Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 396

 

О.Эхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Эхийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1805031950700 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  О.Э, 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, /РД:..................../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

О.Эх нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороололд байрлах “Гэр бүл маркет” хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан иргэн Е.Бын эзэмшлийн, 99-14 УНГ улсын дугаартай, “Kia Bongo 3” загварын автомашины тээшнээс 7 пакет буюу нийт 1500 ширхэг “Алтан жимс” нэртэй найруулдаг ундааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Е.Бт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Эхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Эхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Эхийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эхэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Эх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол О.Эхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Эх гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Е.Бын 99-14 УНГ улсын дугаартай автомашины тэвшин дээрээс, найруулдаг сироп авсан хэрэг үйлдсэн. Би хохирогчийн автомашины кабинд нэвтэрч хулгай хийгээгүй, тэвшин дээрээс уг зүйлийг авсан юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн О.Эхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Эхэд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

 

Шүүгдэгч О.Эх нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороололд байрлах “Гэр бүл маркет” хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан иргэн Е.Бын эзэмшлийн, 99-14 УНГ улсын дугаартай, “Kia Bongo 3” загварын автомашины тэвшнээс 7 пакет буюу нийт 1500 ширхэг “Алтан жимс” нэртэй найруулдаг ундааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Е.Бт 600.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Тэрээр иргэн Е.Бын автомашины тэвшнээс эд зүйл хулгайлснаа хүлээн “...Жолооч нь машинаасаа бууж хойд ачаанаасаа рашаан ус аваад дэлгүүр лүү орохдоо ачааныхаа хаалгыг түгжихгүй орхичихоор нь би очоод гадуураа хатуу гялгар уутаар багласан 7 пакет “Алтан жимс” нэртэй найруулж уудаг ундааг аваад 9 давхар байрны 6 дугаар орц руу оруулж тавьчихаад буцаж гарч ирсэн... Жолоочийг машинаа асаагаад хөдлөөд явсны дараа такси бариад нөгөө 7 пакеттай ундааг гэр лүүгээ авч явсан. ...” гэж мэдүүлдэг /хх 24/ ба түүний мэдүүлэг нь хохирогч Е.Бын “... бараагаа “Гэр бүл” маркет руу оруулчихаад буцаад машин дээрээ ирээд дэлгүүрээс авсан буцаалтын барааг тэвшинд хийх гэтэл 7 пакеттай 10 хайрцаг 15 ширхэг “Алтан жимс” нэртэй жүүс хулгайд алдагдсан байсан. ...” /хх 10-11/ гэх мэдүүлэг,

 

Алдагдсан эд зүйлд “Дамно” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн тайлан /хх 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокуророос О.Эхийн хохирогч Е.Бын тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.Эхийг орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч О.Эх нь “... надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон О.Эхийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд түүнд оногдуулсан хорих ялыг дахин хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай ба анхан шатны шүүх О.Эхийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангид заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хорих ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.Эхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  О.Эхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ                       

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

  ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН