Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/00157

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

     Дугаар 183/ШШ2018/00157

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Стай танилцаж, 2014 оноос хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Е төрсөн. Б.С нь хамтран амьдарч байх хугацаандаа өөр эмэгтэйтэй холбоо тогтоож, хамт байхаар шийдсэн тул бид хоёр 2017 оны 8 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин миний асрамжид өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болж хамтран амьдрах боломжгүй болсон.

 

Иймд Б.Ед эцэг Б.Саас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Б.Хтай танилцаж хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Е төрсөн. Бид 2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч охин эхийнхээ асрамжид өсөж байгаа. Миний буруугаас тусдаа амьдрах болсон тул Б.Хын гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэхгүй. Миний бие энэ хугацаанд бодож тунгаасны эцэст охин Б.Сг өнчрүүлж тусдаа амьдрах хүсэлгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлалд хандаж, охинтойгоо байнга уулзахыг хүсэж байна.  Хүүхдийн асрамжийн тухайд маргах зүйлгүй, тэтгэлгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Ст холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.С нь 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Сд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

 

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу ...эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалдаг, Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Б.С нар 2013 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Б.С төрүүлж, эцэг Б.С нь өөрийн нэрээр охин Б.Сг овоглон төрсний гэрчилгээ авсан, охин эх Б.Хын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь Б.Сгийн 1122004363 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Манал Үйлс өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдоно.

 

Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Б.С нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд . Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Сг эцэг Б.Саар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Б.С шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Б.Х охин Б.Сд зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.С зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй болно.

 

Хариуцагч Б.С хүүхэдтэйгээ хэзээ ч уулзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн зөвшөөрөл авах, эрсдлийг харгалзах зэрэг саналыг харгалзах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Саас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн буюу улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Саас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

            2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.Саас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг зааж, энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Саас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хт олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31.233 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.НАРАНГЭРЭЛ