Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/593

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Баасандорж,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.М-О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Б-т холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Н-ын Б /РД:................/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Алтай 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хилчингийн 0 дугаар гудамжны 0 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны задгай тоотод 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Д-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн И.З-тай “нутгийн том атманууд таньдаг овоо гар” гэх зэргээр агсарч, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь модоор 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахуун гадагшилт, хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0  дугаар хорооны задгай тоотод 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Д-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн И.З-тай “нутгийн том атманууд таньдаг овоо гар” гэх зэргээр агсарч, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь модоор 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахуун гадагшилт, хараагүйдэл” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч И.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед замын унаагаар ирсэн. ...гэрт нь 21 цагийн үед очоод архиа задлаад нэг нэг хундагыг уугаад л сууж байхад гаднаас үл таних согтуу хүн орж ирсэн. Би З оос энэ юун хүн билээ гэж асуухад манай хүргэн байгаа юм. Түүнийг Н.Б гэдэг гээд танилцуулаад Д  өөрөө хүргэн Н.Б таа хандан чи гэртээ орж амарчих, би холоос ирсэн найзтайгаа юм яримаар байна гэж хэлсэн чинь Б  гараад явсан. Тухайн үед Д  надтай анх уулзах үедээ нилээн халамцуу архи уучихсан байсан. Тэгээд бид хоёр архинаасаа нэг нэг хундагыг уучихаад сууж байхад миний гар утас дуугараад байхаар нь ярьсан чинь танил ах Б  залгасан. Би Д-ын  гэрт ирсэн байгаа талаар хэлсэн чинь Д  таньдаг болохоороо би ахтай мэнд мэдээд яръя гээд миний гар утсыг аваад ярьчихаад надад гар утсыг өгөх үед гаднаас Б  гэгч буцаад ороод ирсэн сууж байсан. Тэгээд намайг Б  ахтай үргэлжлүүлэн яриад ажил юу болов. Би хотод ажил хийхээр ирчихсэн байна гээд ярьж байх хооронд яасан том пизда вэ гэж хэлж байсан. Тэгээд намайг утсаар яриад байж байхад хажууд Д оос энэ хэнтэй яриад байгаа юм гэж асуухад Д-ын  дүү Б-тай ярьж байна гэж хэлсэн. Тэгтэл чи яасан их шоронгийн атман таньдаг овоо пизда вэ гэж хэлээд босож ирээд унь сугалаад миний нүдрүү хатгачихсан. Би нүүрээ дараад доошоо хараад суух үед Д  хүргэнтэйгээ ноцолдоод л байсан. Тэгтэл нөгөөх нь гараад зугтааж байгаа харагдсан. ...Д  надад архи өгөөд нэг татчих тэгвэл өвчин чинь намдана гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ууж чадахгүй нүдэн дээрээ даавуу тавиад хэсэг хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө үүр цайж байхад би сэрээд хана түшиж гарч бие засчихаад буцаж орж ирээд Д ыг дуудаж сэрээгээд нөгөө залуугаа дууд нүдрүү униар хатгачихаад явчихсан гэж хэлсэн чинь би мэдээгүй найз нь нилээн муудсан байна, цаад муу шаарыг чинь олоод ирье гэж хэлээд гарч яваад дагуулан орж ирсэн. Тэгтэл намайг уучлаарай, би дэвтэй архи уучихсан байна гэж хэлэхээр нь би чамайг танихгүй, тэгтэл чи намайг ийм болгочихлоо, эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлсэн. Тэгтэл би эхнэртэйгээ гараад хэлье гэж хэлээд гарсан чинь хэсэг хугацааны дараа эхнэр нь гэх эмэгтэй орж ирээд миний нүдийг үзээд буцаж гараад дахин орж ирээгүй. Нөгөө залуу мөн орж ирэхгүй зөндөө удаж байгаад өвчин намдаах эм, 0.75 литрийн хараа нэртэй архи нэг шилийг аваад орж ирсэн. Тэгэхээр нь эмийг нь уучихаад архи уухгүй гэж хэлээд уухгүй байсан чинь Д той хувааж уугаад гараад явсан. Тэгээд хэвтэж байхад Д-ын  эхнэр ажил дээрээ хоноод ирлээ гээд орж ирээд миний нүдийг хараад яасан талаар асуухаар нь болсон зүйлийн талаар хэлсэн. Д  эхнэрээрээ 0.5 литрийн Хараа нэртэй архи авч ирүүлэхээр нь би түүнийг Д той хувааж уугаад унтаж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өглөө би Д т хандан найзыгаа Дарханы унаанд суулгаад өг миний нүд болохоо байлаа гэж хэлсэн чинь Б  эхнэрийн хамт Д  нар намайг суулгаж өгөөд би гэртээ очоод 2 хоног эрүүл мэндийн даатгал төлж явсаар байгаад эмнэлэгт үзүүлсэн чинь сохорсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19-р хуудас/,

-Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинхайрхан дүүргийн 0  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах задгай тоот буюу манай гэрт З бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Б  нь гаднаас орж ирсэн. Бид 3 нийлээд хараа нэршил 0.75 литрийн архийг хувааж уугаад байгаад хоорондоо маргалдаж босоод ирцгээсэн. Би тэр хоёрыг салгаад Б ийг нь гэртээ харьж амар гээд явуулсан. Харин З нь манай гэрт унтаж амарсан. ...утсаар яриад байж байхад Б  З хоёр Дархан хотын атмануудыг яриад маргалдаад босч ирээд зуухны урд талын модны хайрцгийг давж унацгаасан. ...тухайн үед З-ын нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,

-Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр З нь Улаанбаатар хотруу ажил хийхээр явсан юм. Хотод З  гээд айлд байна удахгүй ажилд хамт явна гэж утсаар ярьсан. Тэрнээс хойш 1 хоногийн дараа надруу утсаар яриад би харьлаа гэсэн тэгэхээр нь би яасан бэ юу болов гэж асуухад очиж байгаад хэлнэ гэсэн. Тэгээд орой нь гэртээ ирсэн чинь зүүн талын нүд нь хавдсан нүднээс нь цус гарсан шинжтэй алчуураар дарсан ирсэн. Тэр орой эмнэлэгт үзүүлж чадаагүй маргааш өглөө нь эмнэлэг орж үзүүлэхэд эмч нүд нь сохорчихсон байна яаралтай нүдийг авахуулах шаардлагатай гээд хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92-р хуудас/,

-Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өглөө намайг ажилдаа явах гээд гэрээс гарахад төрсөн ах Д  нэг залуутай хамт манай гэрийн гадаа зогсож байсан. Тэгтэл манай Д  энэ залуу ажил хийх гэж ирээд гэрлүүгээ буцаж байгаа юм драгон оруулаад өгөөч гэхээр нь за тэгье гээд миний машинд Б , Д , З нар суугаад драгон дээр тэр гурав үлдсэн би цааш ажилруугаа явсан юм. Машинд явж байхад манай нөхөр Б  надад З намайг униар нүдрүү цохисон гэж байна гэж хэлэхээр нь би та нар яагаад хүүхдүүд шиг нэгэнтэйгээ зодолддог юм бэ гэж хэлээд З гэх залуугаас чи эмнэлэг орж үзүүлэх үү гэж асуухад З надад би эмнэлэгт үзүүлэхгүй Дархан гэрлүүгээ явлаа гэсэн. Золоогийн зүүн талын нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

1. “...И.З-ын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахуун гадагшилт, хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 65 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

-Хохирогч И.З-ын 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэсэн талаарх өвчний түүх, эмчийн магадлагаа /хавтаст хэргийн 37-40, 47-70, 99-100-р хуудас/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Н.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 111-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 131-р хуудас/, Б.Н, Б.Б, Б.Мнарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 116-118-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 119-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 120-126-р хуудас/ шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 127-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 0  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 128-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 129-р хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хавтаст хэргийн 130-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч И.З-ын эрүүл мэндэд “зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний алимны агуулагдахуун гадагшилт, хараагүйдэл,  хөдөлмөрийн чадвар алдалдант 65% нөлөөлөх” гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Б нь хохирогч И.З-ын зүүн талын нүд рүү нь модоор 1 удаа цохиж  байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч И.З нь гомдол саналгүй, эмчилгээний зардал авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Б ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0  дугаар хорооны задгай тоотод иргэн Ц.Д-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн И.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн талын нүд рүү нь модоор нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд өнөөдрийн байдлаар хохирогчид 8.100.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн бичгээр өгсөн хүсэлт болон амаар мэдэгдсэн тайлбараар тогтоогдож байна. Тэгэхээр 8.100.000 төгрөгийг төлснийг хохирол төлбөр барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай...” гэх дүгнэлттэй,

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  “...Би үнэн санаанаасаа гэмшиж байна. Бага насны 3 хүүхэдтэй учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйл, мөн хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нанзад овогтой Б т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож дүгнэлтээ гаргаж байна. Хэргийн хувьд шүүгдэгч Н.Б хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа, хохирлыг бүрэн төлсөн. Хэрэг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Сая улсын яллагч санал хэлэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэлээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй гэж хэллээ. Энэ нөхцөл байдал нь ч гэсэн хэргээс харагддаг. Хохирогч н.З мэдүүлэгтээ 2021 оны 6 дугаар сарын 23-ны өглөө Дарханы унаанд суух гээд байж байтал Н.Б эхнэрийн хамт унаанд суулгаж өгсөн гэсэн байдаг. Мөн хохирогчийг очоод 2 хоног эрүүл мэндийн даатгалаа төлж, хагалгаанд орох болоход эмчилгээний зардлыг газар дээр нь очиж төлсөн байдаг. Гэрч н.Д-ын  мэдүүлэгт энэ хүмүүс хоорондоо барьцалдаад авахаар нь хоёр тийш нь салгаад, Н.Б ийг гэрээсээ гаргаж явуулаад, н.З унтаж амарсан, н.З архи дарс уухаараа огцом зантай гэсэн байдаг. Мөн Н.Б нь илүү, дутуу зангүй гүндүүгүй хүн гэж энэ хүмүүсийн хувийн байдлыг нэлээн тодорхой хэлсэн байдаг. Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа. Мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан. Шүүгдэгч нь нөхцөл байдлыг буруу төсөөлж гэмт хэрэг үйлдсэн байгаа. Мөн гэрч н.Тунгалагийн мэдүүлэгт хангалттай тусгагдсан байгаа. Н.Б ийн хувьд гарынх нь алга, булчин, хацар дээр нь зүссэн шархтай байсан бөгөөд цус гараагүй, 7 хоногийн дараа эдгэрсэн. Мөн Н.Б өөрийгөө шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэдгээ хэлсэн байдаг бөгөөд өөрөө татгалзаад дүгнэлт гаргуулахгүй гэж орхигдуулсан байгаа. Эндээс харахад харилцан зодолдсон нөхцөл байдал харагдаж байгаа. Учруулсан хохирлоо төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа энэ нөхцөл байдлыг харгалзаж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацааг нь өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эхнэр 3 хүүхэд/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал дахь шийтгэлийг өөрчилж, шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.

Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, 6.4 дэх хэсэгт “хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорихоос өөр төрлийн ялаас 6.2-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.” гэж тус тус заасан

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлээгүй ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх..” гэж заасныг журамлан Н.Б-т оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялыг дүйцүүлэн / энэ нь 365 хоног х 2 жил = 730 хоногийг нэг хоногийн 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 10 950 000 төгрөг болно/ хасаж, ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д овогт Н-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар Н.Б-т оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялыг дүйцүүлэн хасаж, бүхэлд нь өршөөн хэлтрүүлсүгэй.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА