| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0422/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/439 |
| Огноо | 2022-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/439
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ш-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000379 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын ** дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ы Ш (РД:***********).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ш согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн задгай тоотод төрсөн дүү хохирогч Б.Б-ыг “архи уулаа” гэж уурлан толгой, нүүр, бие хэсэгт 2 гараараа цохиж, заазуураар цохиж зүсэн эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн хацар шарх, зулай, дагзны хуйханд зулгаралт, хүзүүнд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, би тухайн үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг уусан байсан. Би саяхан Толгойтод замаскны үйлдвэрт ажилд орсон, ажилтай болсон тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208000000379 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Б-ын: “2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын задгай тоотод байрлах гэртээ 1 шил архийг танил ах Энхтуултай хувааж уусан. 19 цаг өнгөрч байхад төрсөн ах Ш халамцуу орж ирээд хэвтэж байснаа гэнэт над руу уурлаж “Чи муу архи уучихсан юм уу” гээд толгой, нүүр, бие хэсэгт хоёр гараараа цохиж байгаад шүүгээнээс шар эрээн иштэй заазуур аваад толгой, нүүр, хоёр гар, нуруу, хамар, цээж, биеийн бүх хэсэгт энд тэндгүй цохиж зүсэхээр нь хоёр гараараа хааж байгаад гарч зугтсан. Дөлгөөн гэх залуугийн гэрт орж “ах намайг заазуурдчихлаа, цагдаа, эмч дуудаад өгөөч” гэхэд дуудаж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 21 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.15-ны өдрийн 2887 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Б.Б-ын биед хамрын нуруу, зүүн хацар шарх, зулай, дагзны хуйханд зулгаралт, хүзүүнд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах үед дээрх гэмтлүүд нь үүсэхгүй. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Гэрч О.Д-ний: “2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байхад 20 цаг өнгөрч байхад манай ойролцоо амьдардаг Б ах согтуу, нүүр, ам нь цус болчихсон орж ирээд “намайг Шинээ ах заазуурдчихлаа” гэхээр нь “хаана байгаа юм” гэж асуутал “гэртээ байна” гэсэн. 103 дуудаж гэртээ үлдээчихээд Б- ахын гэрт иртэл Шинээ ах гэртээ согтуу, унтаж байсан. “Архи уулаа” гэж заазуурдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Шүүгдэгч Б.Ш-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр дүү Б-ын гэрт 19 цагийн үед халамцуу очтол дүү архи уучихсан байхаар нь “Чи яагаад архи уугаад байгаа юм бэ, архи уухгүй байж болдоггүй юм уу” гэж хэлтэл “Танд ямар хамаатай юм” гэхээр нь хэдэн үг хэлсэн чинь хэрүүл маргаан хийгээд байхаар нь уур хүрээд Б-ын толгой, нүүр, бие хэсэгт 6-7 удаа гараа атгаж байгаад цохичихоод шүүгээнээс шар өнгийн иштэй заазуур аваад толгой, нүүр, гар, чих, бие хэсэгт нь хөнгөн зүстэл гараад гүйсэн. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надаас ямар нэгэн хохирол нэхээгүй, нэхвэл төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-7), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-30), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-40), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-31), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-32), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-33), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-34), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-35) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ш согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн задгай тоотод дүү хохирогч Б.Б-ыг “Архи уулаа” гэж уурлан толгой, нүүр, бие хэсэгт гараараа цохиж, заазуураар цохиж, зүсэн эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн хацар шарх, зулай, дагзны хуйханд зулгаралт, хүзүүнд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Б-ын “...Ах Ш халамцуу орж ирээд ...миний толгой, нүүр, бие хэсэгт хоёр гараараа цохиж байгаад шүүгээнээс шар эрээн иштэй заазуур аваад биеийн бүх хэсэгт энд тэндгүй цохиж зүсэхээр нь...” гэх мэдүүлэг (хх-18), шүүх эмнэлгийн 2887 дугаар “1. Б.Б-ын биед хамрын нуруу, зүүн хацар шарх, зулай, дагзны хуйханд зулгаралт, хүзүүнд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-52-53), гэрч О.Д-ний “...Б ах согтуу, нүүр ам нь цус болчихсон орж ирээд “намайг Шинээ ах заазуурдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-23), шүүгдэгч Б.Ш-ын “...Бын гэрт халамцуу очтол архи уусан байхаар нь уур хүрээд толгой, нүүр, бие хэсэгт нь 6-7 удаа гараа атгаж байгаад цохичихоод шүүгээнээс шар өнгийн иштэй заазуур аваад толгой, нүүр, гар, чих, бие хэсэгт нь хөнгөн зүссэн...” гэх мэдүүлэг (хх-47-48) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ш-ын хохирогч Б.Б-ыг “Архи уулаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, заазуураар цохиж, зүсэн хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-21)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Ш нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн задгай тоотод төрсөн дүү хохирогч Б.Б-ыг архи уулаа гэж уурлаж улмаар толгой, нүүр бие хэсэгт 2 гараараа цохиж, хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн хацар, шарх, зулай дагзны хуйханд зулгаралт, хүзүүнд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Би ажил хийж байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү, Толгойтод замаскны үйлдвэрт ажиллаж байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, төрсөн дүүгээ “архи уулаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгой, нүүр хэсэгт гараараа цохих, заазуураар биед нь цохих, зүсэх үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай болсон гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Толгойтод камаскны үйлдвэрт ажилд орсон гэх)-ийг харгалзан шүүгдэгч Б.Ш-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “275 мм урттай, ажлын хэсэг 150 мм урт, өргөн 70 мм хэмжээтэй ховил бүхий шар эрээн өнгийн хуванцар бариултай 1 ширхэг заазуур”-ыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “275 мм урттай, ажлын хэсэг 150 мм урт, өргөн 70”мм хэмжээтэй ховил бүхий шар эрээн өнгийн хуванцар бариултай 1 ширхэг заазуур”-ыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР