Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/525

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000573 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ........ боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК-д ..... ажилтай, .... аймгийн ... сумын .... дугаар баг, .. ...., ... ... дүгээр гудамж .... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ..., ......, ...... хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... хороолол, .... дугаар байр, .... тоотод түр оршин суух,

урьд ... аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Б-ийн Н (РД:............).

                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар байрны урд талын зогсоолд байсан **-** **** улсын дугаартай “Toyota Prius-20” маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйн эрэг боолтыг тайлж авч явахад бэлдсэн, **-** **** улсын дугаартай “Toyota Prius-30” маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйн эрэг боолтыг тайлж 2 дугуйг **-** **** улсын дугаартай “Toyota Aqua” маркын тээврийн хэрэгсэлд ачиж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдаж бусдад 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. Зогсоол дээр байсан машины дугуйг мөнгө олох зорилгоор хулгайлж байсан. Хүнтэй уулзах зорилгоор танил ахаас машиныг нь гуйж авсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2208000000573 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-ын: “2022 оны 2 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчимд Орчлон хорооллын 38 дугаар байрны урд ил зогсоол дээр өөрийн **-** **** улсын дугаартай Приус-30 маркын тээврийн хэрэгслээ байршуулаад гэртээ орсон. 2022 оны 2 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 01 цаг 50 минут орчим залгаад “Машины чинь дугуйг хулгайлаад байна” гэж эрэгтэй хүн ярьсан. Яараад гарч иртэл цагдаагийн алба хаагч нар ирчихсэн, хулгайч нь зугтчихсан байсан. Машины дөрвөн дугуйны боолтыг тайлаад авч явахад бэлдчихсэн байсан. Машины хойд талд байсан хар өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйг тайлчихсан. Акуа маркын номергүй автомашинд тухайн тээврийн хэрэгслийн хоёр дугуй байсан. Манай эхнэр хашаа давж гэр лүүгээ орох гэж байтал хашааны буланд сэжигтэй хүн суугаад байсныг цагдаагийн алба хаагчид хэлж баривчлуулсан. Би дөрвөн дугуйгаа хүлээгээд авчихсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.14-ний өдрийн 365 дугаартай тайланд: “Приус-30 маркын тээврийн хэрэгслийн 16-тай, G stok обудтай, дөрвөн дугуйны үнэлгээг 720,000 төгрөгөөр тогтоосон” гэжээ (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Хохирогч Б.Э-гийн: “...2022 оны 2 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчим машинаа Орчлон хорооллын 38 дугаар байрны урд зогсоол дээр байрлуулсан. Шөнө 3 цагийн орчим ээж залгаад “цагдаа нар чиний машины дугуйг хулгайлсан этгээдийг барьсан байна” гэхээр нь машин дээрээ очтол доор нь тоосго эвчихсэн, дугуй нь байхгүй байсан. Би цагдаа дээр ирээд дугуйгаа бүрэн бүтэн хүлээгээд авчихсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.14-ний өдрийн 359 дугаартай тайланд: “Приус-20 маркын тээврийн хэрэгслийн 16-тай обудтай, дөрвөн дугуйны үнэлгээг 360,000 төгрөгөөр тогтоосон” гэжээ (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Гэрч Б.Н-ийн: “...2022 оны 2 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 1 цаг 30 минутад тамхилах гээд тагтан дээрээ гарсан. Манай байрны урд зогсоол байдаг юм. Тагтан дээр гараад тамхи татаж байтал саарал өнгийн Приус-30 маркын тээврийн хэрэгслийг намхан биетэй эрэгтэй хүн тойроод машины доор юм эвээд байх шиг болохоор нь хэсэг ажигласан. Гэтэл ил зогсоол дээр машины гэрэл  туссан бөгөөд гэрэлд нөгөө залуу саарал Приус маркын тээврийн хэрэгслийн дугуйг тайлж аваад хар саарал өнгийн Акуа маркын тээврийн хэрэгсэлд хийсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машины дугуй хулгайлаад машин руугаа хийсэн хүнийг зааж өгөхөөр дөхөж очтол нөгөө саарал Приус-30 маркын тээврийн хэрэгслийн үлдэгдэл дугуйнуудыг тайлж байсан. Биднийг хараад хашаа даваад зугтаачихсан. Саарал, хар өнгийн Приус маркын тээврийн хэрэгслийн дугуйг тайлж сулласан байдалтай, нөгөө хар хөх өнгийн Акуа маркын тээврийн хэрэгсэлд 2 ширхэг дугуй арын багаажинд байсан. Тухайн машины урд, хойд улсын дугаараа авч кабин дотроо байрлуулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Г.О-ын: “Уг **-** **** улсын дугаартай Акуа маркын тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын нэр дээр байдаг, би худалдан авсан. 2022 оны 2 дугаар сарын 28-ны орой гадуур ажилтай явж байхад Н залгаад “Та машинаа түр өгөөч, өнөөдөр жаахан ажилтай байна” гэж хэлсэн. Тэгээд 21 цаг орчим Нгийн түрээсэлдэг Орчлон хороололд машинаа хүргэж өгсөн. Шөнө 03 цагт цагдаагаас залгаж “Ирж уулз” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),  

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.14-ний өдрийн 366 дугаартай тайланд: “Тоёота Акуа маркын тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр тогтоосон” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Шүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг орчим мөнгө олох зорилгоор өөрийн амьдардаг байрны машины зогсоолд байсан Приус-20, 30 маркын машинуудын дугуйг хулгайлахаар гарсан. Уг хэргийг үйлдэхдээ танил ах О-ын Акуа маркын машиныг “Хүнтэй уулзах хэрэг байна, машинаа түр өгөөч” гэж хэлж авсан. Машиныг шороон зогсоолд байрлуулаад Приус маркын тээврийн хэрэгслийн хоёр дугуйг тайлж машины арын суудалд тавьсан. Дахиад хоёр дугуйг тайлж байхад цагдаа нар ирэхээр нь зугтсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),    

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-2-6), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-61), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-50), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-51), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-53), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-54), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-55-56), “Х” ХХК-ийн “Автопаркын албаны жолооч Б.Н нь 2021 оноос үндсэн ажилтнаар ажиллаж байгаа” гэх тодорхойлолт (хх-57), дансны хуулга (хх-58-60) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “цалингийн зээлийн гэрээ” зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар байрны урд талын зогсоолд байсан **-** **** улсын дугаартай “Toyota Prius-20” маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйн эрэг боолтыг тайлж авч явахад бэлдсэн, **-** **** улсын дугаартай “Toyota Prius-30” маркын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйн эрэг боолтыг тайлж, 2 дугуйг нь **-** **** улсын дугаартай “Toyota Aqua” маркын тээврийн хэрэгсэлд ачсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б-ын “...шөнийн 01 цаг 50 минут орчим “Машины чинь дугуйг хулгайлаад байна” гэж эрэгтэй хүн ярьсан. ...Машины дөрвөн дугуйны боолтыг тайлж салгаад авч явахад бэлдчихсэн байсан. Миний машины хойд талд байсан хар өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйг тайлчихсан. Акуа маркийн номергүй автомашинд тухайн тээврийн хэрэгслийн хоёр дугуй байсан....” гэх мэдүүлэг (хх-21), хохирогч Б.Э-гийн “...Шөнө 1 цаг 30 минутын орчим ээж залгаад “цагдаа нар чиний машины дугуйг хулгайлсан этгээдийг барьсан байна” гэхээр нь машин дээрээ очтол тоосго ивчихсэн, дугуй нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-27), гэрч Б.Н-ийн “...саарал өнгийн Приус-30 маркын тээврийн хэрэгслийг намхан биетэй эрэгтэй хүн тойроод машины доор юм эвээд байх шиг болохоор нь хэсэг ажигласан. ...Нөгөө залуу тээврийн хэрэгслийн дугуйг тайлж аваад хар саарал өнгийн Акуа тээврийн хэрэгсэлд хийсэн...” гэх мэдүүлэг (хх-10), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Приус-20 маркын тээврийн хэрэгслийн 16-тай обудтай дөрвөн дугуй 360,000 төгрөг” гэх тайлан (хх-35-36), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Приус-30 маркын тээврийн хэрэгслийн 16-тай G stok обудтай дөрвөн дугуй 720,000 төгрөг” гэх тайлан (хх-40-41) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-гийн хохирогч Б.Э-гийн эзэмшлийн **-** **** улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйн эрэг боолтыг тайлж авч явахад бэлдсэн, хохирогч Б.Б-ын эзэмшлийн **-** **** улсын дугаартай Приус-30 маркын тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйн эрэг боолтыг тайлж, 2 дугуйг нь **-** **** улсын дугаартай “Toyota Aqua” маркын тээврийн хэрэгсэлд ачсан санаатай үйлдэл нь шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрч Б.Н-ийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч нар хэргийн газарт ирснээр таслан зогсоогдож гэмт хэрэг төгсөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ. Шүүгдэгч Б.Н бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийн олон тооны дугуйг зөөж тээвэрлэх зорилгоор иргэний нэхэмжлэгч Д.О-ын эзэмшлийн **-** **** улсын дугаартай “Toyota Aqua” маркын тээврийн хэрэгслийг “Өнөөдөр жаахан ажилтай байна, машинаа түр өгөөч” гэж хэлэн авч урьдчилан бэлтгэж улмаар ашигласан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Б.Н-гийн хохирогч нарын хоёр тээврийн хэрэгслийн 8 ширхэг дугуйн эрэг боолтыг тайлж авч явахад бэлдсэн, 2 дугуйг нь өөрийн жолоодож явсан бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ачсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-од 720,000 төгрөгийн, хохирогч Б.Э-д 360,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол тус бүр биет байдлаар буцаан төлөгдсөн, хохирогч нарын “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-21, 27)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан байсан **-** **** улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг, мөн **-** **** улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг тус тус хулгайлах зорилгоор эрэг боолтыг нь тайлан бэлтгэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсаны улмаас бусдад 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 14,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялыг багасгаж, хөнгөрүүлэн шийдэж өгнө үү. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. 14 сая төгрөгийг тодорхой хугацаанд өгнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлтээр, хохирогч Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл доор тоосго давхарлан авч, дөрвөн дугуйн эрэг боолтыг тайлж суллан, авч явахад бэлдсэн, 2 дугуйг өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд ачсан байсан, хохирогч Б.Э-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл доор тоосго давхарлан ивж, дөрвөн дугуйн эрэг боолтыг тайлж суллан, авч явахад бэлдсэн байсан, тээврийн хэрэгслийн дугуй хулгайлах зорилгоор бусдын тээврийн хэрэгслийг гуйн авч (тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тайлан кабиндаа хийсэн байсан) учрах саадыг арилгах зорилгоор ашигласан, тухайн байрны оршин суугч цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өгснөөр хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Б.Б-од 720,000 төгрөгийн, хохирогч Б.Э-д 360,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, шүүгдэгч үйлдэл дээрээ баригдсан даруйд хохирол биет байдлаар буцаан олгогдсон, хохирогч нар “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Х” ХХК-д жолооч ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн “Ялыг багасгаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 (нэг) жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** **** улсын дугаартай “Toyota Aqua” маркын тээврийн хэрэгсэл нь “Цэгц хөрөнгө ББСБ” ХХК-ийн өмчлөл, иргэний нэхэмжлэгч Д.О-ын эзэмшилд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-80), иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг (хх-76) зэргээр тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, харин уг тээврийн хэрэгслийн үнэ болох 14,000,000 төгрөг (хх-30-31)-ийг шүүгдэгч Б.Н-гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. **-** **** улсын дугаартай “Toyota Aqua” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР