Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар  2022/ШЦТ/496

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108017941313 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ....-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ....... боловсролтой, ...... мэргэжилтэй, “Э” ХХК-д .......... ажилтай, ........ аймгийн .... сум, .... дугаар баг, ... ..... гудамжинд оршин суух бүртгэлтэй, ам бүл ...., хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, .. ......... дугаар гудамж, .... тоотод түр оршин суух,

урьд ..... аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

...... аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 13- ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 212,500 төгрөгөөр торгох ял,

...... аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд нийцүүлэн өршөөж чөлөөлсөн,

........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт М-ын Б (РД:..........).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамжинд хохирогч Б.Н-ыг “хоёулаа ганц удаа бэлгийн харьцаанд орчихъё” гэж хэлэн маргалдаж духанд тал архитай шилээр цохиж, гэдэс рүү хэдэн удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь “биед духанд зулгаралт, шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогч намайг алгадахаар нь уурлаад цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэв.

 

Эрүүгийн 2108017941313 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Н-ын: “2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байхад урьд нэг газар хамт ажиплаж байсан Б залгаж “Чи надад ажил захиад байсан бил үү, автобус баазад ажил байна” гэхээр нь “ямар ажил байгаа юм бэ” гэж асуутал найз нь “танай гэрт очиж байгаад уулзъя” гэхээр нь “тэг тэг” гэсэн. Орой 22 цагийн орчимд Б “ирчихлээ” гэж ярихаар нь гартал халамцуу байхаар нь илүү гэртээ оруултал шилтэй архи гаргаж өгөхөөр нь “найз нь архи уухгүй” гээд архийг өөрт нь хийж өгөөд “хоёулаа дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд хамт гарч Зээлийн .... дүгээр гудамжинд явж байтал Б надад “Ганц бие хүнийг ойлгооч, хоёулаа нэг удаа унтчихъя” гэж гуйхаар нь “найз нь тийм зүйлд дургүй, нөхөр, хүүхэдтэй хүн шүү” гээд явж байтал намайг хашаа руу шахаж үнсэх гээд байхаар нь цааш түлхтэл Б барьж байсан архитай шилээр миний дух хэсэгт нэг удаа цохихоор нь архитай шилийг авах гэж ноцолдож байгаад автал миний гэдэс рүү 3-4 удаа цохиод намайг зуураад тавихгүй байхаар архитай шилээр нэг удаа цохиод зугтаагаад гэртээ харьсан. Гомдолтой байна. Би 500,000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээнд цаашид мөнгө хэрэгтэй. Надад эмчилгээний 100,000 төгрөгийн баримт байна. Б 150,000 төгрөг бэлнээр өгсөн, одоо 350,000 төгрөг өгөх дутуу байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 22 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.12-ны өдрийн 7289 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “1. Б.Н-ын биед духанд зулгаралт, шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Шүүгдэгч М.Б-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Н- гэх эмэгтэйтэй утсаар ярьж “Чи ажил асуугаад байсан уу, манай ажил дээр эмэгтэй харуулын ажил байгаа шүү” гэхэд “утсаар юу ярих юм бэ, манай гэрт хүрээд ир” гэхээр нь 21 цаг өнгөрч байхад ...Н-ын гэрт нэг шил архи, ойр зуурын зүйл авч очин архиа ууж байсан чинь Н- миний авчирсан компотыг харчихаад “онцгүй, хаанаас авсан юм бэ, солиулаад ирье” гэхээр нь “танай доод дэлгүүрээс авсан, хамт явъя” гээд хамт гарч Зээлийн 29 дүгээр гудамжинд явж байгаад Н-ад “найз нь ганц бие хүн, чи мэдэж байгаа биз дээ, хоёулаа ганц удаа бэлгийн харьцаанд орчихъё” гэж гуйсан чинь “гэрт ороод болъё” гэхээр нь үнсэх гэтэл намайг алгадаад авахаар нь уур хүрээд энгэртээ хийчихсэн байсан шилтэй тал архиа гаргаж ирээд духанд нь цохиод автал надтай ноцолдож байгаад гараас шилтэй архийг булааж аваад миний толгой руу нэг удаа цохиод зугтаагаад явахаар нь гэр лүүгээ очиж амарсан. Эмчилгээний зардалд 150,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-54), хохирлын баримт (хх-40), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-44), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-45), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-47), “Т” ХХК-ийн “М.Б нь ........ ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт (хх-48), дансны хуулга (хх-49), АСАП сангийн лавлагаа (хх-50-53), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-66-78), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “М.Б 600,000 төгрөгөөр ял шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны байдлаар биелэгдээгүй байна” гэх албан бичиг (хх-79) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ..... дүүргийн ... дүгээр хороо, ..... ... дүгээр гудамжинд хохирогч Б.Н-ыг “хоёулаа ганц удаа бэлгийн харьцаанд орчихъё” гэж хэлэн маргалдаж духанд тал архитай шилээр цохиж, гэдэс рүү хэдэн удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь “биед духанд зулгаралт, шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Н-ын “...Б халамцуу ирсэн. Авчирсан архийг өөрт нь хийж өгөөд ...надад “ганц бие хүнийг ойлгооч, хоёулаа нэг удаа унтчихье” гэж гуйсан, ...намайг хашаа руу шахаж үнсэх гээд байхаар нь цааш түлхтэл Б барьж байсан архитай шилээр миний толгой, дух хэсэгт нэг удаа цохисон. ...гэдэс рүү 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-19), шүүх эмнэлгийн 7289 дугаар “1.Б.Н-ын биед духанд зулгаралт, шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-11-12), шүүгдэгч М.Б-ын яллагдагчаар өгсөн “...Н-ад “найз нь ганц бие хүн, чи мэдэж байгаа биз дээ, хоёулаа ганц удаа бэлгийн харьцаанд орчихъё гэж гуйсан чинь “гэрт ороод болъё” гэхээр нь үнсэх гэтэл намайг алгадахаар нь уур хүрээд тал шилтэй архиа гаргаж ирээд духанд нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-35) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Б-ын согтуурсан үедээ хохирогч Б.Н-ыг “ганц удаа бэлгийн харьцаанд орчихъё” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн духанд тал архитай шилээр цохиж, 3-4 удаа гэдэс рүү нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 100,000 төгрөг (хх-40)-ийн баримт гаргаж өгсөн, хохиролд 150,000 төгрөг төлсөн, хохирогчийн “Эмчилгээнд 150,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хх-22)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамжинд хохирогч Б.Н-ыг “хоёулаа ганц удаа бэлгийн харьцаанд орчихъё” гэж хэлэн маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “биед духанд зулгаралт, шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч баримтаар 100,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 150,000 төгрөгийг төлж барагдуулсан, харин хохирогч баримтгүйгээр 350,000 төгрөг нэхэмжилж байгаа, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан зэргийг харгалзаж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгийн биелэгдээгүй торгох ялыг тусад нь эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Торгох ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, танил нөхдийн хүрээнд тодорхой шалтгаанаар зүй бус авирлан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгой хэсэгт архины шилээр нэг удаа, гэдэс рүү 3-4 удаагийн цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 100,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 150,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “цаашид гарах эмчилгээнд 350,000 төгрөг нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж ялыг биелүүлээгүй байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан, барилгын компанид ажилладаг гэх, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Барилгын компанид ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч М.Б-ыг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял тул тухайн шүүгдэгчийн амьдралын ахуй нөхцөл, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б нь урьд ........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/618 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд уг ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдож байна.

Дээрх 2021/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу өршөөгдөхөөр байгаа боловч шүүгдэгч М.Бод холбогдох хэрэгт түүний хувийн байдалтай холбоотой тухайлбал хэдэн оны Өршөөлийн хуульд хэрхэн хамрагдаж, ялаас чөлөөлөгдсөн, хасагдсан түүнчлэн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн эсэх талаар нотлох баримтыг хангалттай хавсарган ирүүлээгүй байх тул өмнөх тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.      

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бод Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР