Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/537

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208003200817 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ....... аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, ....., ......... боловсролтой, ..... ........ мэргэжилтэй гэх, “О” ХХК-д хамгаалагч ажилтай, ...... дүүргийн .... дугаар хороо, ........... дугаар гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ...., ............ хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .......... дугаар гудамж, ..... тоотод түр оршин суух,

урьд ...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон, А овогт Г-ын М (РД:...............).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн автобусны буудлын хажууд байрлах “О” караокед хохирогч Д.- хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэнд хэд хэдэн удаа цохиж “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед караокед орсон. Үүдэнд тамхи татаад зогсож байтал Г- гэдэг хүн ардаас цохисон. Тэгээд уурандаа 3 удаа цохисон. Хохиролд 500,000 төгрөг өгсөн. Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2208003200817 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Г-ийн: “2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Мөнхцэцэг, гэр бүлийн найзуудын хамт Тахилтын эцэст байрлах “О” караоке орсон. Би найзуудаа гаргаж өгчихөөд караокены шатан дээр тамхи татаж байсан. Хажуу ширээнд сууж байсан М гэх өндөр залуу намайг мөрлөх шиг болсон. Тэгээд гадаа маргаан болж караоке руу орсон. Би уурандаа тэр залуугийн шанаа руу 1 удаа алгадах шиг болсон. Тэгэхэд М намайг барьж аваад караокены сандал руу дарж унагааж баруун нүд рүү 3 удаа хүчтэй цохисон. Манай эхнэр Мөнхцэцэг салгаж, тэр караокег ажиллуулдаг хүмүүс цагдаа, түргэн дуудсан байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.05-ны өдрийн 1124 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Г-ийн биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие уурандаа Г- гэх ахын нүүр хэсэгт 3 удаа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хувиараа барилгын ажил эрхэлдэг. Мөн “О” ХХК-д хамгаалагчаар ажилладаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-51), Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт (хх-46), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хх-47-49), “О” ХХК-ийн “Г.М нь сарын 500,000 төгрөгийн цалинтай, хамгаалагчаар ажилладаг нь үнэн” гэх тодорхойлолт (хх-50), шийтгэх тогтоолын хуулбар (хх-54-56), хохирлын баримтууд (хх-59-65), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-77, 78), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-80-81), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-82) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.М согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн автобусны буудлын хажууд байрлах “О” караокед хохирогч Д.Г-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэнд хэд хэдэн удаа цохиж “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Г-ийн “...Тухайн үед би уурандаа тэр залуугийн шанаа руу 1 удаа алгадах шиг болсон. Тэгэхэд М намайг барьж аваад караокены сандал руу дарж унагааж миний баруун нүд рүү 3 удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг (хх-21-22), шүүх эмнэлгийн 1124 дугаар “1. Д.Г-ийн биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-30-31), шүүгдэгч Г.Мын “...Миний бие уурандаа Г- гэх ахын нүүр хэсэгт 3 удаа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-40) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.М-ын согтуурсан үедээ хохирогч Д.Г-той маргалдан нүүрэнд нь 3 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 106,050 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 500,000 төгрөг бэлнээр төлсөн гэх, хохирогчийн “Эмчилгээний зардлаа авсан, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-77)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.М нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .........  автобусны буудлын хажууд байрлах “О” караокед хохирогч Д.Г-той хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.М “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдэл /нэг удаа цохисон/-ийн улмаас маргалдан нүүрэнд 3 удаа гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 106,050 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 500,000 төгрөг бэлнээр төлсөн гэх, хохирогч “Эмчилгээний зардлаа авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР