Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02151

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02151

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 891Б тоотод оршин суух, Тугчин овогт Лхагвадоржийн Дэлгэрмаа /РД: ХЗ75100108/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгт холбогдох,

 

Тус нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, үндэслэлгүйгээр суутгасан 145,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагч “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Л.Дэргэрмаа Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд зорчигч үйлчилгээ хариуцсан менежерийн ажилтай, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус нийгэмлэгийн даргын Б-II-67 дугаар тушаалаар надад үндсэн цалинг 3 сар, 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Би өөрийн үүрэгт ажлаа шударгаар гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлж ирсэн. Манай байгууллагын дарга болон хүний нөөцийн менежер нар “... ажилтнуудыг ажлын байранд хөрвөн ажиллах чадварыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор үйлчилэгч Номин-Эрдэнэ, Батчимэг, Пүрэвсүрэн нарыг дээд боловсролтой, төмөр замын мэргэжилтэй учир инженер, техникийн ажлын байранд хөрвөн ажиллах боломжтой болгоно, цаашид ажил албан тушаалыг дэвшүүлэн ажиллуулна гэсэн зорилгоор буудлын жижүүр, орлогын касс, лавлан мэдээлэгч, ээлжийн ахлах зэрэг ажлын байруудад дагалдуулан ажиллуулах болсон тул ажлын графикийг боловсруулан авч ирээрэй” гэсэн. Өөрөөр хэлбэл намайг шууд удирдлагаар ханган ажиллуулдаг дарга удирдлагын зүгээс дээрх асуудлаар “графикийг хий” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу графикийг хийж, байгууллагынхаа хүний нөөцийн менежер, эдийн засагчаар хянуулж, зохих зөвшөөрөл авч, даргаар батлуулж, хөдөлмөр хамгааллын инженер, ээлжийн ахлахуудад зааварчилгааг өгч, ажлын байранд мөрдүүлсэн. Ажил олгогч тухайн зөрчилд намайг үнэхээр гэм буруутай байсан эсэхийг үл харгалзан энэхүү шийтгэлийг оногдууллаа. Би өөрийн дарга удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дарга, хүний нөөцийн менежер нар холбогдох тушаал шийдвэрээ гаргасан гэж ойлгож байсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн надтай харилцан тохиролцолгүйгээр Зорчигч үйлчилгээ хариуцсан зорчигч үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч гэх орон тоонд үндэслэлгүйгээр шилжүүлж, миний эрх ашгийг ноцтойгоор хохироогоод байна.

Хөдөлмөрийн сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхыг шаарддаг. Харин Л.Дэлгэрмаа надад гэм буруу байдаггүй, дарга нарын өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн графикийг хүний нөөцийн менежер зөвшөөрөл өгч, дарга баталсан байдаг. Миний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод ажилтнуудын хөдөлмөрийн графикийг хийх талаар заалт байдаг боловч тухайн ажилтныг дадлагажуулах, мэргэшүүлэн ажиллуулах болон түүнтэй холбоотой тушаал, шийдвэрийг гаргаж байх талаар заалт байхгүй юм.

Ажилтанг өөр ажилд шилжүүлэх хэд хэдэн зохицуулалт хөдөлмөрийн хуульд байх бөгөөд эдгээр нөхцлийн аль нь ч бодит байдал дээр миний хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаанд үүсээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх” талаар заасан байна. Үүнд: Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд  ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад “Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх, ажилтанд эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн зэрэг байдаг. Дээрх үндэслэлүүдийн алин ч бодит байдал дээр үүсээгүй байхад намайг өөр ажилд шилжүүлэн ажиллуулж байгаа нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болсон. Би өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлэгдсэний улмаас сар бүр 141,900 төгрөгөөр бага цалин хөлс авч хохирч байна.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 тоот тушаалаар ногдуулсан Сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, үүний улмаас учирсан 480,000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлын  үйлчилгээ хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүхий л хугацааны олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ногдох хувиар төлүүлж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаад ажилтнуудын ажлын графикийг хийхдээ ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйл болон Л.Дэлгэрмаагийн ажлын байрны тодорхойлолт дээр энэ ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргийг гүйцэтгүүлэх талаар зохицуулалт байхгүй. Үүнд хяналт тавьдаг хүн хэн бэ гэвэл байгууллагын дарга, хүний нөөцийн менежер, эдийн засагч нар байна гэж гэрч О.Батчимэг асуугдахдаа баталж, тайлбарласан. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ захирах, захирагдах харилцаан дээр тулгаарладаг учраас хариуцагч татгалзлаа баримтаар нотлох ёстой байсан. Гэтэл хариуцагч ямар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг, өөр ямар ажилтнаар гүйцэтгүүлсэн бэ гэдгийг баримтаар нотлоогүй учраас үүн дээр тайлбар тавиад байх шаардлагагүй. Шуурхай хурлын тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй баримт гэж үзэж байгаа. Энэ баримт нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7-д “хуудас болгон дээр тэмдэг дарна” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр хурал дээр Л.Дэлгэрмааг албан шахалтанд оруулж, элдэв байдлаар дарамталж, ийм зүйлүүдийг хэлүүлсэн байдаг. Үүнийг Л.Дэлгэрмаа хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч татгалзлаа баримтаар нотолж чадахгүй байгаа учир Л.Дэлгэрмаад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцож, үүнээс учирсан хохирол 145,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.   

 

Хариуцагч “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-149 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаал гарсан. Тушаалын дагуу Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 22 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалт, орон тооны зохицуулалт хийгдсэнээр Зорчигч үйлчилгээний төв буудалд “Зорчигч үйлчилгээ хариуцсан менежер”-ээр ажиллаж байсан Л.Дэлгэрмаагийн ажлын байр өөрчлөгдөж “Зорчигч үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч”-аар томилсон. Дотоод хяналтын албанаас ЛВОК-ын үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт хийсэн. Энэхүү хурлыг Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Цогтбаатарын удирдсанаар 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн. Л.Дэлгэрмаа нь ажилтнуудын ажлын графикийг хийхдээ ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажлыг гүйцэтгүүлж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн тул Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн Л.Дэлгэрмаад үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Замын даргын 2017 оны А-149 тоот тушаалын дагуу Л.Дэлгэрмаагийн ажиллаж байсан “Зорчигч үйлчилгээ хариуцсан менежер”-ийн ажлын байр нь хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг дагуу 1 сар өмнө мэдэгдэж, 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Л.Дэлгэрмаад мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.14 дэх заалт, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны А-149 тоот тушаалыг үндэслэн Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 56 тоот тушаалаар Л.Дэлгэрмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Иймд Л.Дэлгэрмаагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ... Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 тоот тушаалаар Л.Дэлгэрмаад сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Улаанбаатар төмөр замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга н.Цогтбаярын удирдлага дор 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болсон шуурхай хурал байдаг. Энэхүү шуурхай хурлаар Л.Дэлгэрмаагийн ажиллаж байсан Зорчигч үйлчилгээний төв буудалд хийгдсэн санхүүгийн болон, ажил үйлчилгээний шалгалтын явцад Л.Дэлгэрмаа нь ажилтнуудын ажлын графикийг хийхдээ хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1-ыг удирдлага болгон үндсэн цалинг 3 сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.  Л.Дэлгэрмаа би ямар ч буруугүй гээд яриад байна. Л.Дэлгэрмаа өөрийн гэсэн хөдөлмөрийн гэрээтэй, ажлын байрны тодорхойлолттой, түүнд заагдсан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дарга надад үүрэг даалгавар өгсөн болохоор би ажилтнуудыг графикийг хийсэн гэж яриад байдаг. Даргын буруу гэсэн үйлдлийг хязгаарлахын тулд хажууд нь санхүүгийн ажилтан, менежер, хүний нөөцийн ажилтнууд ажилладаг. Дарга хулгай хий гэвэл хулгай хийгээд суух уу. Энэ нь Улаанбаатар төмөр замын ажилтны ёс зүйд нийцэхгүй. Ийм учраас Л.Дэлгэрмаад ногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нь “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, үүний улмаас учирсан 145,440 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлын  үйлчилгээ хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ногдох хувиар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр “... Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Дэлгэрмааг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар зорчигч үйлчилгээ хариуцсан инженерийн ажилд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан авч ажиллуулж, төмөр замд ажилласан жилийг тасралтгүйгээр тооцох, Л.Дэлгэрмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг 1,314,880 төгрөгөөс бодон нөхөн төлөх, нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,756,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх эвлэрлийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/10248 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх эвлэрсэн шаардлагыг тусгаарлаж, зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаагийн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, үүний улмаас учирсан 145,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Хариуцагч “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрхгүй гэж маргажээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нь Орос-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн Зорчигч үйлчилгээний төв буудлын үйлчилгээ хариуцсан менежерээр 2016 оны 1 дүгээр сарын 17-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан эхэлсэн. “Улаанбаатар Төмөр зам”-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 дугаар тушаалаар түүнд “Ажилтнуудын ажлын графикийг хийхдээ ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгүүлж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Л.Дэлгэрмаад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл ийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1. 2-т “үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;”, Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тушаалаар баталсан Зорчигч үйлчилгээний төв буудлын Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-ын “Б”-д “Үндсэн цалинг 3 сар хугацаагаар бууруулах”, Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баталсан Зорчигч үйлчилгээний төв буудлын менежерийн ажлын байрны тодорхойлолтод “ажилтнуудын сар бүрийн графикийг сар эхлэхээс 3 хоногийн өмнө гаргаж батлуулсан байх” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нь ажилтнуудын графикийг байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүргийн дагуу хийж гүйцэтгэж, холбогдох албан тушаалтнуудаар буюу байгууллагын эдийн засагч, хүний нөөцийн менежерээр /хянасан ЛВОКн Б.Чулуунбат, ЛВОКк Д.Нямтөр, боловсруулсан Л.Дэлгэрмаа/ хянуулсны эцэст Зорчигч үйлчилгээний төв буудлын дарга О.Батчимэг графикийг /зурмаг/ баталсан болох нь гэрч О.Батчимэгийн “... Би энэ үед Зорчигч үйлчилгээний буудлын даргын ажил гүйцэтгэдэг байсан, би удирдах ажилтны хувьд үүрэг даалгавар өгсөн, төмөр зам босоо удирдлагатай учраас удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг доод албан тушаалтан шууд гүйцэтгэдэг. Би Л.Дэлгэрмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан, би төмөр замын даргаас өгсөн итгэмжлэлийн дагуу ажиллаж байгаа учраас тухайн байгууллагын чиг үүрэг, ажлын хувьд зөв зохион байгуулалт хий гэсэн үүрэг даалгаварыг өгсний дагуу ажилтнуудыг өвчтэй, ээлжийн амралттай, байхгүй хугацаанд мэргэжлийн ажилтныг хөрвүүлэн ажиллах ажлын зохион байгуулалтыг хийх үүргийг хүний нөөцөд өгсөн” гэх мэдүүлэг, Зорчигч үйлчилгээний буудлын ажилчдын 2017 оны 3 дугаар сарын ажлын зурмаг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул графикийг боловсруулсан Л.Дэлгэрмааг буруутгах үндэслэлгүй гэж үзэж “Улаанбаатар Төмөр зам”-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 дугаар “Ажилтнуудын ажлын графикийг хийхдээ ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, сахилгын шийтгэлээр суутгагдсан үндсэн цалингийн 20 хувь болох 145,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаас Орос-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-67 дугаар “Ажилтнуудын ажлын графикийг хийхдээ ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгүүлж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлээр суутгагдсан үндсэн цалингийн 20 хувь болох 145,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР