Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

            Дугаар 183/ШШ2018/00487

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ************ тоотод байрлах, **************М-ы /РД:***********/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ************ тоотод байрлах, “Т” ХХК /РД:************/-д холбогдох

Гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                             

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Т” ХХК-тай орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу хариуцагч байгууллагад 10 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн боловч хариуцагч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул би 10 000 000 төгрөгөө буцаан авахыг хүсч байна. Иймд хариуцагч компаниас 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ТХК” ХХК-ийн захирал Б.Жавхлан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ТХК” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 21-нд иргэн М.Мтай гэрээ байгуулан 10 000 000 төгрөг байрны урьдчилгаа төлбөрт хүлээн авсан нь үнэн болно. Бид гэрээгээр хүлээн авсан 10 000 000 төгрөгөөр гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн худалдан авч, орон сууцны барилгын гүйцэтгэгч “*****” ХХК-д нийлүүлсэн тухайгаа хэлж байсан бөгөөд манай компани “*****” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг ханган ажиллах нөхцөл үүсэхгүй болоод байгааг тухай бүрт нь иргэн М.Мы эхнэр н.Анхзаяад хэлж байсан бөгөөд бид захиалсан байраа авмаар байна гэдэг шалтгаанаар нэхэмжлэгч 2016.12 - 2017.01 сар хүртэл хүлээлгэсэн. Тэд байраа авахын тулд урьдчилгаа төлбөрөө нэмж төлөөд банкны зээлд хамрагдах боломжтой байсан. Гэтэл бид өөр байр худалдаад авчихсан тиймээс одоо манай төлбөрийг өг гэсэн хариуг 2017.1 сард өгсөн. Байр ашиглалтанд ороогүй байх үед буюу 2016.4 сараас 2016.9 сарын хооронд иргэн М.М нь энэ байрыг авна гэж хүлээлгээгүй байсан бол тухайн барааны төлбөр болох 10 000 000 төгрөгийг өөр хүний байрны төлбөрт тооцуулан хугацаа алдуулалгүй гарган авах боломжтой байсан. Энэ тухай н.Анхзаяад мэдэгдэж байсан. Тухайн орон сууц  нь 2016 оны 11 дүгээр сард ашиглалтанд орж, бид өнөөдрийг хүртэл барааны төлбөрөө “*****” ХХК-иас гаргуулан авч чадахгүй байна. Бид тухайн байгууллагаас төлбөр гаргуулан авахаар шаргуу хөөцөлдөн ажиллаж байгаа тул 10 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх нь үнэн болно. Бидэнд төлбөр барагдуулах хугацааг 2018 оны 12 дугаар сараас өмнө хийх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “ТХК” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.М нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах гэрээг” хариуцагч “ТХК” ХХК-тай байгуулж, гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн, гэрээний дагуу дараагийн төлбөр болох 25 000 000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө барилгын явцдаа очиж танилцахад барилгыг барьж буй компанийн удирдлагууд та нар залилуулсан байна манай компани “ТХК” ХХК-нд ямар нэгэн тооцоо байхгүй гэж тайлбарлаж, энэ талаар иргээд хариуцагчтай холбогдоход компанийн захирал Б.Жавхлан урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг чинь өгнө гээд өдий хүрсэн тул тус компаниас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч “ТХК” ХХК нь 10 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх нь үнэн болно. Бидэнд төлбөр барагдуулах хугацааг 2018 оны 12 дугаар сараас өмнө хийх боломжоор хангаж өгнө үү гэж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна.

Зохигч 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр “Орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах гэрээний эрх шилжүүлэх” тухай гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээний дагуу Энхжин хотхоны G2 загварын 1 байрны 2 дугаар орц 1 давхарт 49 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр, нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулсан нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д хамаарах, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн хүчин төгөлдөр хэлцэл мөн байна.

Хариуцагч “ТХК” ХХК нь гэрээний зүйл болох Энхжин хотхоны G2 загварын 1 байрны 2 дугаар орц 1 давхарт 49 тоот 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх ажлын үр дүнг нэхэмжлэгч М.Мд шилжүүлээгүй байх ба гэрээний дагуу авсан урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгнө, төлбөр барагдуулах хугацааг 2018 оны 12 сараас өмнө хийх боломжоор хангаж өгнө үү гэсэн тайлбараас үзвэл гэрээ байгуулсанд маргаагүй, гэрээнээс татгалзсан саналыг хүлээн авсан байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТХК” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч “ТХК” ХХК  нь 2018 оны 02 сарын 09-ний өдөр, 2018 оны 02 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар тус тус өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Шүүх 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТХК” ХХК-иас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ