Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 397

 

       Т.Аэд холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Э.Ариунболд,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Т.Аэд холбогдох 1907 0005 00025 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г  овгийн   Т.А, 1959 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

 

            Т.А нь согтуугаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 66-83 УНЭ улсын дугаартай, “Тoyota Succeed” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, зорчигч Ш.Бгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Аэд холбогдох хэргийг шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлээд дараах үндэслэлээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ. Үүнд: 

 яллагдагч Т.А “Би энэ бууг өмнөх өдрөө хэрэглэж байсан учраас усанд явахдаа машиныхаа хойно нь тавьсан байсан”,

яллагдагчийн өмгөөлөгч Д.Март “Яллагдагчийн авч явсан бууг шалгаж үзээд замаг нь зөрсөн байснаас гадна бууны бүртгэл байхгүй, уг бууг тайрч засварлаж хийсэн байсан тул Нийтийн хэв журам сахих тасагт устгуулахаар шилжүүлсэн. Яллагдагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Яллагдагч эргэлтэй замд хурдтай явж байгаад, эргэлтэн дээр багтаж эргэж чадаагүй учраас машин нь замын хажуу руу унасан. Хөдөө орон нутагт аж ахуйн зориулалтаар ашигладаг бууг Улаанбаатар Хотын дүүрэгт биедээ авч явж болохгүй”,

прокурор Э.Ариунболд “...Тухайн өдөр яллагдагчийн авч явсан бууг нийтийн хэв журам хамгаалах тасагт шалгуулахаар шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд бууг нь шалгаагүй. Галт зэвсгийг хэрэглэх журмыг мэднэ. Хэрэгт авагдсан фото зургаас харахад эргэлтэй зам дээр хурдтай явж байгаад, эргэлтэн дээр багтаж эргэж чадаагүй учраас машин нь замын хажуу руу унасан” гэсэн санал хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгах тодруулаагүй гэж үзэх боломжтойн зэрэгцээ шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн буу нь гар хийцийн галт зэвсэг байна. Шинжилгээнд сангийн анги ИВ486 дугаартай, замаг ИВ486 дугаартай, 1951 онд үйлдвэрлэсэн ОП-СКС загварын бууны гол төмрийг тайрч богиносгосон гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Уг галт зэвсгээр буудаж, загвар болгон авсан сумны хонгио, хошууны гадаргуунд үүссэн мөр нь галт зэвсгийн шинжилгээний лабораторт хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хонгио, хошуунуудын гадаргуунд үүссэн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна. Галт зэвсгийн гол төмрийг тайрч богиносгосон байна” гэсэн дүгнэлтээс үзэхэд Галт Зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно” гэж заасны дагуу өмчлөгч мөн эсэх,

мөн Эрүүгийн хуулийн тусгай анги 20.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, тээвэрлэсэн, хадгалсан, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар шалгах,

мөн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 007 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Жолооч Т.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна” гэжээ.

Гэтэл хэргийн газрын үзлэг, схем зураг, яллагдагч, түүний өмгөөлөгч болон прокурорын тайлбар зэргээс дүгнэж үзэхэд замын нөхцөл нь эргэлттэй замд онхолдсон байхад түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөн гэсэн нь эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.

 

Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Анхан шатны шүүх Т.Аэд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс Галт зэвсгийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт дагуу өмчлөгч мөн эсэх, 20.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, тээвэрлэсэн, хадгалсан, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар шалгах нь зүйтэй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн байна.

2. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 007 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Т.Аийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөн гэсэн нь эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхээс шүүгдэгч, хохирогч нарт чирэгдэл учруулахгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг ханган, дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад шүүх хэтэрхий нэг талыг барьж, хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй.

3. Хавтас хэргийн 59 дүгээр талд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Алзахгүйбаатараас 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотоор хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээнд хүргүүлсэн ИВ486 дугаартай, замаг ИВ486 дугаартай гар хийцийн галт зэвсгийг Галт зэвсгийн тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох газарт нь хүргүүлсэн байхад анхан шатны шүүхээс Галт зэвсгийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт дагуу өмчлөгч мөн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, тээвэрлэсэн, хадгалсан, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар шалгах нь зүйтэй гэж үзэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа гэж үзэхээр байна.

Хэрэв шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, тээвэрлэсэн, хадгалсан, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй байх үндэслэлтэй юм.

4. Шүүхийн шийдвэрийг прокурорын газарт гардуулж өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацааг 6 хоногоор хэтрүүлж буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр прокурорт ирүүлсэн байна.

Т.Аэд холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нотлох баримт бүрэн авагдсан байх ба нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийж, хохирогч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Т.Аэд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Прокуророос Т.Аийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, зорчигч Ш.Бгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Аийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн эсэх нь эргэлзээтэй тул бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзвэл аль тохирох заалтыг зөв хэрэглэн, Т.Аийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Харин шүүх уг дүрмийн заалтыг нэмж хэрэглэхэд хүрвэл яллагдагчийн эрх зүйн байдал дордохыг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх техникийн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан дүгнэлтийг тодруулах, шаардлагатай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргах эрхтэй болно.

Мөн Т.Аийн тээврийн хэрэгслээс хураагдсан галт зэвсэг болох бууг хэний өмчлөлийнх болохыг тогтоох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг тээвэрлэсэн, хадгалсан, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх асуудлууд нь энэ хэрэгтэй хамааралгүй, зайлшгүй тодруулах асуудал биш тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийн хэмжээний дотор уг хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Иймд прокурор Э.Ариунболдын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Аэд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Аэд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Т.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ                       

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН