| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0656/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/649 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/649
2022 05 18 2022/ШЦТ/649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 21080100000000 тоот хэргийг 2022.05.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын компанид засал чимэглэлчин ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 0-р хороолол ЦС 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Хангай овогт Чгийн Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудлын ТҮЦ-ний дэргэд гартаа барьж явсан шилтэй архиар үл таних Т.Аын толгойн тус газар нь цохисны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Т.Аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-10/,
- Хохирогч Т.Аын “Би 2021 оны 6 дугаар сарын 27-ны үед ТҮЦ-нээс шөнийн 01 цагийн үед тамхи авах гээд зогсож байсан чинь хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу ирээд миний хажуугаар гарахдаа хөлөн дээр гишгэхээр нь би “чи цаашаа байгаач” гээд түлхсэн чинь намайг “зүгээр байгаарай п...а минь" гээд мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би тэр хоёр залуутай зууралдаад манай найз Ц.Чулуунхүү салгаад, машиндаа суугаад явах гэхэд явуулахгүй машины урд зогсоод, буугаад ир гээд орилоод байсан тэгэхээр нь би буугаад “зайл явмаар байна” гэсэн чинь 165-170 см өндөртэй, бор царай зүстэй махлагдуу, бараан хувцастай залуу миний толгойн тус газар луу 0,75 граммын хараа нэртэй архины шилээр цохиод, архины шил нь хагараад хүзүүг зүссэн. ******* надад 1,500,000 төгрөг өсгөн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-20, 25/,
- Гэрч Ц.Чгийн “Би 2021 оны 6 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 00 цагийн орчим Т.А Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудлын ТҮЦ-нээс тамхи авахаар буухад ТҮЦ-ны урд 2 хүн байсан, тэр хоёртой Т.А маргалдаад, ганц хоёр цохилцсон. Тэр хэдийг салгах гэж нэлээн ноцолдоод, Т.Алтанбаганыг би машиндаа хүчээр суулгаад явах гэхэд ******* нь машины урд зогсчхоод хөдөлгөхгүй байсан. Тэгээд Т.А “уучлалт гуйчхаад ирье” гээд машинаас буугаад удалгүй ******* нь Т.Алтанбаганы толгой руу 0.75 литрийн хараа нэртэй архины шилээр нэг удаа цохиод, цохисон эрчиндээ доош нь шувтарч хүзүүг нь зүссэн” гэх мэдүүлэг (х.х-27),
-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /х,х-14/,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 5765 дугаартай “Т.А-н биед хүзүү, баруун эгэм хүртэл шарх, дагзны хуйханд зулгаралт, цээжний баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хүзүү, баруун эгэм хүртэл шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, дагзны хуйханд зулгаралт, цээжний баруун хэсэгт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /х.х-40-41/,
- Яллагдагч *******ын “...Надад сонсож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... миний уур хүрээд, явуулахгүй машиных нь урд зогсож байхад Т.А машинаасаа ганцаараа бууж ирээд “зайл п...а минь, явмаар байна” гээд намайг татахад би халаасанд байсан бүтэн шилтэй 0.75 граммын архины шилээр толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл уг шил хагараад хагархайн хэсэг нь Т.Аын хүзүү эгэм хэсгийг нь зүсчихсэн юм...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би Т.Аас уучлалт гуйгаад, эмчилгээний зардалд хэрэглэ гээд 1500000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /х.х-54-55/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Т.Аын мэдүүлэг /х,х-20, 25/, гэрч Ц.Чгийн мэдүүлэг /х,х-27/, шинжээчийн 2021.07.02-ны өдрийн 5765 дугаартай дүгнэлт /х.х-40-41/, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /х.х-54-55/ зэрэг баримтуудаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних Т.Аын хөл дээр гишгэж, үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, архитай шилээр толгойн тус газар нь цохисны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.А нь “хохирол төлбөрт 1500000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж /х.х-101/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Т.А нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч ******* нь өөрийн санаачилгаар 1,5 сая төгрөг хохирогчид өгсөн байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Шүүгдэгч ******* нь бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.01.19-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар *******т 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэж байсан болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-71-72/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тэнсэж харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин шилтэй архиар хохирогчийн толгой руу нь цохиж хагалсны улмаас хүзүүний зүүн доод хэсгээс баруун эгэмний дунд хэсэг хүртэл 17 см урт зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Т.А нь хавтаст хэргийн материалтай танилцаад “хохирол төлбөрт 1500000 төгрөг хүлээн авсан ба санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хохирогч Т.Аын гомдол мэдээллийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 17 минутад хүлээн авсан ба 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Тухайн хэрэг нь ээдрээ төвөгтэй, ажиллагаа ихтэй хэрэг байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байхад хэрэг бүртгэлтийн хугацааг ийнхүү сунжруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хангай овогт Чгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хангай овогт Чгийн Тт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т шүүхээс оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, хохирогч Т.А нь 1500000 төгрөг хүлээн авсан ба гомдол саналгүй гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ял оногдуулна гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ