Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/462

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.У-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000430556 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Өвөрхангай аймгийн ......... суманд төрсөн, ..... настай, ......., ...... боловсролтой, ..... .... мэргэжилтэй, хувиараа ............. ажиллуулдаг гэх, ам бүл ...., нөхөр, хүүхдийн хамт ........ дүүргийн .... дугаар хороо, ....... хороолол, ...... дугаар байр, 122 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........ овогт .......... У (РД:........).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.У нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудлын орчимд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Х.Б-г “эгч М.Оюунзүрхийг цохилоо” гэх шалтгаанаар салтаа руу нь өшиглөж “хуйхнагт цус хуралт, гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ ойлгож байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би хөлөөрөө хүрчихсэн чинь л ийм юм болчихлоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Эрүүгийн 2208000430556  дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Б-гийн: “Би Геологийн төв лабораторын автобусны буудал дээр хүнсний мухлаг ажиллуулдаг. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барилга баригдах гэж байгаа газраа чөлөөлж өг, ТҮЦ-ийг чинь 5 шарын автобусны буудал дээр байрлуулж өгье гэсэн. Тэгээд 20 цагийн орчимд ТҮЦ-ээ ачаад 5 шарын автобусны буудал дээр буулгах гэж байсан чинь тэндхийн ТҮЦ ажиллуулдаг 3-4 эмэгтэй “буулгуулахгүй” гэж над руу дайрч эхэлсэн. Буулгах гээд заагаад зогсож байхад нэг эмэгтэй “буулгуулахгүй” гээд холдохгүй байхаар нь би “цаашаа” гээд түлхсэн. Удалгүй нэг эмэгтэй ирээд “миний эгчийг шанааддаг хэн бэ” гээд миний салтаа руу нэг удаа өшиглөсөн. Миний төмсөг маш их өвдөж, тэр дороо хавдаад эхэлсэн. Би ТҮЦ-ээ тавьж чадалгүй гэрлүүгээ явсан. Маргааш нь цагдаад өргөдөл гаргасан. Би Сонгдо эмнэлэгт үзлэг хийсэн 28,000 төгрөг нэхэмжилж байна. Бие биеэ мэддэг учир надад гомдол санал байхгүй. Хохирлын 28,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 22 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.08-ны өдрийн 12087 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Б-гийн биед хуйхнагт цус хуралт, гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

Гэрч М.О-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр газрын албанаас ирээд дахиж ТҮЦ нэмэгдсэн байвал бүгдийг нь явуулж газрыг чөлөөлнө шүү гэсэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд 1 ТҮЦ буулгах гээд крантай үл таних залуу ирсэн. Тэгэхэд нь би “зөвшөөрөл чинь байвал хамаа алга, зөвшөөрөлгүй бол газрын албанаас бүгдийг ачна гээд байна лээ” гэж хэлсэн чинь “та хоёр юу юм, зүгээр тавь, холд” гээд нэг залуу нь миний үснээс зулгаагаад, нүүр лүү шанаадсан. Тэгсэн чинь өөр ТҮЦ-нд байсан миний дүү У ирээд намайг өмөөрч тэр залуу руу өшиглөх гэж хөлөө савах шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

Гэрч Ө.Ж-ийн: “Манай ах Б- 5 шарын автобусны буудал дээр өөрийнхөө ТҮЦ-ийг байрлуулах гэж байна “хүмүүс ТҮЦ тавиулахгүй гээд байна” гэж видео калл хийхээр нь би очсон. ТҮЦ ажиллуулдаг эгч, дүү хоёртой манай ах маргалдаад зогсож байсан. Би 2-3 алхамын зайтай зогсож байсан чинь эгч нь бололтой хүүхэн “намайг цохичихлоо” гэж орилсон. Тэгсэн чинь дүү нь гэх хүүхэн манай ахын салтаа руу өшиглөсөн. Удалгүй манай ах сонин царайлчихсан, алхаж чадахгүй, би явлаа гээд яваад өгсөн. Гэртээ ирсэн чинь ах “явж чадахгүй хавдаад, шээж чадахгүй байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Шүүгдэгч Г.У-ийн яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хувиараа ........ ажиллуулдаг бөгөөд сардаа 1,500,000 төгрөгийн орлого олдог. Миний бие хохирогчид эмнэлэгт үзүүлсэн 28,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

хохирогчийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-6), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-53), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-57), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-58), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-59),  үл хөдлөх эд хөрөнгөтэй лавлагаа (хх-61), тээврийн хэрэгсэлтэй лавлагаа (хх-62), дансны дэлгэрэнгүй хуулга (хх-63-95), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрвлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-105, 106), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-108), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-109) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.У нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудлын орчимд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Х.Б-г “эгч М.О-ийг цохилоо” гэх шалтгаанаар салтаа руу нь өшиглөж “хуйхнагт цус хуралт, гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Б-гийн “...нэг эмэгтэй ирээд “миний эгчийг шанааддаг хэн бэ” гээд салтаа руу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-19), шүүх эмнэлгийн 12087 дугаар “1.Х.Б--н биед хуйхнагт цус хуралт, гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-41-42), гэрч Ө.Ж-гийн “...дүү нь гэх хүүхэн манай ахын салтаа руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-28), шүүгдэгч Г.У-ийн  “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-52) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.У-ийн “миний эгчийг цохилоо” гэх шалтгаанаар хохирогч Х.Б-гийн салтаа руу өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмнэлгийн төлбөр 28,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, хохиролд 28,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-22, 106)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.У нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудлын орчимд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Х.Б-г “эгчийг цохилоо” гэсэн шалтгаанаар салтаа руу нь өшиглөж “хуйхнагт цус хуралт, гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Г.У нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.У нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (эгчийг цохилоо гэх шалтгаанаар хохирогчийн салтаа руу  нэг удаа өшиглөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 28,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа ....... ажиллуулдаг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт .......... У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР