Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0550/Э |
Дугаар | 2022/ШЦТ/554 |
Огноо | 2022-05-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002370457 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болон түүнд оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 674 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Б овогт С-ийн О (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд үйлчлүүлж байсан У.А-той маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, толгой руу нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр би найз бүсгүйнхээ оронд ... зочид буудалд ресейпшнээр ажилласан. Тэгтэл тэнд үйлчлүүлж байсан А гэх залуу согтуу байдалтайгаар коридорт байсан угаалтуур луу шээгээд байсан. Тэгэхээр нь би чи нойлд орохгүй яагаад наанаа шээгээд байгаа юм гэсэн шаардлага тавьсан юм. А нь тэнд байхдаа ойр хавьд нь байсан хүмүүс рүү агсраад байхаар нь би боль гэсэн, улмаар тэнд байсан 2 залуутай зодолдоод байхаар нь би салгасан. Тэгтэл намайг цохиод авахаар нь би уурлаад харилцан барьцалдаж авсан. Бид бие биедээ адилхан л гэмтэл учруулсан. Тэгээд хоорондоо зохицоод салсан. Тэгтэл цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсныг би сүүлд мэдсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Д.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дахь тал), гэрч Д.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 670 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүгдэгч С.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 47, 55-58, 59-62, 65-66, 68-103 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), үл хөдлөх хөрөнгөгүй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 112 дахь тал), шүүгдэгч С.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд иргэн У.А-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, толгой руу нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Ц.А-ийн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед найз охин Т.Б-ын хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудалд очиж, бид нар тухайн буудлын хаалгаар ороод эхний өрөөнд орсон. Манай эхнэр буудлын үйлчлэгч Н болон ресейпшн У, түүний эгч, дүүгийн хамт хамгийн цаад талын өрөөнд архи уугаад сууж байсан. Би ганц шил архи ганцаараа өрөөндөө уусан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг өнгөрч байхад тухайн эмэгтэйчүүд ууж буй өрөөнд намайг дуудахаар нь би очсон. Тухайн үед ресейпшний нөхөр гэх О гэх залуу байнга орж ирээд байсан төдийгүй “чи эд нартай битгий архи уугаад бай” гэж хэлэхээр нь би “өөрөө орж ирээгүй юмаа, танай эхнэр дуудсан” гэж хэлэхэд “тийм юм байхгүй, чамайг өрөө рүү чинь оруулаад өгье” гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Тэгээд манай өрөөний үүдэнд очоод бид хоёр дахин маргалдсан, тэр үед би тухайн залууг түлхсэн. Тэгтэл гараараа миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод газар унасны дараа миний толгой хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд дахиад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний нүүр хэсгээс цус гараад байсан. О надад 128,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... зочид буудалд бэлнээр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
2. Гэрч Д.Ц-ын: “...Тухайн өдөр манай найзын төрсөн өдөр болж байсан учраас найз залуу болох О-ыг түр өөрийнхөө оронд ажиллуулсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг болж байхад ажил дээрээ очсон. Тухайн үед манайхаар байнга үйлчлүүлдэг зүс таних залуу 209 дугаарын өрөөнд орж үйлчлүүлж байсан. Би найз З, О, эгч М нарын хамтаар 217 тоот өрөөнд орж З-ийн төрсөн өдрийг үргэлжлүүлэн тэмдэглэсэн. 209 тоотод байсан зүс таних залуу найз охиныхоо хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхаар нь би найз охиныг нь хамт сууя гэж дуудсан ба 0,75 граммын архи 1 шилийг уусан. Тэгтэл 209 тоот өрөөний охины нөхөр нь орж ирээд юм ярьж байгаад өрөөнөөс гараад хүмүүстэй маргалдаад байсан. Тэгсэн О салгаад өрөө рүү нь оруулсан. Тэгтэл 209 тоот өрөөний залуу О-ыг ресейпшний өрөө рүү явж байхад араас нь ирээд “чи бөөнөөрөө хүн зодчихлоо, гараад ир, ганцаар үзье” гэж хэлсэн, тэр үед нь би “боль, өрөөндөө орж унт” гэж хэлсэн. Тэгээд О ресейпшний өрөөний хаалганы дотор талд зогсож байтал цохих гээд гараа далайхаар нь би боль гээд дунд нь орж гаранд нь оногдчихсон бөгөөд тухайн залуу О-ын толгой хэсэг рүү цохиход О уурлаад доош дараад хэвтүүлээд нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Миний бодлоор 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дахь тал),
3. Гэрч Д.Э-гийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын ресейпшн ажилтай. Тус буудлын манай эгч бид хоёр хамтран ажиллуулж байгаа. ...тухайн үед манай эгчийн найз залуу О ресейпшн хийж байсан. Тэгээд бид нар байж байтал манайхаар байнга үйлчлүүлдэг эгчийн нөхөр нь бололтой эрэгтэй орж ирээд хамт уусан. Тэгээд тухайн залуу гарч ороод хүн амьтантай маргалдаад байх шиг байсан. Тэгээд чанга чимээ гараад байхаар нь би ресейпшний өрөөнөөс гарахад урдаас манайхаар үйлчлүүлдэг залуу араас ууртай байдалтай ирээд юу гэж хэлсэн талаар би санахгүй байна. Тэгээд би цааш явж байтал гэнэт тухайн залуу О ахтай зодолдсон. Тэгээд би явж очиход нөгөө залуугийн нүүр хамраас нь цус гарсан байх, нэлээн цус шалан дээр гарчихсан байсан. Тэгээд тухайн үед байсан хүмүүс салгаад тухайн залууг өрөөнд нь оруулсны дараа би 00 цаас аваачиж өгөхөд тухайн залуугийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 670 дугаартай: “Ц.А-ийн биед баруун дээд зовхи, доод зовхины гадна хэсэгт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, цох, духны язарсан шарх, баруун доод зовхи, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
5. Шүүгдэгч С.О-ын: “...Би тухайн залууг шалан дээр дарж хэвтүүлээд хэд хэдэн удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Мөн толгой хэсэг рүү нь өшиглөсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйлд баримтыг дүгнэвэл, хохирогч Ц.А нь өөрийн найз охины хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 209 тоотод үйлчлүүлэхээр орсон байх бөгөөд найз охин нь тухайн зочид буудлын 217 тоот төрсөн өдрөө тэмдэглэж буй хэсэг эмэгтэйчүүдтэй нэгдэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол найз залуу болох Ц.А нь өөрийн авсан өрөндөө архи согтууруулах ундааны зүйлийг ганцаар хэрэглэж, улмаар 2 өрөөний хооронд ирж очиж явах замдаа тэнд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдах, сөргөлдөх зан араншин гаргаж байсан, шүүгдэгч С.О нь түүнийг салгаж өрөө рүү нь оруулах арга хэмжээ авч байсан болохыг гэрч Д.Ц, Д.Э нар нь мэдүүлсэн байна. Тэгтэл хохирогч Ц.А нь шүүгдэгч С.О-ыг “өөрийг нь бусадтай нийлж зодлоо” гэх шалтгаанаар хэрүүл өдөн улмаар цохих гэж оролдсон боловч эсрэгээрээ шүүгдэгч С.От цохиулах, өшиглүүлэх зэргээр зодуулж, гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх байдлаас үзвэл, хохирогч Ц.А нь олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бие зөв зохистой авч яваагүй буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа боловч энэ нь түүний эсрэг хүч хэрэглэж зодож гэмтэл учруулах хэмжээний шалтгаан бус юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.О нь тухайн зочид буудлын ресейпшнээр ажиллахдаа хүмүүст үйлчилж, тэнд байгаа хүмүүсээс гаргаж болзошгүй асуудлыг зохицуулах, арга хэмжээ авч холбогдох байгууллагад мэдэгдэх зэрэг хэвийн нөхцөл байдлыг хангаж ажиллах ёстой атал хүчээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь буруу бөгөөд түүний бусдын эсрэг хүч хэрэглэж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Улмаар шүүгдэгч С.О-ын бусдын бие махбодод халдсан удаа дараагийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.О-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул С.О-ыг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Хэдийгээр шүүгдэгч С.О нь хохирогчтой харилцан зодолдсон, эрүүл мэндэд нь гэмтэл учирсан гэж мэдүүлсэн боловч тухайн үйл явцыг харсан гэрч нарын мэдүүлгээр хохирогч Ц.А нь С.О-ыг цохих гэж оролдсон ч цохиж чадаагүй, учруулсан гэмтэл байхгүй талаар мэдүүлсэн, мөн түүнд гэмтэл учирсан болохыг нотолсон баримтгүй тул шүүгдэгч С.О-ын дээрх мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзнэ.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.О нь хохирогчид 128,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 499 дугаартай тогтоолоор оногдуулсан 480,000 төгрөгийн торгох ялыг нэгтгэн, 980,000 төгрөгөөр торгох, харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 674 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “санал бахгүй, зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч С.О-ын өмнө ял шийтгүүлсэн байдлыг дурдаж, дүгнэлт хийвэл,
1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байна.
2. Мөн шүүгдэгч С.От Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.
Дээрх тогтоолуудын агуулгаас харвал, шүүгдэгч С.О нь “2017 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө бусдыг дээрэмдсэн” үйлдэлдээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр, “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө иргэн Ч.Од хөнгөн хохирол санаатай уяруулсан” үйлдэлдээ 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр шийтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.О нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээрх 2 үйлдлийг нэг мөр шалгуулж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх боломжтой байсан байх боловч тус тусад нь шийдвэрлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон болно.
Иймээс шүүгдэгч С.О-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн, тэнсэж хянан харгалзсан 2 сар 14 хоногийн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байна гэж дүгнэхээр байна.
Харин шүүгдэгч С.О нь:
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болон түүнд оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсон байх боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3/6995 дугаартай албан бичигт “...дээрх тогтоолууд, гүйцэтгэх баримт бичиг тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж дурдагдсан (хавтаст хэргийн 138 дахь тал) байгаагаас үзвэл, дээрх ялуудыг биелэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Иймээс дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн сүүлийн хэргийн тухайд:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, тэрбээр удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан ч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй ахин гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо .. дугаар гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн тус үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан цаг хугацаа, хүрээнд үйлдэгдсэн, улмаар тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарч байна.
3. Харин шүүгдэгч С.О-ын шийтгүүлсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болон түүнд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн сольсон 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоох нь үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч С.О нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 674 дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар 235 хоног цагдан хоригдсон байгаа тул уг хугацааг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын цагдан хоригдсон 235 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 жил 01 сар 05 хоногийн тогтоов. /365 хоног х2+9 сар=1000хоног, 1000-235=765 хоног буюу 02 жил 01 сар 05 хоног болж байна/
Шүүгдэгч С.О нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 3 (гурав) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О-т энэ тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэгтгэн, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил 9 (ес) сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 235 (хоёр зуун гучин тав) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 (хоёр) жил 01 (нэг) сар 05 (тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ