Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/438

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Ө-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000373 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин зах дээр гар утасны засвар үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *-ын гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 38 дугаар гудамж, 04 тоотод түр оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт А-гийн Ө (РД:***********).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ө согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-7 тоотод хохирогч Н.Б-г хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор доод ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-7 тоот хашаанд байсан хохирогч Н.Б-гийн эзэмшлийн **** УАВ улсын дугаартай Тоёота Харрьер маркын тээврийн хэрэгслийн копут, урд буфер, урд некл нүүр зэргийг эд зүйл шидэн эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бусдад 3,140,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 2 дугаар сарын 07-нд ажлынхантайгаа Цонжинболдог руу амралтад явсан. Орой гэртээ ирээд дэлгүүрээс архи аваад Б-тай хувааж уусан. Хэрүүл хийгээд байхаар нь би нэг цохисон. Гараад явахад нь машин руу нь түлээний мод шидсэн. Б байж байгаад 2-3 хоног алга болчихдог, тэгээд нөгөө хүнтэйгээ хамт байгааг нь мэдээд муудалцсан. Би хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн. **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б-гийн эзэмшлийнх. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208000000373 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Б-гийн: “Би А.Ө-той хамтран амьдраад 1 жил болж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цуг ажилладаг хүмүүсийн хамт Чингисийн хүрээний орчим салхинд гарсан. Ө архи уугаагүй, миний машиныг барьж явсан. Би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Замдаа дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад гэртээ ирсэн. Би тухайн архинаас 1-2 удаа татаж байтал Ө намайг өмнөх найз залуутай хардаад зүүн талын нүд орчим гараараа нэг удаа цохиход хамраас цус гарахаар нь “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл Ө “яадаг юм” гээд байхаар нь би гараад зугтаачихсан. Ардаас гарч ирээд “чиний машиныг эвдэнэ” гээд нэг эд зүйлээр машины копут, урд буфер зэргийг цохиж эвдэлсэн. Миний тээврийн хэрэгсэл болон эмчилгээний зардлыг Ө бүрэн барагдуулж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.10-ны өдрийн 2705 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Н.Б-гийн биед зүүн нүдний дотор доод ханын хугарал, зүүн нүдний дээд довхинд цус хуралт няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022.02.08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 134 дугаартай тайланд: “Копут-хонхойж үрчийсэн 2,850,000 төгрөг, урд буфер-цохигдож сэвтсэн 250,000 төгрөг, урд некл нүүр-ирмэг эвдэрч гэмтсэн 40,000 төгрөг, нийт хохирлын дүн нь 3,140,000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Шүүгдэгч А.Ө-ын яллагдагчаар өгсөн: “Би Н.Б-тай хамтран амьдраад 1 жил болж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би эхнэр Б-гийн хамт Хархорин худалдааны төвийн гар утас зардаг хүмүүсийн хамт Чингисийн хүрээ гэх газар луу салхинд гарсан. Тэр үед би архи уугаагүй, машин барьж байсан. Б архи согтууруулах ундааны зүйл уусан. Буцах замдаа бид хоёр дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад гэртээ уугаад дууссаны дараа Б орилж чарлаад агсам согтуу тавиад миний нуруу луу цохиод байхаар нь уур хүрээд хэрэлдээд Б-гийн зүүн талын нүд рүү нэг удаа цохиход орилж чарлаад гэрээс гараад явчихсан. Ардаас нь гартал Б-гийн машин байхаар нь газраас бөөрөнхий мод аваад машин руу шидчихээд гэртээ орж ирээд байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-3), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-57), шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй тодорхойлолт (хх-50), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-51), үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-52), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-53), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-54), банкны дансны хуулга (хх-55-56), Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-60-66, 67-73), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-74-75), хохирогч Н.Б-гийн “Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх хүсэлт (хх-92) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ө согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-7 тоотод хохирогч Н.Б-г хардалтын улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор доод ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-7 тоот хашаанд байсан хохирогч Н.Б-гийн эзэмшлийн **** УАВ улсын дугаартай “Тоёота Харрьер” маркын тээврийн хэрэгсэл рүү мод шидэн копут, урд буфер, урд некл нүүрийг эвдэлж гэмтээн, бусдад 3,140,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Б-гийн “...Замдаа дэлгүүрээс архи аваад гэртээ хувааж уусан. Ө зүүн талын нүд орчим гараараа нэг удаа цохиход хамраас цус гарсан. ...чиний машиныг эвдэнэ гээд нэг эд зүйлээр машины копут, урд буфер зэргийг цохиж эвдэлсэн...” гэх мэдүүлэг (хх-12-13), шүүх эмнэлгийн 2705 дугаар “1. Н.Б-гийн биед зүүн нүдний дотор доод ханын хугарал, зүүн нүдний дээд довхинд цус хуралт няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-18-19), шүүгдэгч А.Ө-ын “...Гэртээ бид хоёр архи уусан. Б-гийн зүүн талын нүд рүү нэг удаа цохисон... Б-гийн машин руу бөөрөнхий мод аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг (хх-83-84) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Ө-ын согтуурсан үедээ хохирогч Н.Б-г хардан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн,

мөн шүүгдэгч А.Ө-ын согтуурсан үедээ хохирогч Н.Б-гийн эзэмшлийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү мод шидэж тээврийн хэрэгслийн копут, урд буфер, урд некл, нүүр зэргийг эвдэлж гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 163,500 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирогч Н.Б-гийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 3,140,000 төгрөг тогтоогдсон, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчийн “Машины болон эрүүл мэндийн хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-16, 92)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Ө согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-7 тоотод хохирогч Н.Б-г хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор доод ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 5-7 тоот хашаанд байсан хохирогч Н.Б-гийн эзэмшлийн **** УАВ улсын дугаартай Тоёота Харрьер маркын тээврийн хэрэгслийн копут, урд буфер, урд некл нүүр зэргийг эд зүйл шидэн эвдэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бусдад 3,140,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялыг 1,600,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд гараар цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан, мөн үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн тээврийн хэрэгсэл рүү түлээний мод шидэн эд ангийг гэмтээсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 163,500 төгрөгийн баримт гаргаж өгсөн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял дээр 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,250,000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөр тогтоолоо.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Хархорин” худалдааны төвд гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг, гар утас засварладаг ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч А.Ө-ыг 1,250,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-гийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1,250,000 төгрөгөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-ыг 1,250,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ө-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР