| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00130/и |
| Дугаар | 102/ШШ2017/00971 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00971
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00971 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17-415 тоотод оршин суух, Дуут овогт Баярмөнхийн Содном /РД: ВБ87071201/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 67/5-1 тоотод оршин суух, Хар хорин овогт Лхамжавын Мөнхзориг /РД: ЦЖ78040978/
Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Содномын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Мөнхзориг нь надад Хар хорин худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах 106 тоот лангууны эзэмших эрхийг 8 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, би урьдчилгаа болгож 5,400,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр төлсөн. Гэтэл Л.Мөнхзориг нь гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаанд өгсөн мөнгийг надад буцааж өгөхөөр болсон. Үүнийгээ илэрхийлж 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баталгаа бичиж өгсөн. Гэвч одоо болтол миний мөнгийг буцааж өгөхгүй байгуу тул Л.Мөнхзоригоос 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Мөнхзоригийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Б.Содномын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 3,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Б.Содном нь Хар хорин худалдааны төвд ариун цэврийн эмчээр ажилладаг Хандаа гэх эмэгтэйгээр дамжуулан павилон худалдан авах санал надад тавьсан. Би тухайн үед павилон авах хүсэлтэй олон хүн байгаа, хэрэв найдвартай авна гэвэл 8,500,000 төгрөгөөр авч болно. Хэрэв наймаа буцах юм бол тодорхой хэмжээний мөнгийг суутгаж авна гэхэд зөвшөөрөөд урьдчилгаа 5,400,000 төгрөгийг өгсөн. Ингээд 10 хоногийн дараа Б.Содном манай дүү наймаа хийнэ гэж байсан боловч чадахгүй болсон тул павилон худалдаж авахгүй боллоо гэдгээ хэлсэн. Иймд нэхэмжилж буй 5,400,000 төгрөгөөс би 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Содном нь хариуцагч Л.Мөнхзоригт холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,400,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Л.Мөнхзориг шүүх хуралдааны товыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасантай харшлахгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг үндэслэж хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай харшлахгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Содном, хариуцагч Л.Мөнхзориг нар Хар хорин худалдааны төвийн 106 дугаар лангууг 8,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийжээ. Гэвч үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодохой зааж нотариатаар гэрчлүүлэх …”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэнээр хэлцэл хийсэн гэж үзнэ” гэх хуульд заасан журмыг зөрчжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, мөн хуулийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэлийг зөрчсөн,” гэжээ. Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд: “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т “... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.” гэж заасан шаардлагад хамааралтай ба энэ хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамруулан үзнэ гэжээ.
Нэхэмжлэгч Б.Содном, хариуцагч Л.Мөнхзориг нар Хар хорин худалдааны төвийн 106 дугаар лангууг 8,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Б.Содном нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар хариуцагчид өгсөн бүх зүйлээ буцаан авахаар шаардах эрхтэй гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Л.Мөнхзоригоос 5,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Содномд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Л.Мөнхзориг нь “худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч санаачилгаараа цуцалсан тул хэлэлцэж тохирсноор би гэрээ цуцалснаас учирсан хохиролд 2,000,000 төгрөгийг суутгаж авна” гэж маргаж байх боловч гэрээг бичгээр байгуулаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул 2,000,000 төгрөгийг суутгаж авах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Л.Мөнхзоригоос 5,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Содномд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР