Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00026

 

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00026

Улаанбаатар хот

 

                                      

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Н нь Т ХХК-ийн худалдан борлуулдаг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6.200.000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500.000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүр 300.000 төгрөг төлөхөөр тооцож 19 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүн хүлээн авсан болно. Одоогоор Б.Н нь урьдчилгаа төлбөртэй нийлээд нийт 1.000.000 төгрөг төлсөн. Мөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх өртэй болно.

Т ХХК нь төлбөрөө барагдуулахаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхэд гаргасан боловч гэрээ байгуулахад өгсөн хаягтаа оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 05821 дугаартай шүүгчийн захирамжаар тодорхой болсон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б. Н эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.                                                                                                                                                                    

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Баян-Өлзийн Нармандахыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

БН нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн үйлчлүүлэгчийн төлөлтийн байдал, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05821 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б.Нын  оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзнэ.

 

           БН /РД:ЧЙ79031818/ нь Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 32 гудамж, 0536 тоот хаягт оршин суух хаягаар гэрээ байгуулсан, утасны дугаар 96500161, 99809690 зэрэг мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                        

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Нг нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт үүрэг болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ