Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/646

 

2022          05          18                                   2022/ШЦТ/646

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.05.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Үйлдвэр худалдааны “Х” ХХК-д утлагат цехийн мах утагч ажилтай, ам бүл-6, эцэг, эх, ах дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Их Нарангийн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/  Ханхөгшин уул овогт Бын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” гэх нэртэй караокед Х.Атай маргалдаж улмаар хэвлий хэсэг нь рүү нь өшиглөх, уруул руу нь гараараа цохих зэргээр зодон түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, “Ө” караокед үл таних залууд зодуулж гэмтсэн” тэмдэглэл /х.х-3/,

2. Хохирогч Х.Агийн “...Би 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр найзууд болох Ч., н.Л, н.О нарын хамт 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнө цаг нэртэй төвд орж зааланд нь сууж 0.75 литрийн Элэкс нэртэй архинаас 1 шилийг авч хувааж ууж юм ярьж сууцгаасан юм. Тэгээд Ч.Ж бид хоёр нойл орж бие засчихаад тамхи татах гэхэд 20-25 орчим насны туранхай цагаан өнгийн ханцуйгүй нимгэн цамцтай залуу “та хоёр тамхи татахгүй” гэж хэлэхээр нь “юун сүртэй юм” гэж хэлтэл хажуугаас нэг залуу орж ирээд олон юм яриад байхаар нь “чамд хамаагүй гар” гэж хэлээд гаргатал нөгөө туранхай залуу Ч.Жыг “я...н минь тамхи татахгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “чи муу одоо юу гээд байгаа юм бэ чамайг харахад я...н байна уу” гэж хэлээд тухайн залуутай маргалдахад хоёр гараараа миний баруун зүүн гарын эрхий хуруунаас барьж байхдаа баруун гарын эрхий хуруу эвгүй болгочихоор нь би тухайн залуугийн дух хэсэгт нь нэг мөргөтөл тухайн залуу зөрүүлээд баруун гараараа миний уруулын зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохиод автал миний уруул дотор талдаа язарчихсан, хажуугаас манай найз Ч.Ж болон тухайн газрын ажилтан хоёр дундуур орж салгаж болиулах үед миний хэвлий хэсэгт нэг удаа жийсэн юм. Тэгээд хоёр тийшээ болтол тухайн залуу шатаар уруудаад гараад явчихсан ийм л зүйл болсон юм.

Тухайн залуу намайг нойлын өрөөнд цохиж зодсон, шатан дээр цохиж зодсон асуудал болоогүй, тэнд зүгээр хэрэлдэж маргалдсан юм. Би өмнө хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ сандраад зарим зүйлээ буруу зөрүү ярьж хэлж мэдүүлчихсэн байна лээ. Дараа нь камерын бичлэгээ харж үзтэл нойлын өрөөнд бүх асуудал болоод өнгөрсөн байсан. Зодоон болоход Ж бид хоёр тухайн газрын ажилтан залуу намайг зодсон залуу бид дөрөв хамт байж байсан.

Миний биед одоо зовуурь гэмтэл байхгүй, эдгэрсэн байгаа. Надад эмчилгээний зардалд гаргаад өгөх баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Намайг зодсон ******* гэх залуу надаас уучлалт гуйж эмчилгээ хийлгээрэй гээд 300000 төгрөг өгсөн юм” гэх мэдүүлэг /х.х-18/,

- Гэрч Ч.Жы “...ариун цэврийн өрөөнд найз Х.А тамхи татаад зогсож байтал гаднаас нэг 20-25 орчим насны дээгүүрээ цагаан өнгийн ноосон цамцтай, өмд гутлыг сайн тогтож хараагүй уг залуу манай найзыг “я...н минь аятайхан байгаарай” гэж хэлсэн. Тэгээд манай найз надад уг залууг ингэж хэлээд байх юм гэж хэлтэл Х.А “чи бид хоёрыг я...н байхыг хаана харсан юм бэ” гэтэл уг залуу шууд Х.Агийн нүүрэн тус газар уруул орчим гараараа 1-2 удаа хүчтэй цохисон. ...би араас нь гүйцэж очоод “чи эмэгтэй хүнийг ямар аймар цохидог юм” гэтэл миний зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохиж шатан дээр түлхэж унагаачхаад хаалгаар гараад зугтаачихсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /х.х-23/,

- Гэрч Н.Жийн “Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн түрээсэлж ажиллуулж байгаа “Өнө цаг” нэртэй караоке, пабад ажлаа хийгээд байж байтал 18 цагийн орчимд гаднаас 30 гаран насны 4-5 эмэгтэй орж ирээд манай заалны эхний ширээн дээр сууж 1 шил архи, ундаа, ус захиалж ууцгаасан юм. Удалгүй гаднаас зүс таних ******* гэх залуу ганцаараа орж ирээд тухайн хүмүүсийн хажуугийн ширээн дээр сууж пиво захиалж уусан юм. Тэгээд би ажлаа хийгээд явж байтал 20 цагийн үед манай нойлын өрөөнд хэрүүл маргаан гарахаар нь яваад очтол ******* махлаг эмэгтэйтэй хэрүүл маргаан хийчихсэн хоёр гараараа хоёр гарыг нь барьчихсан байхаар би боль гэж дундуур нь орсон мөн тухайн эмэгтэйтэй хамт явж байсан харааны нүдний шилтэй эмэгтэй бас тэр хоёрын дундуур орж салгах гэтэл махлаг эмэгтэй *******ийн дух руу нэг удаа мөргөтөл ******* зөрүүлээд тухайн эмэгтэйн уруул хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиод авахаар нь би болон нүдний шилтэй эмэгтэй бид хоёр салгаж болиулахад ******* тухайн эмэгтэйн гэдэс хэсэгт нэг удаа өшиглөж аваад хоёр тийшээ салгачихаад “та нар гар гар яв” гэж хэлтэл ******* болон тухайн эмэгтэй нар гараад явсан юм. Тухайн үед ******* болон махлаг эмэгтэй нар харахад эрүүл биеэ авч явах чадвартай харагдаж байсан. Намайг харж байхад ******* нойлын өрөөнд махлаг эмэгтэйн хоёр гарыг хоёр гараараа барьчихсан маргалдаж байсан. Тэгтэл махлаг эмэгтэй гэнэт *******ийг нэг удаа дух руу хэсэгт нь мөргөтөл ******* зөрүүлээд баруун гараараа уруул хэсэгт нь нэг удаа цохиж салахдаа хэвлий хэсэгт нь нэг удаа жийсэн өөр зүйл болоогүй. ******* махлаг эмэгтэйгээс өөр хэн нэгэн хүний биед халдаж цохиж гэмтэл шарх учруулаагүй” гэх мэдүүлэг /х.х-26/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 3589 дугаартай “Х.Агийн биед дээд уруулын зүүн дотор салстад язарсан шарх, цус хуралт, хэвлийд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-31/,

-  Шинжээч эмч Ө.Сийн “Х.Агийн биед учирсан дээд уруулын зүүн дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. Хэвлийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл мөн дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бүх гэмтлүүд нийлээд олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна” гэх мэдүүлэг /х.х-37/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...туранхай цагаан өнгийн ханцуйгүй нимгэн цамцтай залуу махлаг биетэй эмэгтэйн хоёр гарыг хоёр гараараа барьчихсан байх ба уг хоёр хүний дундуур махлаг биетэй нүдний шилтэй эмэгтэй салгах гэж оролдож байхад махлаг биетэй эмэгтэй уг туранхай залууг нэг удаа мөргөтөл тухайн залуу зөрүүлээд махлаг биетэй эмэгтэйн уруул хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж авч хоорондоо зууралцахад нүдний шилтэй эмэгтэй болон маск зүүсэн залуу хоёр дундуур нь орж салгаж болиулж байв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-7-10/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-6/,

- Яллагдагч *******ийн “Би 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Өнө цаг нэртэй төвд 18 цагийн орчимд орж ганцаараа 2 шил Сэнгүр нэртэй пиво уучихаад байж байтал хажуу талын ширээн дээр сууж байсан. Эмэгтэйчүүд чанга чанга орилолдож яриад тэнд байсан, хүмүүстэй маргалдаж муудалцаад байсан юм. Тэгээд би жорлон орж бие засчихаад байж байтал нэг махлаг эмэгтэй гаднаас орж ирээд нэг эрэгтэй хүнтэй хэрэлдэж маргалдахаар нь би “болиоч” гэж хэлээд болиулчихаад гарах гэтэл тухайн эмэгтэй намайг “чи нааш ир” гэж дуудахаар нь “яах гээд байгаа” гэж хэлээд тухайн эмэгтэйтэй бага зэрэг маргалдсан юм. Тэгтэл тухайн эмэгтэй над руу хүрээд ирэхээр нь намайг цохиж магадгүй гэж бодоод хоёр гарынхан эрхий хуруунаас хоёр гараараа бариад автал миний дух хэсэг рүү шууд мөргөөд авахаар нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад тухайн эмэгтэйн уруул хэсэгт нь нэг хүчтэй цохитол тухайн эмэгтэйтэй хамт явсан эмэгтэй дундуур орж салгасан, мөн тухайн газрын ажилтан бас салгаж болиулахаар нь би тухайн газраас гарч яваад шууд гэртээ харьсан юм.

Би тухайн эмэгтэйтэй зууралдаж салчихаад хэвлий хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа жийсэн юм. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нойлд тухайн эмэгтэйн уруул хэсэгт нэг удаа цохисон гэж мэдүүлсэн, коридорт цохисон гэж андуурагдаж бичигдсэн юм шиг байна. Тухайн эмэгтэйн уруул хэсэгт нэг л удаа цохиж нэг удаа хэвлий хэсэгт нь хөлөөрөө цааш нь түлхсэн өөр цохисон асуудал байхгүй. Тухайн үед миний дух хэсэгт 1 удаа мөргөсөн, тэгэхдээ гэмтэл шарх учруулаагүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, яагаад гэвэл миний биед гэмтэл учраагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн Х.А гэх эмэгтэй надаас 300000 төгрөг нэхэхээр нь эмчилгээний зардалд гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /х.х-63/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” гэх нэртэй караокед Х.Атай маргалдаж улмаар хэвлий хэсэг нь рүү нь өшиглөх, уруул руу нь гараараа цохих зэргээр зодон түүний бие махбодид зэргийн гэмтэл учруулсан болох нь гэрч Ч.Жы “нойлын өрөөнд уг залуу манай найзыг “я...н минь аятайхан байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “А чи бид хоёрыг я...н байхыг хаана харсан юм” гэж хэлэхэд уг залуу Х.Агийн уруул орчимд гараараа цохисон ” гэх мэдүүлэг /х.х-23/, гэрч Н.Жийн “нойлын өрөөнд хэрүүл маргаан гарахаар нь яваад очтол ******* махлаг эмэгтэйтэй хэрүүл маргаан хийчихсэн хоёр гараараа хоёр гарыг нь барьчихсан байхаар нь дундуур нь ороод салгах гэхэд махлаг эмэгтэй *******ийн дух руу нэг удаа мөргөхөд ******* зөрүүлээд тухайн эмэгтэйн уруул хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиод авахаар салгаад болиулахад ******* тухайн эмэгтэй гэдэс хэсэгт нэг удаа өшиглөж аваад хоёр тийшээ салсан” гэх мэдүүлэг /х.х-26/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.03.02-ны өдрийн 3589 дугаартай дүгнэлт /х.х-31-32/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /х.х-98/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-7-10/, хохирогч Х.Агийн “тухайн залуутай маргалдахад хоёр гараараа миний баруун, зүүн гарын эрхий хуруунаас барьж байхдаа баруун гарын эрхий хуруу эвгүй болгочихоор нь би тухайн залуугийн дух хэсэгт нь нэг удаа мөргөтөл тухайн залуу зөрүүлээд баруун гараараа миний уруулын зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохиод автал Ч.Ж болон тухайн газрын ажилтан хоёр салгасан” гэх мэдүүлэг /х.х-18/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Х.Агийн бие махбодид “дээд уруулын зүүн дотор салстад язарсан шарх, цус хуралт, хэвлийд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Х.А нь “Би *******өөс эмчилгээний зардалд нийт 300000 төгрөг авсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй” хэмээн мэдүүлж (х.х-14,17-18) иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-67/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлж хохирогчийг гомдолгүй болгосон, мөн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн /тамхи татах зөвшөөрөлгүй газарт тамхи татсан, шаардлага тавьсан иргэнийг эсэргүүцэн олон нийтийн газарт бусадтай хэрүүл маргаан үүсгэн биеэ зүй бусаар авч явсан/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Х.А нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ханхөгшин уул овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ханхөгшин уул овогт Бын Бөд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******өд шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Х.Ад 300000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******өд мэдэгдсүгэй.

8. Хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг *******өд холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ