Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/424

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208005780451 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-д авто клаб хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл ...., ................. хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .................. дугаар гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... байр .... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Г (РД:...............).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудлын явган хүний гарцан дээр хохирогч Б.Э-тай маргалдан хамар, баруун хацар, шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хоорондоо муудалцаад биеэ барьж чадахгүй хүн зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

 

Эрүүгийн 2208005780451 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Э-ын: “2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын эсрэг талд баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцаар алхаж байтал саарал өнгийн **-** *** улсын дугаартай SМ-5 маркын тээврийн хэрэгсэл тулаад гарцан дээр зогсохоор нь би “явган хүнд зам тавьж өгдөггүй юм уу” гээд уурлаад машиных нь урд хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Жолооч машинаа тавьчихаад бууж ирээд баруун талын хацар, хамрын баруун хэсэг рүү 2 удаа цохисон. Автобусны буудал дээр байсан хүмүүс ирж салгасан. Томографит зураг авахуулсан 130,000 төгрөгөө нэхэмжилж байна. Энэ мөнгөө авчихвал өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.26-ны өдрийн 2045 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүгдэгч Н.Г-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын автобусны буудлын явган хүний гарцан дээр явган зорчигчийг харахгүй тулж зогссон. Тэр хүн миний машины урд гупер лүү өшиглөхөөр нь буугаад тэр ахтай асуудлаа шийдэх гэж эвээр ярих гэтэл хэл амаар доромжилж эхэлсэн. Машиндаа суугаад явах гэтэл машины урд ирж зогсоод явуулахгүй байсан. “Ахаа би явлаа” гэж хэлтэл “буугаад ир” гэсэн. Машинаас буутал намайг ар талаас өшиглөсөн. Би уурлаад нүүрний баруун талд зүүн гараараа 2 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-42), Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт (хх-29), төрсний гэрчилгээний хуулбар (хх-30), АСАП сангийн лавлагаа (хх-34-41), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-64), дансны дэлгэрэнгүй хуулга (хх-65-68), хохирогчид 130,000 төгрөг төлсөн баримт (хх-70), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-71, 72), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-73-74), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-75) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Г нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудлын явган хүний гарцан дээр хохирогч Б.Э-тай маргалдан хамар, баруун хацар, шанаа хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Э-ын “...жолооч машинаа тавьчихаад бууж ирээд баруун талын хацар, хамрын баруун талын хэсэг рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-9-10), шүүх эмнэлгийн 2045 дүгээр “1. Б.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-21-22) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Г-ын хохирогч Б.Э-тай маргалдан нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, томографийн зураг авахуулсан гэх 130,000 төгрөгийг нэхэмжилснийг төлсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-11, 71)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудлын явган хүний гарцан дээр хохирогч Б.Э-тай маргалдан улмаар хамар, болон баруун хацар, шанаа хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл” бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Н.Г “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч байсан хохирогчтой маргалдан нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 130,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР