Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/0422

 

 

 

Ө.Т-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргалыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19- ний өдрийн 22 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор. Ө.Т-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Т-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолын хүрээнд 2 га газар ойжуулах, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар авч, 4 дэх жилдээ эзэмшиж байгаа. Дээрх газрын 80 сот газарт бага сага хүнсний ногоо тариалсан. Гэтэл үүгээр далимдуулан Ховд сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 1 сая 920 мянган төгрөгийн торгууль оногдуулсан. Иймд, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Т-ний зөрчил гаргасан газар нь хаваржааны буюу бэлчээрийн бүс нутагт хамрагддаг, аймгийн болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тариалан эрхлэх зориулалтаар батлагдаагүй. Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Баянбулаг багийн Бугат үзүүрээс Улаан боом хүртэл ойжуулалт. тэжээлийн ургамал тариалах зориулалтаар газар олгосон боловч уг тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон... эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь заалтыг үндэслээд торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Т-н давж заалдах гомдолдоо: Миний бие Ховд аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолын хүрээнд 2 га газар ойжуулах, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар авч 5 дахь жилдээ эзэмшиж байна Би өөрийн зардал, хөдөлмөрөөр жилийн жилд мод, сөөг тариалсаар бүхэл бүтэн төгөл бий болгосон. Цаашид ойжуулах ажлаа улам төгөлдөржүүлнэ гэж бодож байна. . Амьдралд маань нэмэр болох болов уу гээд эзэмшиж байгаа газрынхаа завсар зайгаар нь бага сага хүнсний ногоо тариалсан чинь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А үзэн 1.920.000 төгрөгийн торгууль оногдуулан, улмаар тороо буулгахыг шаардан, хэрэв 14 хоногийн дотор буулгахгүй бол албадаж буулгана гэж цагдаа дагуулан ирж сүрдүүлсэн тул шүүхэд хандсан. Тэд миний 6 жилийн хугацаанд өөрийн зардал, хүч хөдөлмөрөөр бий болгосон зүйлсийг булааж, дээрэмдэж авч болохгүй гэдгийг Ш.А болон Ховд сумын эрх мэдэлтнүүдэд ойлгуулж өгөх шиг болсонд баярлаж байна.

Харин намайг 1 сая 920 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасанд сэтгэл гонсгор байна. Би тийм хэмжээний торгууль төлөхөөр бэл бэнчинтэй байсан бол амьтанд ад үзэгдэн ногоо тариалахгүйсэн. Нөгөө талаар нам даган далдганаж, өнгө, мөнгөөр албан тушаалд очдог нөхдүүд өөр хоорондоо улс төржихөөс гадна жирийн иргэдийг хүртэл үзэл бодлоор нь хясан хавчдаг боллоо. Ардчилсан намаас сонгогдсон Ховд сумын Засаг дарга Д.М анх иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор дээрх газрыг олгосон. Иргэдэд эзэмшүүлэх гэрчилгээ олгох шийдвэр гаргуулахаар тухайн үеийн аймгийн Засаг дарга. Ардын намаас сонгогдсон н.Н-д хандахад улс төржөөд зөвшөөрөөгүй гэдэг. Одоо ардчилсан намаас сонгогдсон аймгийн Засаг дарга н.Ц бидний хүсэлтийг хүлээн авч Ховд сумын удирдлагад тэр газрыг иргэдэд эзэмшүүлье гэхээр Ардын намаас сонгогдсон Ховд сумын удирдлагууд “Буянт голын дагуух эко системд '          хохирол учруулж болзошгүй" гэсэн тайлбар тавин сөрж зогсдог.

Намайг хүнсний ногоо тариаллаа гэж ч үзээд байгаа юм биш, сонгуулийн үеэр “Ардчилсан нам мандтугай” гэж хаширчихдаг байсанд минь гол нь эгдүүцэн дургүйцэж, хавчин гадуурхаж, эдийн засгийн хүнд цохилтод оруулж, бах таваа хангах гэж торгууль тавиад байгаа. Хэдийгээр шүүх ач холбогдол өгөөгүй ч Ховд сумын эрх мэдэлтнүүд намайг газар эзэмших гэрчилгээгүй гэж буруутгадаг. Надад гэрчилгээ байхгүй нь үнэн. Би тэнд дураараа буугаагүй. Тухайн үеийн сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр, зөвшөөрлөөр буусан. Ганцхан би ч биш, 11 айл буусан. Бүгд өнөөдөр байж л байна. Ховд сумын иргэдийн Төллөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоол хүчин төгөлдөр биш гэдгийг нотлоод байна. Түүнд миний буруу байхгүй. Би боловсрол муутай хүн. Тэр болгоныг нь сайн ойлгоогүй. Намайг газар хагалж, хүнсний ногоо тариалсан гэж буруутгаж, шүүх дэмжсэн газрыг хагалах, ухах хоёр яг адилхан зүйл. Хүнсний ногоог газрыг хагалан тариалдаг бол бут, сөөгийг газар ухаж байж суулгадаг Хүнсний ногоо тариалах гэж тусад нь шуудуу татаагүй. Бусад айлуудтай холбогдсон бут, сөөг услахаар татсан шуудуугаар ирсэн усаар усалдаг байсан. Илүүдэл ус нь элсэнд шингээд алга болдоггүй, Буянт гол руу буцаад цутгадаг Малын тэжээл биш, хүнсний ногоо тариалсан гэж буруутгадаг. Хүнсний ногоог ч малын тэжээл болгон ашигладаг.

Ш.А 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн гэдэг. Хүнсний ногоог 4 дүгээр сарын сүүлчээр тарьдгийг хүн болгон мэддэг Асар их хөдөлмөр, зардал, чирэгдэл болж тариалаад сар орчим болсон, соёолчихсон хүнсний ногоогоо Ш.А-оос мэдэгдэх хуудас авснаар буцаад ухаад гаргаж хаях хэцүү байсан. Ерөнхийлөгч болон төр засгаас иргэдээ дэмжиж тусалъя, газар олгоё, өмчтэй болгоё, амьжиргааг нь дээшлүүлье, хүнд суртал, дарамтгүй байлгая гэж өдөр болгон шахам ярьж байхад Ховд сумын эрх мэдэлтнүүд үүний эсрэг байгаа нь хачирхалтай. Шүүх Ховд суманд байгаа нэг намаас сонгогдсон эрх мэдэлтнүүдийн үгийг нь сонсож цаасан дээр буулгадаг юм байна. Тэгвэл надтай хамт газар эзэмшиж байгаа 11 өрхийн хүмүүсийн үгийг ч бас нэг сонсоосой. Миний болон бусад 11 иргэний эзэмшиж байгаа газрыг бэлчээрийн бүс нутаг гэдэг. Тэр газар нь бидний аав, ээж, ах дүүсийн байгалийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхсөдөн хамаг малаа зутанд өгч орхиж явсан, тоногдоод юу ч үгүй болсон өвөлжөөний ормоос өөр юу ч үгүй болон хувхайрсан газар байсан. Харин бидний хэдэн айл очсоноос хойш өнгө засан сэргэж байгаа газар.

Бидний хэдэн айлд зөвшөөрөл өгөх юм бол Буянт голоос суваг, шуудуу татан ус авах ба энэ нь гол тариалангийн ус хүрэлцээгүй олон зуун иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох ногоо, хадлангаа бэлтгэх, ундны усны хомсдолд орох цаашлаад Буянт гол дагуух эко системд хохирол учруулж болзошгүй гэж мэдэмхийрдэг. Ховд, Буянт сумын тариаланчид усны хомсдолд огт ороогүй. Харин ч ус ихэдсэнээс ургацаа алдсан гэх хүмүүс олон байдаг. Арга ядсан бид голыг зарим хэсгээр нь боож, эзгүй тал руу гарган элсэнд шингээдэг. Би хүнсний ногоо тариалахаар суваг, шуудуу татаагүй. Бидний хэдэн айл нэгдсэн журмаар мод, бут, сөөг тариалахаар Буянт голын дээд хэсгээс эхтэй суваг 11 айлын газрыг дамжин явж буцаад Буянт гол руу цутган төгсдөг. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй элсэнд шингээж хаядаггүй. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 22 дугаар шийдвэрийг хянаж, өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралыг минь харгалзан үзэж, өршөөж, 1.920.000 төгрөгийн торгуулиас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.А давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ховд сумын Баянбулаг багийн иргэдийн гаргасан саналыг удаа дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Засаг дарга нар холбогдох газарт уламжилсан боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөрчил гарсан газрыг батлаагүй. Иргэдийн амьдрал ахуйгаа дээшлүүлье, мод тарья, бэлчээрээ хамгаалъя гэсэн саналыг сум орон нутаг дэмжсэн. Нэгэнт хуулийн хүрээнд тариалангийн зориулалтаар эзэмшихийг аймаг зөвшөөрөөгүй болохоор иргэдэд газар эзэмших эрх олгоогүй. Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоол хүчингүй болсон. Ховд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тариалангийн бүс гэж байдаг. Уг газар хуулийн дагуу хүсэлтээ гаргаад газар тариалан эрхэлсэн бол Ө.Т-нд газар эзэмших эрх нь байгаа. Нэгэнт зөвшөөрөөгүй буюу малын бэлчээрт газар тариалангийн талбай бий болгосон энэ хүний буруутай үйлдэл юм. Манай сумын болон бусад тариалан эрхлэгчид Буянт голоос ус авч, аж ахуйгаа эрхэлдэг. Зөрчил гарсан газрын ойр орчим байдаг иргэд үүнийг ухамсарлан газар хагалан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Үндсэндээ иргэнийхээ үүргээ ухамсарласан. Зөвхөн гомдол гаргагч этгээд зориуд мэдсээр байж хууль зөрчиж, газар хагалан төмс хүнсний ногоо тариалсан байдаг.

Малын тэжээл гэдэг бол царгас, олон наст ургамал гэх мэт малд хэрэглэдэг тэжээлийн ургамал. Төмс, хүнсний ногоог хүн өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх зорилгоор тариалдаг болохоос биш малын тэжээл болгохоор тарьдаг тохиолдлыг мэдэхгүй. Мэдэгдэх хуудсыг Баянбулаг багийн Засаг дарга Ж.С өгсөн. Хуулийн дагуу багийн Засаг дарга хуулийн хэрэгжилтийг тухайн нутаг дэвсгэрт хангах үүрэгтэй. Тухайн үед надаас утсаар мэдээлэл солилцсон. Би хуулийн заалтыг тайлбарлан хэлж өгсөн. Газар хагалсны дараа мэдэгдэх хуудас өгсөн гэж байгаа ч иргэн Ө.Т-нд хангалттай сануулга өгсөн. Бүр гэрт нь хүртэл хурал хийсэн... Ө.Т-нд ямар нэгэн дарамт шахалт, хүнд суртал захиргааны байгууллагын зүгээс үзүүлээгүй бөгөөд баг, сум орон нутгаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж, ил тод мэдээллээр хангах ажлыг зохион байгуулсан. Иргэн хуулиа дээдлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийн шийдвэрээр буруутай нь тогтоогдож байхад төрийн албан хаагч болон бусад эрх мэдэлтнүүдийг доромжлон гүтгэх нь үнэнд нийцэхгүй байна. Шүүхийн байгууллага үнэн зөвийг ялган зөв мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атлаа газрыг зориулалтын бусаар ашиглан шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчилд хариуцагчаас Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 1.920 000 төгрөгөөр торгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Т-нд тус газрыг хагалахгүй, тариалангийн зориулалтаар ашиглахгүй байх талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь Ховд сумын Баянбулаг багийн “Бугат үзүүр”-ээс “Улаан боом” хүртэлх газар орчимд 14.7 га газрыг тор татан хашаалж, уг газартаа цөөн тооны бургас, улиас зэрэг мод тариад тухайн газрынхаа 6 хэсэг газарт хүнсний ногоо тариалсан болох нь шүүхээс тухайн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс “Ховд сумын эрх мэдэлтнүүд намайг газар эзэмшээгүй гэж буруутгадаг. Надад гэрчилгээ байхгүй нь үнэн. Гэхдээ би тэнд дураараа буугаагүй, тухайн үеийн сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, зөвшөөрлөөр буусан. 2 га газар ойжуулах, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар авч 4 дэх жилдээ эзэмшиж байгаа бөгөөд жилийн жилд мод сөөг тариалсаар бүхэл бүтэн төгөл бий болгосон. Амьдралын эрхээр дээрх эзэмшиж байгаа газрын зай завсраар бага сага хүнсний ногоо тариалсан...” хэмээн маргаж байна.

Ховд сумын удирдлагын зүгээс Баянбулаг багийн Бугат үзүүрээс Улаан боом хүртэлх байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолоор тус сумын Баянбулаг багийн Бугатын үзүүрээс Улаан боом хүртэлх, Буянт голын хойд эргийн бэлчээрийн зохих хэсгийн ойжуулалт хийж, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэх, газрын хэмжээг нэг өрхөд 2 га газрыг 15 жилийн хугацаатай байхаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар баталгаажуул- сан байх боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/05 дугаар тогтоолын 3 дахь заалтаар өмнөх 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан ойжуулалт хийх зориулалтаар дээрх газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай саналыг аймгийн Засаг даргад уламжилсан хэдий ч аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан батлагдаагүй байна.

Иймд, дээрх газарт иргэдэд газар эзэмшүүлээгүй нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон, зөрчлийн шинж байдалд тохируулан хуульд заасан хэмжээгээр төлбөрийг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн “өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралыг минь харгалзан үзэж, өршөөж, торгуулиас чөлөөлж өгөхийг хүссэн" давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь хэсэгт зааснаар торгуулийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.920.00 төгрөг байна. Хуулиар тогтоосон доод хэмжээг шүүх дахин багасгах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

 

Б.ТУНГАЛАГСАЙХАН

Д.БАТБААТАР

Э.ЗОРИГТБААТАР