Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/0423

 

Н.Т нарын нэр бүхий 5 хүний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, Н.Т нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа : “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Б-ын 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн бараа хурааж улсын орлого болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ..." гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Тухайн бараа нь шуудан илгээмжийн байгууллагын өмч юм. Учир нь тухайн хүний гар дээр очоогүй байгаа тул шуудан илгээмжийн байгууллага өмчлөгч нь байна. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д үйлдэл, эс үйлдэхүй гэж заасан байдаг. Мөн тээвэрлэгч тэндээс гаргалгүйгээр гэж байгаа. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д мөн адил гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл хамаарагдана. Тэгэхээр тухайн заалтад А-ын үйлдэл хамаарагдаж байна. Мөн Шуудангийн конвенцын 5 дугаар зүйлийн 5.1-д "Хүлээн авагч компанийн хууль тогтоомжийн дагуу эсвэл дамжин өнгөрч байгаа орны хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн ямар ч илгээмж нь эрх бүхий хүнд хүргэгдэхээс өмнө илгээмжийн байгууллагын өмчид хамаарна" гэж заасан байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4 дүгээр зүйлийн 4.2.3, "Гаалийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч С.Б-ын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн бараа хурааж улсын орлого болгосон шийдвэрийг хүчингүй болгосугай” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн шүүгч М.Б 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 364 шийдвэрийн үндэслэх хэсэгт : ... уг захиргааны шийтгэлийн зорилго нь зөрчил гаргасан этгээдийг шийтгэх зорилготой атал захиргааны зөрчил гаргаагүй, зөрчилд холбоогүй, барааг илгээсэн иргэдэд чиглэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа бөгөөд иргэдийн өмчлөх эрхэнд халдсан шинжтэй байна гэсний хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д " Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. "Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зерчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. "Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "Чөлөөт эргэлтэд байгаа бараа" гэж гаалийн хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтгүйгээр Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт захиран зарцуулах барааг" мөн хуулийн 4.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ" Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т " гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэл цогц үйл ажиллагаа” гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэд бараа эзэмших, өмчлөх эрхийн харилцаа үүсээгүй байхад иргэдийн өмчлөх эрхэнд халдсан шинжтэй байна гэж үндэслэх хэсэгтээ дүгнэснийг хүлээж авах боломжгүй юм.

Шүүхийн 364 шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... А.А-ын гаргасан зөрчлийн улмаас нэхэмжлэгч иргэдийн барааг хурааж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй..." гэжээ. Гаалийн тухай хуулийн Гаалийн тухай 290 дугаар зүйлийн 290.2-д "Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна гэсний дагуу гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дахь заалтыг баримталсан нь хууль зүйн үндэстэй бөгөөд тухайн бараа нэхэмжлэгч иргэдийн өмчлөлд шилжээгүй. Үүнээс харахад Гаальтай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй зүйлийн төлөө гаалийг буруутгах бус эдгээр хүмүүс Ариунбаатар болон “Тэрхийн сувд”-тай эрх зүйн хамааралтай харагдаж байгаа тул түүнийг шүүхэд дуудах ёстой гэж үзэж байна.

Шүүхийн 364 шийдвэрийн үндэслэх хэсэгт: Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 290-р зүйлийн 290.2.1-т "барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих,...гаалийн шалгалтаас нуун далдлах...зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол гэж захиргааны зөрчил төгс үйлдэгдсэн тохиолдолд шийтгэл ногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан байх ба “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ын үйлдлийг төгссөн зөрчил гэж үзэх боломжгүй байгаа бөгөөд хууль бусаар нэвтрүүлсэн завдсан шинжийг түлхүү агуулж байгааг дурдах нь зүйтэй байна гэжээ.

Захиргааны хариуцлагын тухай хуульд захиргааны зөрчил төгс үйлдэгдсэн ... төгссөн зөрчил гэсэн ойлголт байхгүй бөгөөд Дээд шүүхийн 2001 оны 12-р сарын 04-ний өдрийн 439-р тогтоолд «...хууль бусаар нэвтрүүлсэн...» гэдэгт Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичилгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналт, шалгалтаас нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн хяналт, шалгалтаас гадуур, хилийн боомтгүй газраар улсын хил нэвтрүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл хамаарна. Дээд шүүхийн 2003 оны 24-р тогтоолын 3-р зүйлд "Хууль бусаар хил нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан, хориглосон буюу хязгаарласан эд зүйлсийн үнийн дүн нь хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш бол гэмт хэрэгт тооцогдох бөгөөд энэ хэмжээнээс доош бол мөн төрлийн зөрчилд хамаарна" зааснаар Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шалгуулсан боловч Тээврийн прокурорын газрын туслах прокурор Ч.Э 2014 оны 01 дүгээр сарын 27-ны 412 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг гэж үзээгүй.

Тэгвэл дээрх 24-р тогтоолын 3-р заалтад зааснаар гэмт хэрэг биш юм бол мөн төрлийн зөрчилд хамаарагдана гэдгийг бидэнд тодорхой зааж өгсөн гэж үзэж байна. 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Дээд шүүхийн 24 тогтоолын 7-д "Мөн зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан "улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэг бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар энэ зүйлд тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "...гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно" гэсэн заалтад хамаарах гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна." гэсэн дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байтал захирал "... А.А-ын үйлдлийг төгссөн зөрчил гэж үзэх боломжгүй гэж гаалийн тухай хуулийн 290.2.1 дахь заалтыг тайлбарлаж байгаа нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Мөн "Т" ХХК нь 2013-12-03-ны албан тоотод А.А-ыг ачааг хүлээж авах итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодорхойлсон, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А нь "Солонгос улсаас ямар бараа ирэхийг мэдэж байсан" гэж мэдүүлсэн зэрэг нь байгууллагаа төлөөлж захиргааны хариуцлага хүлээх субъект мөн гэж үзсэн учраас ГУБ С.Б нь торгуулийн арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Гаалийн улсын байцаагч С.Б нь 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн шийдвэртээ /Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас №0003507[1]/ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.3, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ын гаалийн хилээр шуудан илгээмжийн барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчилтэй нь холбогдуулан тус барааг хураах шийдвэрийг ногдуулжээ.

Гэтэл тухайн зөрчлийн хуудсанд хураагдахаар шийдвэрлэгдсэн бараа нь шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг “Т” ХХК-иар дамжуулан бараагаа илгээсэн иргэдийн өмч байх бөгөөд зөрчил гаргасан этгээдийн үйлдэлтэй холбогдуулж нэхэмжлэгч нарын барааг хураахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг этгээдтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр хилээр бараагаа тээвэрлүүлж байгаа бөгөөд төлөөлж буй “Т” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж үйлчилгээ авч байгаа иргэдийг хохироож болохгүй юм. Энэ нь Гаалийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-д “Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа ... хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ... зарчмыг удирдлага болгоно” гэж заасантай нийцээгүй үйлдэл байна.

Нэхэмжлэгч нар нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д /“гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг/ зааснаас үзэхэд гаалийн харилцааны оролцогч биш учраас Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-д заасан хариуцлага хүлээх этгээд болохгүй. Гэтэл иргэдийн барааг тээвэрлэх үүрэг хүлээж, гаалийн эрх зүйн харилцаанд оролцож буй этгээд нь дээрх хуулийн 290.2-д заасан зөрчлийг гаргасан тохиолдолд иргэдийн өмчийг хураасан хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Мөн хариуцагч гомдолдоо "... тухайн бараа нэхэмжлэгчийн өмчид шилжээгүй...” гэх боловч нэхэмжлэгч нар өөрийн өмчийн бараагаа хэлцлийн үндсэн дээр илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг этгээдийн эзэмшилд түр шилжүүлсэн үйлдэл болохоос биш өмчлөх эрхээ шилжүүлээгүй байна.

Түүнчлэн А.А нь барааг хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-д заасан захиргааны зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа бөгөөд хуульд зааснаар барааг Гаалийн байгууллагад үнэн зөвөөр мэдүүлэх, гаалийн хяналт шалгалтад шалгуулах үүрэг хүлээсэн этгээдийн үйлдэлд нэхэмжлэгч нар буруугүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтын тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байхад маргаанд хамааралгүй зүйлд дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                              ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                     ШҮҮГЧИД:                              Э.ЗОРИГТБААТАР

                                                                                      Д.БААТАРХҮҮ

                                                                                      Ц.ЦОГТ