Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/522

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч, хохирогч Х.Т, Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Т, Ц.Ц нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000592 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, ........ боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., нөхөр, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, .... дугаар байр, ... тоотод оршин суух,

урьд ............ дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ........ овогт ..........-ын Т (РД:..............),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, ......... боловсролтой, ..... мэргэжилтэй, “Ө” СӨХ-д .......... ажилтай, ам бүл ...., нөхөр, ач охины хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ...... хороолол, .... дүгээр байр, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........ овогт ..........-ын Ц (РД:...............).

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Т согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр байр, ... дүгээр орцны гадна хохирогч Ц.Ц-гийн толгой руу хогийн хутгуураар цохиж тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр байр, .... дүгээр орцны гадна хохирогч Х.Т-гийн толгой руу хогийн хутгуураар цохиж баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Ц миний мөр лүү 2-3 удаа цохисон. Миний буруу байсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би тархиндаа гэмтэл авсан гэж бодоод зураг авахуулсан бөгөөд түүний үнэ 130,000 төгрөгийг хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2208000000592 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Ц-гийн: “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим тус байрны гадна талбайг цэвэрлэж байхад 9 дүгээр орцны подволиос 40-45 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирээд байрны цэцгийн мандал дээр суугаад байхаар нь “мод хугалчихваа” гэж хэлтэл “яадаг юм” гээд эмэгтэй нь над руу орилж хашхираад мод хугалсан. Уг эмэгтэй хүрч ирээд цэвэрлэгээ хийж байсан хогийн хуванцар тосгуурыг гараас булааж аваад миний толгой руу нэг удаа цохиход хамт гарч ирсэн эрэгтэй нь “болиоч” гээд уг эмэгтэйг салгаж холдуулсан. Би томографын зураг 130,000 төгрөгөөр авхуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Тархи хөдөлсөн учраас толгойгоо өдөрт 20,000 төгрөгөөр 3 өдөр бариулсан 60,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.07-ны өдрийн 3677 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “1. Ц.Ц-г-ийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Шинжээч эмч Б.Баяртогтохын: “Ц.Ц-гийн биед учирсан гэмтлүүд нь нэг хэсэг газарт нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл тул гэмтлийн зэргийг ялган тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хогийн тосгуураар цохих үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

Хохирогч Х.Т-гийн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байр, ... дүгээр орцны подвольд найз Ц-гийн ажлын газарт сууж байтал манай нөхөр Н- өглөө 09 цагийн үед ирсэн. Би нэг шил 0.75 граммын архи аваад хамт уусан. О, Ж хоёр гараад явсан. Нөхөр намайг “явъя, харья” гээд аваад гарсан. 11 дүгээр байрны мод тарьсан мандал дээр нөхрийн хамтаар сууж байтал эрэгтэй, эмэгтэй .......... ирээд эмэгтэй нь “наанаасаа бос” гэж хэлэхэд би “хуц” гээд хэрэлдсэн. Намайг хэл амаар доромжилсон. Хог шүүрддэг хуванцар шүүрээр намайг цохихоор нь би булааж аваад эмэгтэйг нь цохисон. Би болсон явдлын талаар одоо сайн санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.07-ны өдрийн 3769 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “1. Х.Т-гийн биед баруун нүдний доод зовхи, зүүн шуу, зүүн өгзөгт цус хуралт, дух, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.7. Баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн: “...Дээрх гэмтлүүдээс баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Гэрч Х.Н-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 9 дүгээр орцонд байрлах Баярмаагийн ажил дээр очсон. Эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд бид нар нэг шил архи уусан. Би “Тг явъя” гэхэд явахгүй байсан. Тэгтэл Т гараад явахаар нь гарахад манай эхнэр мод тарьдаг газарт сууж байсан. Би “явъя” гээд татаж чангаасан боловч явахгүй байсан. Тухайн үед .......... эмэгтэй “мод хугалаад байна шүү дээ” гэж хэлээд “архичин авгай” гээд байсан. Т босоод .......... эмэгтэйн хажууд газарт байсан хогийн тосгуурыг аваад .......... эмэгтэйн толгой руу хоёр удаа цохисон. Би Тг тэврээд салгах гэтэл .......... эмэгтэй тосгуураар Т-гийн толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

Гэрч Х.Б-ийн: “...Би ажил дээрээ байж байтал лифтчин хяналтын камер хараад орцны үүдэнд зодоон болоод байх шиг байна гэхээр нь би гараад 11 дүгээр байрны 9 дүгээр орцны гадна очиход манай СӨХ-ны .......... эгч Ц, түүний нөхөр Батсүх нар үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаж байсан. Би “боль” гэхэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эмэгтэй над руу дайраад салаавч гаргаад “цагдаагаа дууд” гээд орилоод байсан. Намайг очиход Ц эгчийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. “Яасан” талаар асуухад толгой руу хогийн тосгуураар цохиод хагалчихлаа гэж байсан. Газарт сууж байсан согтуу эмэгтэйн хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

Гэрч Б.: “...Би СӨХ рүү орчихоод гараад иртэл Т .......... эмэгтэйтэй зодолдож байсан. Тгийн хамраас цус гарчихсан байсан. .......... эмэгтэй их ууртай байсан, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Салгах гэж оролдсон боловч би дийлэхгүй байсан. Тухайн үед Т нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-6), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-7-15), шүүгдэгч Ц.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-119), оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-104), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-106), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-107), “хохирогч Ц.Цгийн толгойн томографийн зураг авхуулсан тухай баримт” (хх-55, 57),

шүүгдэгч Х.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-114), шийтгэх тогтоолын хуулбар (хх-117-118) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Т согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байр, 9 дүгээр орцны гадна хохирогч Ц.Ц-гийн толгой руу хогийн хутгуураар цохиж тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байр, 9 дүгээр орцны гадна хохирогч Х.Т-гийн толгой руу хогийн хутгуураар цохиж баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Ц-гийн “...Цэцгийн мандал дээр суугаад байхаар нь “мод хугалчихваа” гэж хэлтэл “яадаг юм” гээд эмэгтэй нь над руу орилж хашхираад мод хугалсан. Тэгээд уг эмэгтэй хүрч ирээд цэвэрлэгээ хийж байсан хогийн хуванцар тосгуурыг гараас булааж аваад толгой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүх эмнэлгийн 3677 дугаар “1. Ц.Ц-гийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-59-60), гэрч Б.Н-ын “...Т газраас босоод .......... эмэгтэйн хажууд газарт байсан. Хогийн тосгуурыг аваад .......... эмэгтэй нь толгой руу хоёр удаа цохисон. Би Тг тэврээд салгах гэтэл .......... эмэгтэй тосгуураар Т-гийн толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-43), гэрч Х.Б-ийн “...би “яасан” талаар асуухад миний толгой руу хогийн тосгуураар цохиод хагалчихлаа гэж хэлж байсан. Харин тухайн үед газарт сууж байсан согтуу эмэгтэйн хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-54), хохирогч Х.Т-гийн “...мод тарьсан мандал дээр сууж байтал .......... ирээд эмэгтэй нь “наанаасаа бос” гэхэд би “хуц” гээд хэрэлдсэн. шүүрээр намайг цохихоор нь би булааж аваад эмэгтэйг нь цохисон...” гэх мэдүүлэг (хх-35-36), шүүх эмнэлгийн 3769 дугаар “...1. Х.Т-гийн биед баруун нүдний доод зовхи, зүүн шуу, зүүн өгзөгт цус хуралт, дух, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.7. Баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-68-69), гэрч Б.Ц-гийн “...Би СӨХ рүү орчихоод гараад иртэл Т .......... эмэгтэйтэй зодолдож байсан. Т-гийн хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-46-47) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц-гийн хохирогч Х.Т-г “мод хугаллаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн хогийн тосгуураар толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Х.Т-гийн согтуурсан үедээ хохирогч Ц.Ц-г “мод хугалчихваа гэж хэллээ” гэх зүйлээр шалтаглан таарамжгүй харилцаа үүсгэн хогийн тосгуураар толгой хэсэг рүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 130,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, 130,000 төгрөгөө авсан” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Х.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж,

хохирогч Х.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжилсэн зүйлгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, миний буруу байсан” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Ц.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 9 дүгээр орцны гадна хохирогч Ц.Ц-г хогийн хутгуураар толгой руу цохиж биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 9 дүгээр орцны гадна хохирогч Х.Т-г хогийн хутгуураар толгой руу цохиж биед баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Т, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Т бусдын тавьсан шаардлагыг үл хүндэтгэн хогийн тосгуураар цохисон, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн асаргаа, халамжийн мөнгөөр амьдардаг зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч Х.Т “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгч Ц.Ц “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Х.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч Х.Т согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цэцгийн мандал дээр сууж “мод хугалах вий” гэсэн бусдын шаардлагыг эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгой хэсэгт нь хогийн тосгуураар цохиж гэмтэл учруулсан, шүүгдэгч Ц.Ц “цэцгийн мандал дээр сууж, мод хугаллаа” гэх шалтгаанаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд толгой хэсэгт нь хогийн тосгуураар цохиж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Ц.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 130,000 төлсөн гэх, хохирогч “Гомдолгүй” гэх, хохирогч Х.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Миний буруу байсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх), шүүгдэгч Ц.Ц-гийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, “Ө” СӨХ-д .......... ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч Х.Т-гийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн асаргааны мөнгөөр амьдардаг, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Ө” СӨХ-д 450,000 төгрөгийн цалин хөлстэй ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Ц.Ц-г 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт ..........-ын Т, ........ овогт ..........-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-г 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Т, Ц.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР