Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/0475/Э |
Дугаар | 2022/ШЦТ/490 |
Огноо | 2022-04-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Улсболд, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/490
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000381 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, .............. боловсролтой, мэргэжилгүй, хувиараа .......... ажил эрхэлдэг гэх, ам бүл ...., ах, эгч нарын хамт .......... дүүргийн .... дүгээр хороо, .......... дүгээр гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо........... дугаар гудамж, ..... тоотод түр оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ...... овогт ........-ын Б (РД:.........).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамж, 4 тоотод “эхнэрээ өмөөрлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.Г-ын нүүрэнд гараараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, хамар, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Эгч “архи уухаа боль” гэж намайг загнасан. Эгчтэй маргалдаж байсан чинь нөхөр нь өмөөрсөн. Тэгэхээр нь зодсон. Би ажилтай торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208000000381 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Г-ын: “...Б 2022 оны 2 дугаар сарын 03-ны өглөө гэрт ирээд намайг “нэг нэг хундага архи ууя” гэхээр нь зөвшөөрөөд уусан. Ууж байтал эхнэр Түмэндэмбэрэл босож ирээд бид хоёрыг архи уулаа гээд загнаад Б-тэй маргалдсан. “Би боль” гээд эхнэрээ өмөөрөхөд Б миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, би унасан. Тэгтэл нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Би эмчилгээ хийлгээгүй. Б уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.10-ны өдрийн 2650 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Б.Г-ын биед дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, хамар, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой тул үүсгэгдсэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Дээрх дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, хамарт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Гэрч Б.Т-ийн: “...2022 оны 2 дугаар сарын 03-ны өглөө Б, Г хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би дүү Бийг “хүн унтуулахгүй, архи согтууруулах ундаа хэрэглээд байх юм” гэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Би уурлаад Бийг нэг удаа алгадсан. Тэгтэл сууж байснаа манай нөхөр Г-ыг шууд нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод газарт хэвтэхэд нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Г-ын нүүрнээс цус гараад нэлээд цус болчихсон. Манай дүү барилга дээр ажилладаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед сэрээд хүргэн Ганбаатай хамт нэг шил архи уусан. Манай эгч над руу “архи уулаа” гэж дайраад байхаар нь би маргалдсан. Тэгтэл хүргэн ах Гэрч: өмөөрөөд байхаар нь би уурандаа нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Г ах газар унахаар нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хавар болохоор би барилгын ажил эрхэлдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
дуудлага хүлээн авсан тэмдэглэл (хх-4), дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-5), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-42), шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-49-50, 46-48), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-55), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-54), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-56), АСАП сангийн лавлагаа (хх-57-61), Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай захирамж (хх-71-72), шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-73) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамж, 4 тоотод “эхнэрээ өмөөрлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.Г-ын нүүрэнд гараараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь нь дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, хамар, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Г-ын “...хамт архи уусан. Б миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, би газар унасан. Тэгтэл нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүх эмнэлгийн 2650 дугаар “1. Б.Г-ын биед дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, хамар, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун, зүүн нүдний алимны салст, хамарт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-25-26), гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...Б, Г- нар архи уусан байсан. Г-ыг шууд нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод газар хэвтэхэд нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг(хх-23), шүүгдэгч Б.Бийн “...би уурандаа нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Г- ах газар унахаар нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-39-40) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн хохирогч Б.Г-ыг “эхнэрээ өмөөрлөө” гэх шалтгаанаар үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, өшиглөн хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-14)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамж, 4 тоотод “эхнэрээ өмөөрлөө” гэх шалтгаанаар хохирогч Б.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Би ажил хийж байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ, “эхнэрээ өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хүргэн ах болох хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүр рүү хэд хэдэн удаагийн гараараа цохих, өшиглөх үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Бид хоёр эвлэрсэн, гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын өрлөгийн ажил эрхэлдэг гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилгын өрлөгийн ажил эрхэлдэг гэх, ажил хийж байгаа гэх)-ийг харгалзан шүүгдэгч Б.Бийг 900,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял тул тухайн шүүгдэгчийн амьдралын ахуй нөхцөл, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт ........-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 900,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР