Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/497

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108028940380 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ........ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ........... хийдэг гэх, ам бүл ...., Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .......... дугаар гудамж, ... тоотод оршин суух,

урьд .......... дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял,  

...... дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 842,400 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт А-ийн Г (РД:..............).

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Г согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 18 дугаар гудамж, 43 тоотод байрлах гэртээ хохирогч П.У-ийг “гэртээ харь” гэх шалтгаанаар алгадаж түлхэн, зүүн даланд заазуурдаж биед зүүн даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 05-нд Урнаа эгч гэрт согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь хоёр удаа алгадсан. Хоол хийж байсан заазуураар цохисон. Архины мөнгө нэхээд байхаар нь 20,000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжилсэн зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2108028940380 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.У-ийн: “2021 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагийн орчим ...хуурай дүү С-н гэрт очсон. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. С-н хамтран амьдрагч Г согтуу орж ирсэн. Би авчирсан архиа уугаад талдаа орж байхад намайг Г гэрээсээ хөөхөөр нь “Би танай гэрт орж ирээгүй шүү, дүүгийнхээ гэрт байна” гээд маргалдсан. Г миний хацар луу 2 удаа алгадсан. Зүүн талын далны хэсэгт ногоон өнгийн иштэй заазуураар цохиж гэмтээсэн. Тэр өдөр маргалдаж байгаад Сарайн гэрт хоносон. Маргааш өглөө 07 цагт гараад танил А-ийн гэрт очоод болсон асуудлын хэлээд өдөржингөө хэвтэж байгаад цагдаад А- дуудлага өгсөн. Би хуулийн дагуу шийдүүлмээр байна. Надад эмчилгээний холбогдолтой баримт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.16-ны өдрийн 11306 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.П.У-ийн биед зүүн даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5. Зүүн далны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.4. Зүүн далны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Учирсан гэмтлүүд нь амь насанд аюулгүй. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Гэрч М.С-н: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагийн үед Г ажлаа тараад ирсэн. Гэрт миний танил У- эгч ирчихсэн согтуу байсан. Г У- эгчид “гэр оронд согтуу ирлээ, гэрээс гар” гээд хөөхөд У- эгч “би танай гэрт байгаагүй, дүүгийнхээ гэрт байна” гээд тэр хоёр маргалдсан. Тухайн үед Г хоол хийх гээд жижиг ногоон өнгийн иштэй заазуураар мах хэрчээд сууж байсан. У- эгч Г-ын хажууд очоод хэрүүл маргаан хийхэд Г У- эгчийг “цаашаа бол” гээд цээж рүү нь гараараа түлхээд хацар луу нь алгадахад У- эгч эргээд харсан. Тэгтэл “цаашаа бол” гээд ар нуруу хэсэг рүү нь гараараа түлхсэн. Г-ын гарт заазуур байсан. У- эгчийн зүүн талын далны хэсэгт зүсчихсэн. Би “больцгоо” гээд тэр хоёрыг салгаад У- эгчийн цусыг арчиж өгөөд боосон. У- эгч манайд хоноод маргааш нь явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Гэрч Д.А-ийн: “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 08 цагийн үед гэртээ байхад танил У ирсэн. Өдөржингөө гэрт хэвтсэн ба бие өвдөөд халуураад байна гэж байсан. Юу болсон талаар асуухад С-н гэрт очиход хамтран амьдрагч Г гэрээсээ хөөгөөд маргалдсан чинь нуруу луу заазуураар цохичихлоо гэж хэлсэн. Зүүн талын далны хэсэг жаахан зүсэгдсэн байхаар нь цэвэрлэж, эм уулгаад хэвтүүлсэн. 16 цагийн үед сэрэхэд нь би 102-т “манай найзын далан тус газарт хутгалчихсан байна” гээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Шүүгдэгч А.Г-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагийн үед ажлаас буугаад гэртээ ирэхэд эхнэр С, У гэдэг эгч нар байсан. У согтуу байсан. У-ийг “харь” гэхэд “би дүүгийндээ байна, явахгүй” гээд зөрүүдлээд байсан. Удалгүй У агсан тавьж надтай муудалцсан. Би тухайн үед хоол хийх гээд ногоон өнгийн иштэй заазуураар мах хэрчиж байсан. Миний хажууд ирээд маргалдахад би уурлаад У эгчийн хацар луу хоёр удаа алгадаад цээж рүү түлхэхэд эргээд харсан. Би тэр үед заазуур барьсан гараараа зүүн талын дал руу нь түлхэхэд заазуурын ир хэсэг нь далны хэсгийг зүссэн. У эгч ор луу унасан. Дахиж маргаан гараагүй. У эгч манайд хоноод явсан. Би хохирлын мөнгө өгөөгүй, өөрөө надад гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-6), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-7-8, 9-11), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-82), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-54), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-80), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-79), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-88), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-83), 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 153 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоол (хх-71-72), АСАП сангийн лавлагаа (хх-73-76), нийгмийн даатгал төлж байсан тухай лавлагаа (хх-88), хохирогчийн “Миний бие энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-99) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Г согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 18 дугаар гудамж, 43 тоотод байрлах гэртээ хохирогч П.У-ийг “гэртээ харь” гэх шалтгаанаар алгадаж түлхэн, зүүн даланд заазуурдаж биед зүүн даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.У-ийн “...Г согтуу ирсэн. Тэгээд миний хацар луу 2 удаа алгадсан. Зүүн далны хэсэгт ногоон өнгийн иштэй заазуураар цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хх-24), шүүх эмнэлгийн 11306 дугаар “1. П.У-ийн биед зүүн даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5. Зүүн далны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.4. Зүүн далны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-33-34), гэрч М.С-н “...Г бага зэрэг согтуурсан байсан. У- эгч Г-ын хажууд очоод хэрүүл маргаан хийхэд Г “цаашаа бол” гээд цээж рүү нь гараараа түлхээд алгадахад У- эгч эргээд харсан. Тэгтэл цаашаа бол гээд ар нуруу хэсэг рүү нь гараараа түлхсэн ба Г-ын гарт заазуур байсан...” гэх мэдүүлэг (хх-26-27), гэрч Д.А-ийн “...С-н хамтран амьдрагч Г гэрээсээ хөөгөөд маргалдсан чинь нуруу луу заазуураар цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-31), шүүгдэгч А.Г-ын “...би уурлаад У- эгчийн хацар луу хоёр удаа алгадаад цээж рүү нь түлхэхэд эргээд харсан. Би тэр үед заазуур барьсан гараараа зүүн талын дал руу түлхэх үед заазуурын ир хэсэг нь далны хэсгийг зүссэн...” гэх мэдүүлэг (хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Г-ын хохирогч П.У-ийг “гэртээ харь” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн нүүр лүү нь хоёр удаа алгадаж, цээж рүү түлхэн, зүүн дал руу заазуурдаж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 20,000 төгрөг төлсөн гэх, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-99)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.Г нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 18 дугаар гудамж, 43 тоотод хохирогч П.У-ийг шалтаг шалтгаангүйгээр заазуураар дал хэсэгт нь хатгаж биед зүүн даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г өмнө нь 2 удаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, гэхдээ хохирол төлөх санаачилга гаргаагүй нь харагдаж байна. Тодорхой оршин суух хаяггүй, хамтран амьдрагчийн гэрт амьдардаг, прокуророос дуудсан цагт ирдэггүй, хавтаст хэрэгт ажил хийж байсан тухай огт дурдагдаагүй байдаг. Сүүлд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 10 гаран жил өнгөрсөн ба өөрийн гэсэн ухамсар төлөвшилтэй болсон, мөн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлттэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ял өгнө гэж бодож байна, миний буруу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогч согтуурсан үедээ айлын гэрт хэрүүл маргаан үүсгэснээс шалтгаалан хувийн таарамжгүй харилцаа үүсч, хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд алгадан, цээж рүү түлхэн, зүүн даланд заазуураар цохиж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 20,000 төлсөн гэх, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хувиараа барилгын өрлөгийн ажил хийдэг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт 26 см, ажлын хэсэг 16 см, бариулын хэсэг 10 см, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нийт урт 26 см, ажлын хэсэг 16 см, бариулын хэсэг 10 см, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР