Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00217

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01087 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1509 дүгээр магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* болон ******* нарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 160.000.000 төгрөг, хохирол 78.309.000 төгрөг нийт 238.309.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хандсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******-ийн захирал *******тай Орон сууц ашиглалтад орох хугацааг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэж тохироод орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 80 айлын сингл хаусны 07 тоотод 120 мк2 орон сууцыг 170.000.000 төгрөгөөр бариулахаар болж, Төв аймгийн Баянчандмань суманд байрлах аялал болон мод үржүүлгийн зориулалттай хашаа татсан 10 га газрыг 100.000.000 төгрөгөөр тооцож гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэх, 2006 оны Наммег Н2 маркийн авто машиныг 50.000.000 төгрөгөөр тооцож өгөх, 20.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохирсноос 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэх 10.000.000 төгрөгийг байр ашиглалтад орохоор өгөхөөр болсон. 2016 оны 5 сард очиход ямарч барилгын ажил хийгдээгүй байсан. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 30-нд *******тай утсаар яриад мөнгийг 2018 оны 6 дугаар сарын 20 гээд буцааж өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Энэхүү барилга одоо хүртэл баригдаагүй, гэрээ биелэгдэх боломжгүй байгаа тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 160.000.000 төгрөгийг хариуцагч ******* болон ******* нараас гаргуулж өгнө үү.

Хэрэв дээрх мөнгийг өгөөгүй байсан бол би арилжааны банкинд тодорхой хугацаатай байршуулж хүүгийн орлого олох байсан. Орон сууц ашиглалтад орох хугацаа буюу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 29 сар болж байна. 160.000.000 төгрөгийг арилжааны банкинд 29 сар хадгалуулахад олох байсан орлогод 49.609.000 төгрөг /160.000.000*12.83% : 12*29/ нэхэмжилж байна. Бид өнөөдрийг хүртэл байргүй, түрээсийн байранд амьдарч, орон сууцыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байна. Байр түрээсэлсний төлбөр 28,700,000 төгрөг болсон.

Иймд *******-иас олох байсан орлого 49.609.000 төгрөг, байрны түрээсийн хохирол 28.700.000 төгрөг үндсэн нэхэмжлэл 160.000.000 төгрөг нийт 238.309.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангид 80.000.000 төгрөг шаардсанаа өөрчилж, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******ын хувьд гэрээний 2.2-т заасан автомашиныг хүлээн авсанд маргахгүй. Харин газрын тухайд өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаагүй бөгөөд *******ын нэр дээр гэрээнд заасан газрын эзэмших эрх шилжээгүй, эзэмших эрхийн гэрчилгээн дээрх 000632614, 000632613 дугаартай гэрчилгээ, *******ын нэр дээр шилжүүлсэн гэх нэгж талбарын 1859834456880 дугаар бүхий газрын хувийн хэрэг, баримт Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар, газрын даамалд байхгүй, ямарч нэгж талбар байгаагүй болох нь нэгэнт тодорхой болсон. ******* нь *******т газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг хийхдээ гэрчилгээ гаргуулах ажлыг өөрөө хариуцна хэмээн амлалт өгч, 2 ширхэг газрын гэрчилгээ авч ирсэн байдаг. ******* нь *******т газар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул 100.000.000 төгрөгийн үндсэн үүргийн төлбөр, энэ үүргээс улбаатай бусад шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01087 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 205.5-д заасны дагуу хариуцагч *******-аас 63.100.583 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 175,208,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.515.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 473.453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1509 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...63.100.583 гэснийг 78.444.000... гэж, 175.208.417 төгрөгт холбогдох хэсгийг... гэснийг 159.865.000 төгрөгт холбогдох хэсэг болон *******т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөх, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...473.453... гэснийг ...550.170 төгрөг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.033.992 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хандсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 14 ний өдрийн дугаар 1509 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байр захиалан бариулах гэрээ байгуулагдсан. ИХ-ийн 205.2.1, 205.2.2, 205.дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр төлнө гэж хуульчилжээ гэтэл гуравдагч этгээдэд шилжигдсэн автомашины үнийн дүнгээс олох ёстой байсан орлого хүү тооцож анхан шатны шийдвэрт ИХ-ийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтыг үндэслэн өөрчлөлт оруулж байгаа нь ойлгомжгүй байна. ИХ-ийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж хуульчилжээ. Хариуцагч *******-нь нэхэмжлэгч *******аас 10.000.000 төгрөг бэлэн авсан. Бэлэн авсан мөнгөнөөс олох ёстой байсан орлого, хохирол тооцох боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэргийн 15-р хуудаст Санхеро ХХК-ийн захирал ******* 2018 оны 5-р сарын 30-ны өдөр орон сууц тохирсон хугацаандаа баригдах боломжгүй болсон учир бэлэн авсан 10.000.000 төгрөг Төв аймгийн Баянчандмань суманд байршилтай нийт 10 га газрын холбогдох хураамжийг бүрэн төлж газрыг буцаан өгөх мөн 50.000.000 төгрөгт тооцон авсан автомашин гуравдагч этгээдэд шилжигдсэн тул шилжүүлж авсан үнийн дүнд дүйцүүлж өөр автомашин 2018 оны 6 дугаар сард багтаан буцаан өгнө гэсэн амлалт бичиг хийж өгч байсан. Гэтэл 10 га газар нь эрх зүйн үйлчлэлгүй газар байсан ба *******д тайлбарлаж хэлэхэд ямар ч асуудалгүй газар гэсэн хариу тайлбар өгснөөс өөрөөр гэрээнээс татгалзсанаар уг газрын эзэмших эрхээ буцаан авах харилцаа огт хийгээгүй нь улмаас өгсөн авснаа буцаах асуудал гацаанд орсон.Хэрэв 10 га газар ямар нэгэн асуудалгүй хууль ёсны байсан бол 2018 оны 6-р сард хариуцагч *******- ийн захирал Д. Наранбаатар өгсөн авснаа буцаах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн эрх зүйн үйлчлэлгүй буюу хуурамч газраас үүдэн үүрэг гүйцэтгэх хугацааг 29 сараар буюу илүү 6 сар нэмэгдүүлж бодогдсон байна. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу 29 сараар бодсон нь ИХШХШТХ-ийн 116.дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 1509 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******т холбогдох шаардлагаас татгалзаж, *******-аас гэрээний дагуу төлсөн 160.000.000 төгрөг, олох байсан орлого, хохирол 78.309.000 төгрөг нийт 238.309.000 төгрөг нэхэмжлэхдээ гэрээнээс татгалзсан гэсэн үндэслэл заажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 63.100.583 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, *******-аас 78.444.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон *******т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...гуравдагч этгээдэд шилжсэн автомашины үнийн дүнгээс олох байсан орлого, хүү тооцсон нь ойлгомжгүй, ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2016-02-22-ны өдөр байгуулагдсан Байр захиалан бариулах гэрээ-гээр ******* нь Улаанбаатар хотын төвөөс 26 км газарт орших Гачууртын Арцатын аманд байрлах, 80 айлын сингл хаусын 07 тоот, 120 м.кв талбай бүхий орон сууцыг гаражийн хамт барьж 2016-07-10-ны өдөр хүлээлгэн өгөх, ******* нь 170.000.000 төгрөг төлөхдөө 50.000.000 төгрөгт тооцон Hammer H2 маркийн машин, Төв аймгийн Баянчандмань дах 10 га газрыг 100.000.000 төгрөгт тус тус тооцон шилжүүлэх, үлдэх төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна /хэргийн 5-6 дугаар тал/.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т нийцжээ.

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болохоо, мөн Hammer H2 маркийн машин, 10.000.000 төгрөг авснаа хариуцагч үгүйсгээгүй, харин нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзахдаа ...газар эзэмших эрх шилжээгүй, машины үнэ, бэлнээр авсан мөнгийг буцааж өгнө гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т заасан, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан талаар зохигчид маргаагүй байна.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ба үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй талаар мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-т зохицуулсан.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас машины үнэ 50.000.000 төгрөг, бэлнээр өгсөн 10.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг гаргуулсан нь зөв боловч хохирлыг үндэслэл бүхий тогтоож чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хохирлыг хариуцагчид шилжүүлсэн 60.000.000 төгрөгийн хэмжээнд арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцож 18.444.000 төгрөг, нийт 78.444.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1509 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хандсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 235.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ