу ааш байхгүй архи уусан ч агсан согтуу зан байхгүй хүн байсан. Энэ хоёрыг хоорондоо хэрүүл маргаан зодоон хийж байсан талаар мэдэхгүй сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /х.х-28/,

- Гэрч Ч.Оы “2021 оны 8 дугаар сарын 26-ны орой 19-20 цагийн үед би хоол идчихээд гэрийн гадаа буйдан дээр унтаж байхад гэрт ******* эгчийн дуу чанга дуугараад орилоод байхаар нь би сэрээд гэрт ороход ******* эгч гэрийн зүүн талд байрлах өөрийн орон дээрээс гартаа модон ганжин /гурилын илдүүр/ барьчихсан босож ирээд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан Ц.Гийг гараараа татаж унагаагаад гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд гарт байсан модон ганжингаар Ц.Гийн толгойн зүүн талын чамархай хэсэгт 1 удаа цохиход нь би салгасан. Тэгэхэд Ц.Г ах ногоон өнгийн фудволк, саарал өнгийн ноосон өмдтэй хөл нүцгэн, ******* эгч эрээн өнгийн цамцтай, эрээн өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн углааш өмссөн байсан. Тэгээд ******* эгчийг өөрийнх нь зүүн талын орон дээр суулгаад гарт байсан модон ганжинг нь авч орны хөндий рүү хийгээд ******* эгчтэй юм яриад тайвшруулаад унтуулсан. Ц.Г ах хөнжлөө чирээд газар хэвтээд унтаад өгсөн. Тэгээд би гадаа гарч унтаад өглөө 7 цагийн үед босоод гэр рүү ус уух гэж ороход Ц.Г ах “элэг унжиж өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би ******* эгчид та өчигдөр орой буюу 2021 он 8 дугаар сарын 26-ны орой Ц.Г ахтай маргалдаад газар унагаад хэвлий хэсэгт нь 2 удаа өшиглөж, 1 удаа ганжингаар толгойд нь цохисон талаар хэлэхэд ******* эгч “миний өшиглөнө гэж юу байхав дээ углааштай байсан болохоор өвдөлт юу мэдэгдэх билээ” гэж хэлсэн” /х.х-40-41/,

- Гэрч М.Зийн /түргэний эмч/  “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн 08 цаг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт дуудлагын эмчийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо 119 дүгээр цэргийн ангийн 4-38 тоотод эрэгтэй хүн өвдсөн гэсэн дуудлагын дагуу очиход хашаанд нэг танихгүй эрэгтэй хүн хэвтэж байсан. Гэрт нэг настай эмэгтэй зүүн орон дээр согтуу, баруун орон дээр нэг эрэгтэй бас согтуу хэвтэж байсан. Тэгээд би эрэгтэйг нь үзэхэд өөрийгөө “Ц.Г” гэж байсан бөгөөд “ямар нэгэн бичиг баримтгүй” гэж байсан. Биед нь үзлэг хийхэд даралт нь 120-80, зүрхний цохилт 95, хүчилтөрөгчийн хэмжээ 98 байсан. Ц.Г нь өөрөө хэлэхдээ цээжээр өвдөөд байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Биед ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй, бодит үзлэгээр хэвлийн аюулхай орчимд чангарсан эмзэглэлтэй байсан. Би Ц.Гийг эмнэлэг авч явна гэхэд өөрөө эмнэлэг явахаас татгалзсан бөгөөд татгалзах хуудсанд гарын үсэг зурсан. Би түүнд архины хордлого тайлах үүднээс аспирин 500мл хэмжээтэй 1 ширхэг, өвчин намдаах диклоденк тариагаар баруун гарын булчинд хийж өвчин хүндэрвэл үүсэх эрсдэлийг бүгдийг нь тайлбарлахад өөрөө “зүгээр” гээд эмнэлэг рүү хамт яваагүй” гэх мэдүүлэг /х.х-43-44/,

- Гэрч Д.Хын “2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаан чулуутын хогийн цэг дээр Ц.Г ахтай юм ярихад бие нь өвдөөгүй, ердийн хэвийн байсан. Өнөөдөр эрт бууна гэж ярьж байсан. Тухайн өдөр Ч.О, Хөлөгөө бид нар нийлж 0.75 литрийн архи хувааж уугаад буцаад ирэхэд Ц.Г ах эрт бууна гэснээрээ явчихсан байсан. Ч.О түүний араас гэрт нь очно гээд явсан” гэх мэдүүлэг /х.х-46-47/,

- Гэрч С.Сийн “Би Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо 119 дүгээр цэргийн анги 4-38 тоотод би ээж *******, нагац ах Ц.Г нарын хамт амьдардаг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өглөө би гэртээ ээж *******, Ц.Г, манай найз Батзаяа нар хамт хоносон ба манай найз Батзаяа 07 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явлаа гэж хэлээд яваад өгсөн Ц.Г ах 09 цагийн орчим Улаан чулуутын хогийн цэг рүү хаягдал түүх гээд явсан. Би гэртээ ээж *******тэй үлдсэн. Би гэртээ хэвтэж байгаад өдөр Содхүү, Тодоо гэх найзуудтайгаа уулзаад Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны тойрог орчим үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь санахгүй байна папад орж 1 шил хараа архи хувааж уусан. Тэгээд би найз Тодоогоос 10000 төгрөг гуйж аваад гэртээ ганцаараа 17 цагийн орчим харьсан намайг гэртээ ирэхэд ээж *******, Ц.Г, Ч.О нар гэрт ирсэн мантуун бууз идэж байсан. Тухайн үед Ц.Г ах ямар нэгэн зовуурьгүй хэвийн байсан. Ц.Г ах Ч.О нар 0.75 литрийн Шим нэртэй архи авч ирсэн байсан юм шиг байна лээ ээж *******, Ц.Г, Ч.О нартай хамт нэг шил архийг нь хувааж уучихаад гэрийн баруун талын орон дээр хэвтээд унтсан. Би хэсэг унтаж байгаад сэрсэн Ц.Г ах тал шил архи гаргаж ирээд бид дөрөв дахиад хувааж уугаад амрахаар болоод би гэрийнхээ Баруун талын орон дээр, Ц.Г гэрийн хоймор хэсэгт зурагтын доор газар ээж ******* зүүн талын орон дээр, Ч.О гадаа агаарт унтана гээд хашааны баруун хэсэгт байдаг бор өнгийн буйдан дээр унтсан. Тухайн өдөр манайд гаднаас хүн нэмж ирээгүй хамт байсан хүмүүсээс ийш тийшээ яваагүй” /х.х-57-58/,

- Гэрч Х.Жын “Би өчигдөр 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед дэлгүүрээс 1 шил архи аваад найз С.Сийн гэрт очтол Ц.Г гэх ах нь бие нь өвөөд байна гээд гэрийнхээ гадаа хэвтэж байсан ба би гэрт нь ортол С.Соёл- Эрдэнэ, Алтанбаяр, Доржоо, Соокоо нар халамцуу архи ууж байсан ба би нөгөө архиа гаргаж өгөөд уучихаад дахиж архинд явж ирээд архиа уугаад сууж байтал гаднаас Ц.Г гэх ах миний бие өвдөөд байна ах нь унтлаа гээд газарт хэвтсэн. Бие нь сонин болоод эвгүйрхэж байгаад өнгөрчих шиг болсон. Бид нарт гар утас байхгүй байсан ба гаднаас Одцацрал гэх хүүхэн орж ирээд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /х.х- 64/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 1757 дугаартай “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний өөхлөлт өвчтэй байна. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ, оношилгоо хийлгэсэн гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-87-95/,

- Шинжээч эмч О.Бгийн “Эмнэлгийн тусламж цаг алдалгүй аль болох хурдан үзүүлэх тусам амь насыг аврах магадлал боломж өндөртэй. Гэмтсэнээс хойш 14 цагийн дотор мэс засал эмчилгээ хийхэд харьцангуй тавилан сайтай гэж үздэг. Гэмтэл авсан даруйдаа хэвлийгээр өвдөх цаашлаад хэсэг хугацааны дараа хэвлийн булчин чангарч хатууран бие махбод ерөнхий хордлогод орсноор биеийн байдал муудаж ядарч сульдаж улмаар өвдөлтөөс болон хордлогын улмаас ухаан алдах шинжүүд илэрнэ. Дээрх гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хэвлийн булчин чангараагүй үед буюу ухаангүй, унтаж байх болон согтуу үед хэвлий орчимд өшиглөж дэвсэх гэх мэт үйлдлийн улмаас үүсдэг болно. Хөл нүцгэн болон углааштай өшиглөх болон дэвсэх үед энэ гэмтэл үүснэ” гэх мэдүүлэг /х.х-100-101/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар “2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр талийгаач дүү маань 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Ирэхдээ нэг шил архитай ирсэн. 1 цаг орчмын дараа Ч.О 1 шил архи, гурил будаа авчихсан орж ирээд бид авчирсан архинуудаа уусан. Тэгсэн талийгаач надад хандан та үнэндээ даварч байна бэлэн юм идчихээд бэлэн юм уучихаад гэхээр нь би босонгуутаа банш элддэг ганжингаар толгойн орчимд нь нэг удаа цохиод, углааштай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд унтацгаасан. Өглөө босоход талийгаач “ажаа миний энэ рүү өвдөөд байна” гээд ходоодны дор хэсэгтээ дараад байсан. Тэр өдөртөө хоол ч идээгүй, архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд өвдөөд бүр болохгүй байна гэхээр нь би 103 дуудаж үзүүлсэн. 103-ын эмч ирээд “хэвтүүлмээр байна аваад явъя” гэхэд талийгаач өөрөө явахгүй гэсэн. Тэгсэн нөгөө эмч гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулаад нэг эм бичиж өгөөд энэ эмийг авч уугаарай гэж хэлээд явсан. Энэ өдөр нь бид архи ууж шараа тайлаад өнгөрсөн. Маргааш нь босоод талийгаач мөн л гэдсээ тэврээд “энд өвдөөд байна” гээд байсан. 2 өдөр хоол идээгүй болохоор нь би дугуй булантай цайг аагтай давстай буцалгаад өгсөн чинь хөлс нь гараад гарч бие засчихаад орж ирээд сайхан болчихлоо гэж хэлээд орны урдуур хэвтээд ажаа би даараад байна гэхээр нь хөнжил авч нөмрүүлээд бие засчихаад орж ирсэн чинь манайд байсан Соко “Ганаа ах нэг л сонин болчихлоо” гэхээр нь очоод үзтэл талийгаач маань өнгөрчихсөн байсан...Талийгаач Г надад хандан та хүний бэлэн авчирсан юмыг идэж уугаад л тамхиа татаад л битгий давраад байгаарай гэхээр нь би түүнд хандан би чамайг 30 жил хажуудаа авч явлаа, би давраагүй гэж хэлээд маргасан” гэж мэдүүлсэн /х.х-112-113/ байх боловч мөрдөгчийн “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Ц.Гийн бие цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн байна. Энэ гэмтлийг хэн учруулсан бэ?” гэх асуултад “Би талийгаачийг нэг удаа өшиглөсөн энэнээс болсон үгүйг мэдэхгүй байна. Хүн амьтантай хэрүүл зодоон хийсэн талаар яриагүй. Ер нь хүмүүстэй хэрүүл зодоон хийгээд байдаггүй. Тэр хоёр хоногийн хугацаанд надтай л нэг удаа хальт хэрүүл маргаан хийсэн, өөрөөр ямар нэг хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй” хэмээн мэдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлын нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан бөгөөд яллагдагч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй агуулга бүхий дээрх мэдүүлгийг шүүхээс яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэгт тооцож, түүний гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.

Шүүгдэгч ******* нь нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 4-38 тоотод байрлах гэртээ архидан согтуурч төрсөн дүү Ц.Гийг гэдэс хэсэг рүү нь өшиглөж, түүний бие махбодид “цутгалан гэдэсний урагдал, язрал, цус хуралт, хэвлийн гялтангийн цус хуралт гэмтэл” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь тухайн цаг үед гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх боловч Ц.Гийг “алъя” гэсэн ямар нэг санаагүйгээр тухайн гэмтлийг учруулсан, хохирогч Ц.Г нь түргэний эмчийн “эмнэлэг рүү авч явна” гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эмнэлгийн тусламж авахаас татгалзаж,  түргэний эмчийг явуулсан ба 2 хоногийн турш өвдөж зовуурилаж байгаад дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж гэртээ нас барсан болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч Ц.Г нь төрсөн эгч *******гийн гэрт амьдардаг, иргэний бичиг баримтгүй иргэн байсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эгч Ц.Тийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас төрсөн дүү Ц.Гийн амь нас хохирсон болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хүний амь нас хохирсноос учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх боломжгүй юм.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******д холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор /1987 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-157/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-132/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1987 оны/ 54 дүгээр зүйлийн “б”-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна.

Иймд түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль тогтоогдсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувьд гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эм, цай болон түргэний эмч дуудах зэргээр туслалцаа үзүүлсэн байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй болон хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэх тайлбарыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ялгүй болгож өгнө үү” гэж, иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч *******г “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******гийн хувийн байдлыг  харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цгийн Цг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Боржигон овогт Цгийн Цд 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг *******д холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

 

                                                          ШҮҮГЧИД                                   Г.МӨНХЗУЛ

 

                                                                                                                Ц.УРАНГУА