Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2018/00040/и |
Дугаар | 64 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д-д холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Б.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будсүрэн, гэрч Ш.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь өөрийн танил н.Гийг 2015 оны 04 дүгээр сард зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэхээр нь байрны гэрчилгээгээ өгч явуулсан боловч төд удалгүй эргэж ирээд зээл бүтсэнгүй гэсэн. Дараа нь Б.Дтай хамт 7,000,0000 төгрөгийн зээл авах гэсэн юм гэхээр нь дахин гэрчилгээгээ өгсөн. Миний нэр дээр байж болохгүй гэж байна гэсэн юм. Тухайн үедээ учрыг нь олохгүй сайхан сэтгэлээр хандаж өгсөн юм. Эргээд миний нэр дээр болох уу гэж асуухад болно гэж хэлж байсан. Ингээд хуурамчаар буюу дүр эсгэн худалдах, худалдан авах гэрээг хийж улмаар миний эзэмшлийн Сайншанд сум 6 дугаар баг 1-р 80 айлын 48 тоот 37 м2 3 өрөө байрны 000378559 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Д нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл Б.Д нь банкны зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйгээс байрыг маань хураалгах хэмжээнд хүргэж байна. Мөн тохирсон хэмжээгээр зээлээ авалгүй 20 сая төгрөгийн зээл авсан болохыг нь мэдсэн. Би байраа Б.Дгийн нэр дээр болгосон байгааг өөрийнхөө нэр дээр болгомоор байна. Одоо гэрээг хүчин төгөлдөр бус болгож байраа өөрийнхөө нэр дээр болгох хүсэлтэй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, намайг байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ажнай худалдааны төвд “Чивчидийн булаг” ХХК-ийн 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулдаг байсан. Энэ хугацаанд манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан н.Г нь нэг өдөр дэлгүүр дээр ирээд би Цэцэгмаа эгчээс мөнгө зээлсэн. Сарын 15 хувийн хүүтэйгээр мөнгийг нь өгөх гэсэн чинь чаддаггүй, 2-3 сараар хүүг нь хэтрүүлчихсэн. Тэгээд зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө байхгүй болохоор зээл авч чаддаггүй гээд ирсэн. Тэгээд П.Ц эгчтэй намайг уулзуулаад орхисон. П.Ц эгч Гөөс хүүтэй мөнгөө авахын тулд байрныхаа ордерийг надад авчирч өгсөн. Би зээл хөөцөлдөөд анх бүтээгүй тул П.Ц эгчид байрны ордерийг өгсөн чинь наана чинь байж байг гээд аваагүй. Би урд нь байраа тавиад зээл авсан байсан. Дараа нь тэр жижиг зээлээ хаагаад уг зээлийг хөөцөлдөөд авахаар болсон тул П.Ц эгчтэй ярилцаад байрныхаа ордерийг миний нэр дээр болгосон. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг П.Ц эгч эрүүл саруул байхдаа хийж, нотариатчаар гэрчлүүлсэн. Гэтэл тухайн үед архи уусан, согтуу байсан гэж хэлж болохгүй. Би уг зээлийг аваад 1,000,000 төгрөгийг н.Гт өгсөн. Уг мөнгийг банкны хүүний хамт н.Гөөс төлүүлнэ. Би банкны зээлийг төлөх гэхээр орлогогүй, эдийн засаг хямарснаас болоод ийм асуудалд орсон. П.Ц эгчийг 3 өрөө байртай нь үлдээмээр байна. Гэвч Хас банк зөвшөөрөхгүй байх. Өөр байрны ордер тавьж П.Цд байрыг гаргаж өгье гэсэн боловч барьцаа хөрөнгө байхгүй байна. Одоо надад орох орон байхгүй, өнчин 3 хүүхдийн хамт амьдарч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк нь Б.Дтай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1020021032 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон мөн өдөр 02-324 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 80 айл 4 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн 00378891 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-0713001341 дугаарт бүртгэгдсэн 37 м2 орон сууцыг барьцаалж, Баталгаат ипотекийн гэрээг зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5702 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тус хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Д бүртгэгдсэн бөгөөд тус өдрийн байдлаар хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй байна гэсэн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэгт үндэслэн Б.Дтай Баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Зээлдэгч Б.Д нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас банк гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандаж, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 136/ШШ2017/00356 дугаар хүчин төгөлдөр захирамжийн дагуу барьцааны дээрх хөрөнгөөс төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, өнөөдрийн байдлаар дуусгавар болоогүй байна. Банк уг хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх нь дээрх байдлаар нэг этгээдээс нөгөөд шилжсэн, хожим нь ийнхүү маргаан үүсгэнэ гэдгийг мэдээгүй мөн мэдэх урьдчилан тааварлах боломжгүй байсан бөгөөд дээр дурдсанчлан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлийг үнэн зөвд тооцон өмчлөгчтэй гэрээ байгуулсан. Иймээс Иргэний хуулийн 154 дүгээр зүйл, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр ипотекийн эрх тус банкинд үүссэн, түүгээр хангагдах гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй буюу дуусгавар болоогүй байгаа зэргийг харгалзан үзэж, барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Б.Д нар нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1 дүгээр 8 айлын 48 тоот 37 м2 талбай бүхий орон сууцыг хариуцагч Б.Дгийн нэр дээр шилжүүлэн, 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж улмаар хариуцагч Б.Д нь тухайн орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хас банкинд зээлийн барьцаанд тавьж, Б.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс Хас банк шүүхэд хандаж зээлийн үүргийн биелэлтэд Б.Дгаас 17,877,634 төгрөгийг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан тухайн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч П.Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.Дд банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч улмаар талууд уг орон сууцыг барьцаанд тавих зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба тухайн орон сууцыг Б.Дгийн өмчлөлд бодитойгоор шилжүүлээгүй, /П.Ц болон түүний хүүхдүүд уг орон сууцанд амьдарч байгаа/ хариуцагч Б.Д орон сууцны үнэд 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч П.Цгийн нэхэмжлэлийн шаардлагын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Хас банк болон хариуцагч П.Дэлгэрмаа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 165 дугаар зүйлийн 165.1-т “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заасан шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан барьцаааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэгчийн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох бөгөөд гуравдагч этгээд Хас банк нь дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.Д хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан болохыг мэдэж байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Гуравдагч этгээд Хас банк нь маргаан бүхий орон сууцны хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй тул нэхэмжлэгч П.Цгийн Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1 дүгээр 8 айлын 48 тоот 37 м2 талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба тухайн орон сууцны үнийг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнд заасан 25,000,000 төгрөгөөр тооцож энэхүү үнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.Д буцаан өгөх боломжгүй, гуравдагч этгээд Хас банк барьцааны эрхтэй нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч П.Ц нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 283,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон