Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн төлөөлөгч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1988 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Эвлэлийн хороонд пионерын зөвлөлийн зааварлагч, бага сургуульд пионерын удирдагч, бага ангийн багш, Төмөр замын 8 жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч, Замын-Үүд сумын сургуульд нийгмийн ажилтан, бага ангийн багш, Сайншанд сумын 2 дугаар сургуульд нийгмийн ажилтан, 1 дүгээр сургуульд нийгмийн ажилтнаар /2006 оны 01 дүгээр сараас/ тус тус ажиллаж, боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил ажилласан. Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаагүй байгуулахаар ажил олгогчтой харилцан тохирсон. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж ажлаас чөлөөлсөн. 2017-2018 оны хичээлийн жил эхлээд дөнгөж 2 сар болж байхад дээрх тушаалд дурдсан нөхцөл байдал бодитоор бий болоогүй, түүнчлэн боловсролын байгууллагад 29 жил тогтвор суурьшилтай ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажиллаж байсан ажлын үр дүн, үзүүлэлт, үнэлгээ хангалттай байсныг хамт ажиллаж байсан багш нар, хамт олон бүгд мэднэ. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх хууль ёсны шаардлагыг хангалгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Намайг ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан юм. Би 01 дүгээр сарын 16-ны шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. 05 дугаар сарын 23-нд намайг “Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө” хийгээгүй, Сайншанд сумын засаг даргын Тамгын газрын даргаас ирсэн албан бичгийг биелүүлээгүй мөн байгууллага дээр согтуу ирсэн гэж байна. Эдгээрийг санахгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод нийгмийн ажилтан гамшиг ослын төлөвлөгөөг хариуцна гэж заасан. Үүнийг танилцуулсан. Өгсөн үүрэг даалгаврыг би боломжийн хэрээр хийж ирсэн. Сургалт явуулсан, төлөвлөгөө гаргаж танилцуулсан, тэр нь буцаагдсан. Захиралд үзүүлэхээр болоогүй байна гэж буцаагдах байдалтай явсаар байсан. 10 дугаар сарын 27-нд Багийн Засаг даргаас өгсөн албан бичгийн хүрээнд аян зохион байгуулаагүй гэсэн. Энэ аяныг би хийгээд бэлэн болгочихсон байсан. Ажлаас халагдахын урьд өдрүүд амралтын өдрүүд байсан учраас амжиж гаргаж чадаагүй байсан. Боловсрол соёлын газарт явуулах  3 судалгаа байсныг би явуулсан. Эхний 2-ыг нь Боловсрол соёлын газрын Мөнхцэцэг хүлээж авсан. Сүүлийн судалгаа нь болохгүй байна гэхээр нь засварлаж өгөх гэтэл маш их загвараар өөрчлөх судалгаа байсан. Би Мөнхцэцэгт улсын ажил шахагдаад захирал маань яаралтай хий гээд шахаад байна. Үүнийг нарийн бичиг хийчихнэ, би нарийн бичигт өгчихсөн байгаа гэж хэлсэн. Үүний дагуу Мөнхцэцэг нарийн бичгээс чинь гаргуулаад авчихъя гэж надад хэлсэн. Хүүхдийн төлөө хамтдаа гэх тайланг 08 дугаар сарын 21-нд өгөх байсныг 11 дүгээр сарын 03-ыг хүртэл өгөөгүй гэж байна. Үүнийг санахгүй байна. Нийгмийн ажилтны харьцаа хэцүү байсан учраас албан бичгээр харьцаж байсан гэж байна. Манай сургуульд сурдаг хүүхдийн тооноос хамааран нийгмийн ажилтнаар 2 хүн ажиллах шаардлагатай байдаг. Энэ утгаараа нийгмийн ажилтны ажлын ачаалал маш их байдаг. Ажлын байрны тодорхойлолтод зааснаас гадуур маш олон ажлыг гүйцэтгэж явдаг. Хүүхдээс ирсэн санал, хүсэлт, эцэг, эх, багш нараас ирсэн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхийн тулд захиралтай зайлшгүй ярих хэрэг гардаг. Тийм учраас захиралтай ажлын талаар ярьж байсан яриаг хэцүү гэж хэлж байгаа юм болов уу гэж ойлгож байна. 10 дугаар сарын 30-нд 207 тоот бичиг өгсөн гэж байгааг би ойлгохгүй байна. Ажлыг чанартай байлгахын тулд ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн гэж дарга хэлж байна. Үүнд хариулт өгч мэдэхгүй байна. Өмнөх захиралтай байгуулсан гэрээг сургуулиас нэхэхэд нь гаргаж өгч, хавтсандаа хийлгэсэн. Хүүхдийнхээ судалгааг гаргаагүй гэж байна. Судалгааны талаар хангалттай материал байгаа гэж бодож байна. Нийгмийн ажилтан судлагч хүн байдаг. Энэ чиглэлээр миний хийсэн ажлуудын талаарх хангалттай баримтууд байгаа. Үндсэн ажлаас гадуурх зүйл болохоор тэрийг үзэх шаардлагагүй гэсэн. Би компьютерт үлдээсэн зүйлээ үзэж чадахгүй одоог хүрсэн. Миний бие нь Дорноговь аймгийн хүүхдийг хамгаалах хамтарсан багийн гишүүнд албан ёсоор ордог. Нууцлалтай 2 хүүхдийн кейс явагдаж байгаа. Кейсийг тэр болгон дураараа хийдэггүй. Мэргэжлийн багтай хамт кейсийг хийж бүрдүүлж ажиллах ёстой байдаг. Тэр утгаараа манай сургуулийн 2 хүүхдийн кейсийг бүрдүүлж хүүхэд хамгааллын багт өгөн тэр дээрээ ажиллаж байгаа. Материал нь хүүхэд хамгааллын багт байгаа. 14 настай хүүхэд жирэмсэн болсон, үүнийг нууж явсан гэж байна. Би үүнийг илрүүлж цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, цаг алдалгүй арга хэмжээ авснаар энэ хүүхэд хамгаалалтад орж чадсан. Энэ талаар хүүхдийн ээжтэй олон төрлийн ажил хамтарч зохиож байсан болохоор хүүхдийн талаар сайн мэдэж байгаа юм. Ажлын 2 хоногийн төлөвлөгөөг гаргаад ир гэсэн. Энэ үед ажлын ачаалал маш их байсан бөгөөд энэ талаар захиралд танилцуулж байсан. Харамсалтай нь захирал үүнийг хүлээж авах чадваргүй, амжихгүй бол боль, ажлаасаа гар, амжуулах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байсан учраас би арга мухардаж энэ их ажлын ажлын ачаалалд дарагдаж хийж амжихгүй зүйлүүд их байсан. Иймд намайг нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1,521,141 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дорноговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мыг захирлын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөнийг үндэслэлтэй болохыг дараах баримтаар нотолж байна. Үүнд: Сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг байнга зөрчдөг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай гүйцэтгэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хамт олонд худал сөрөг ойлголт өгдөг зэрэг зөрчлүүдийг гаргасан тул удаа дараа сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдсан юм. Тухайлбал ажлын байранд согтуугаар зодоон хийж угаагуурын цорго, крант эвдсэн, хүн зодсон тул 2017 оны 01 дүгээр сарын 16-нд захирлын Б/09 дүгээр тушаалаар 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 19% бууруулах арга хэмжээ авагдсан. Мөн ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 2017 оны 05 сарын 23-ны өдрийн захирлын Б\35 тоот тушаалаар 2 сарын хугацаатайгаар үндсэн цалинг 19% бууруулах арга хэмжээ авагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Засаг даргад гомдол гарган шалгуулж Аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгийн дүгнэлтээр буруутай нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 2.5.1-д Хөдөлмөрийн тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ гэж заасан атал ажлын байрны тодорхойлолтын гэнэтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнгын бэлэн байдалд зохион байгуулах гэсэн чиг үүргийнх нь дагуу тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Үүнийг 2017 оны 10 сарын 19-ний өдрийн А/20 тоот захирлын тушаал, 2017оны 10 дугаар сарын 30-ний дугаар 265 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн шуурхай цуглааны тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөн хурлын тэмдэглэл зэргээр нотолж байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9.00-11.30 цагийн хооронд Аймгийн онцгой байдлын албанаас газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт дадлага явуулах ажлыг зохион байгуулаагүй ажил тасалсан. Үүнийг цагийн бүртгэлийн хуудсаар нотолж байна. Сургуулийн дотуур байрны зарим сурагчид архи уух, тамхи татах, багш үйлчлэгчидтэй харьцах харьцаа хандлага зөрчилтэй, байрны дотоод журам биелүүлдэггүй зэрэг зөрчлүүд гарах нь тасрахгүй байгааг мэдсээр байж нэр бүхий сурагчтай уулзаж зөвлөгөө өгөөгүй. Үүнийг дотуур байрны багшийн мэдэгдэл, архи уусан сурагчидтай байрны багшийн ярилцсан тэмдэглэл зэргээр нотолж байна. Дотоод журмын 10.6.2 Нийгмийн ажилтны үүрэг: хэсгийн 9-д Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүүхэд бүрт хавтас нээж үйл явцын тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гарган мөрдөх /кейс менежмент/ гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс байгууллагын нийгмийн ажлын үр дүн буурч байгаа нь зөрчил юм. М.М нь нэг ч хүүхдэд нээсэн хавтас байхгүй, нэр бүхий сурагчтай ажиллах чиглэл ажлын төлөвлөгөөнд тусгаагүй. Ажлын 2 өдрийн 8 цагийн гүйцэтгэл бичээд ир, анализ хийгээд төлөвлөлтөд чинь зөвлөгөө өгье гэхэд ажлын гүйцэтгэл бичиж өгөөгүй. Мөн аймгийн Засаг даргын хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгож байна гэснийг биелүүлээгүй, хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан гэж үзэж байх шиг байна. Гаргасан зөрчлөө одоо болтол ойлгохгүй байна гэж ойлгож байна. Ажлын байрны тодорхойлолт, сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ гэх бүх эрх зүйн баримт бичгүүдэд тодорхой заасан ажлууд болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар зэргийг биелүүлдэггүй гэсэн үндэслэлүүд байгаа юм. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. М.М нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл авч байсан. Согтуугаар сургууль дээр ирж 1 багштай муудалцаж, зодолдож, нөгөө багшийг гэмтээж, ваартай цэцгийг авч шидэж, хагалаад, угаагуурын крантыг хугалсан. Тэгээд шөнө сан техникчийг дуудаж алдсан усыг тогтоолгуулж байсан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Гамшгаас хамгаалах байгууллагын бэлэн байдлын төлөвлөгөө нь байгууллага бүрт байдаг төлөвлөгөө бөгөөд энэхүү төлөвлөгөөг ажлын чиг үүргийн хамаарлаар нь нийгмийн ажилтанд хариуцуулах санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн. Мөн гамшгаас хамгаалах хуулийн сургалтад байгууллага бүрээс төлөөлөл суулга гэсэн албан бичиг Сайншанд сумын Засаг даргаас ирсэн байдаг. Үүний дагуу уг сургалтад нийгмийн ажилтан суух ёстой байсан боловч суугаагүй,  гамшгаас хамгаалах төлөвлөгөө ч хийгээгүй. Мөн 1 орой байгууллага дээр согтуу ирсэн харагдсан. Ингээд маргааш нь арга хэмжээ авагдсан. Энэ хүн зөрчил гаргадаггүй биш удаа дараалан гаргадаг гэдгийг нотлох гэж яриад байгаа юм. Ажлын хариуцлагын хувьд хийх ёстой ажлаа хийдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй нь сүүлийн ажлаас чөлөөлөх тушаалд их онцолж авч үзэж байгаа юм. Ажлын байрны тодорхойлолтод нийгмийн ажилтан гэнэтийн гамшиг ослын зүйлийг хариуцахаар тусгагдсан. Ажилтны эрх ашиг зөрчигдсөн асуудал байгаа эсэхийг хянуулахаар уг ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын үйлдвэрчний хороонд танилцуулсан. Үүний дагуу орон нутагт зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үед үүргийнхээ дагуу штабын даргын ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Үүнийг нь би тушаалаар баталгаажуулж өгсөн. Энэ ажлыг мөн хийгээгүй. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт бол байгууллага, хувь хүн, иргэн бүр бүгд үүрэгтэйгээр иж бүрэн оролцох ёстой гэсэн сургалт байсан юм. Гэнэтийн ослын үед 1-р сургуульд сурдаг 1800 хүүхдийг эрсдэл багатай аврах, ажлыг зохион байгуулах, чухал ач холбогдолтой, Шадар сайдын Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хариуцлагатай ажлаа хийж чадсангүй. Багийн Засаг даргаас ирүүлсэн албан бичигт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах “Зөв цагт нь, зөв хүнд нь зөв тусыг” аяны хүрээнд хэрэглэгдэхгүй байгаа эд зүйлээр боломжгүй ядуу амьдралтай хүмүүст туслах ёстой байсан. Үүнийг нийгмийн ажилтанд хариуцуулсан боловч уг ажлыг мөн хийгээгүй. Боловсролын яамнаас судалгаа ирүүлэх тухай албан бичиг ирүүлснийг нийгмийн ажилтанд хариуцуулсан бөгөөд уг бичгийн хариуг нийгмийн ажилтан файлаар явуулсан байсан. Гэтэл Боловсролын газрын арга зүйч Мөнхцэцэг гэх хүн надруу утасдаж “... энэ судалгаа чинь нэгтгэсэн, цэгцэлсэн юм байхгүй, ангийн багш нараас авсан хүүхдийн судалгааг тэр хэвээр нь явуулсан байна. М.М багштай харилцахад хэцүү байдаг. Та бичиг хэргийн ажилтнаараа хийлгээд өгчих” гэж надаас гуйж байсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. “Хүүхдийн төлөө хамтдаа” гэсэн аян манай аймагт явагдсан. Уг аянг сургууль дээр зохион байгуулахыг нийгмийн ажилтанд хариуцуулсан бөгөөд ажлын тайланг 10 дугаар сар хүртэл гаргаагүй. 08 дугаар сард ирсэн албан бичгийн хариу, тайлан 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл орж ирээгүй, юу хийж байгаа нь мэдэгдэхгүйгээр алга болдог. Нийгмийн ажилтантай ажил ярилцах, үүрэг чиглэл өгөхөөр харьцахад маш хэцүү, заавал сөрөг асуудал тавьж үгүйсгэдэг. Тийм учраас би өөрт нь албан бичгээр цохож хандаж байсан. Гамшгийн төлөвлөгөөг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор батлуул гэсэн албан бичиг өгч байсан боловч мөн хийгдээгүй. Эдгээр өгсөн үүрэг даалгавар, хийх ёстой ажлаа хийгээгүй учраас хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэж М.Мыг ажлаас чөлөөлж, шийтгэл ногдуулсан. Боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирал нь ажилчныг томилно, чөлөөлнө гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл удаа дараа гаргасан хэрхэх талаар зохицуулсан байгаа. Нэхэмжлэгчээс өгсөн ажлын байрны тодорхойлолт нь түрүү үеийн захирлын гарын үсэгтэй тодорхойлолт байна. Тэр тодорхойлолтыг би өөрчилсөн. Байгууллагын ажлыг үнэлээд ажлын ачаалал, үүрэг чиглэлийг тодорхой болгож, ажилчдын үүрэг чиглэлийг тэнцвэржүүлж, байгууллагын ажлыг хийхэд давхардалгүй болгохоор үнэлгээ хийж өөрчилсөн. Мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагад нь давхар танилцуулж, болж байна гэсэн гарын үсэгтэй чиглэлийг авсан. Хугацаагүйгээр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч ярьж байгаа нь үнэн. Энэ хүн өмнө нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явсан юм. Гэрээ нь хувийн хэрэг болон байгууллагын хавтсанд байхгүй, өөрт нь ч мөн байхгүй байсан. Өмнө нь захирлаар ажиллаж байсан Ганцэцэг гэж хүнтэй утсаар ярьж нийгмийн ажилтантайгаа гэрээ байгуулсан уу гэж асуухад байгуулалгүй яах вэ дээ, наад хүн чинь гарын үсэг зурж албажуулна гээд 2 хувийг авч зугтаачхаад өгөлгүй байсаар байгаад өдийг хүрсэн гэж хэлсэн. Энэ талаар өөрт нь хэлэхэд хэн өмнөх захирал руу ярь гэж хэлсэн юм гээд, их ууртай хүн, ингэдэг юм, Ганцэцэг наад муу юм чинь намайг хорлох гэж тэгсэн гэж хэлж байсан. М.М нь иймэрхүү байдалтай л байдаг. Үүний хүрээнд тэр гэрээг байгуулсан юм. Өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод хийх ёстой ажлууд бас байдаг. 2017-2018 оны хичээлийн жилд хүүхдүүдийнхээ судалгааг гаргаагүй. Шинээр 1 дүгээр ангид 200 хүүхэд элссэн. Энэ талаарх судалгаа байхгүй. 9-10 дугаар сард хийгдэх ёстой ажлууд хийгдээгүй. Дотуур байранд өнгөрсөн 10 дугаар сард хүүхдүүд архи ууж, дотуур байранд архи, тамхины асуудал маш ихээр байдаг. Зарим хүүхдүүдийн эцэг, эхийг хөдөө сумаас дуудаж авчраад дотуур байрнаас гаргасан. Зарим нь гэртээ хүүхдээ харж, зарим нь мал дээр авч гарсан. Дотуур байрны хүүхдүүд цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн. Архи ууж яваад судсаа ханаад, дотуур байрны багш нь сэхээнд сахиж байгаад гарч ирж байсан. Зөрчил гаргаад байгаа хүүхдүүдийн нэр дээр хавтас нээсэн байх ёстой. Энэ нь нийгмийн ажилтны үүрэгт нь байгаа  юм.  14 настай хүүхдүүд жирэмсэн болоод гарсан. Хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй болсон хойно нь мэдсэн. Дахиад хүүхэд бэлгийн харьцаанд орж, хүчиндүүлсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Ийм эрсдэлүүдтэй, зөрчилтэй, өсвөр насны хүүхдүүд хэрэгт холбогдсон, буруу замаар орсон асуудлууд маш их байхад энэ тал дээр ямарч дорвитой арга хэмжээ зохиосон зүйл байхгүй байна. М.Мт 2 өдрийн ажлын 8 цагийн гүйцэтгэлийг бичээд ир, тэр бичсэн зүйл дээр чинь анализ хийж чамд зөвлөгөө өгье, төлөвлөлт буруу болохоор угаасаа бүх ажил амжихгүй, цааш явдаггүй юм гэж хэлэхэд авчирч өгдөггүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь Асургуульд холбогдуулан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,521,141 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талаас М.М нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч М.М нь Асургуульд 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр захирлын тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, Дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.2.1, 11.2.2, 11.2.7, Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчоос 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийгмийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны дагаж мөрдөх чиг үүргийг тодорхойлсон байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг тус тус хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч талаас гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтод ажилтны гарын үсэг зурагдаагүй, ажилтан зөвшөөрөөгүй байхад удирдлагын зүгээс 2 заалтыг нэмж оруулсан тул уг ажлын байрны тодорхойлолтыг баримтлахгүй гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар батлах тухай 34 дүгээр тогтоолд ажилтны ажлын байрны тодорхойлолт нь ажилтны албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан ёсны тодорхойлолт байх бөгөөд ажлын байрны тодорхойлолт баталсан эрх бүхий албан тушаалтан албан ёсоор баталгаажуулсан байхаар тусгагджээ. Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ М.М нь ажлын байранд согтуугаар зодоон хийж угаагуурын цорго, крант эвдсэн, хүн зодсон тул 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 19% бууруулах, ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/35 дугаар тушаалаар 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 19% бууруулах сахилгын арга хэмжээ тус тус авагдсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дотуур байрны сурагчидтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, гарсан гэмт хэрэг, зөрчлийг багасгах арга хэмжээ аваагүй, дотоод журамд тусгайлан заасан чиг үүргийг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж тодорхойлжээ.

Ажилтанд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/35 дугаар тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах”-аар заажээ.

Ажил олгогч нь М.Мыг ажлын байран дээр согтуу ирж, хөдөлмөрийн сахилга алдсан гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар үндсэн цалинг 19 хувиар 3 сарын хугацаагаар бууруулах, ажлын байран дээр согтуу ирсэн, удирдлагаас тавьсан шаардлагыг үл тоон зөрчил тэмцэл үүсгэн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүйгээс ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/35 дугаар тушаалаар үндсэн цалинг 19 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ.

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар үндсэн цалинг 19 хувиар 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, энэ зөрчлийн үндэслэлийн талаар хэн аль нь маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч талаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/35 дугаар тушаалаар үндсэн цалинг 19 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэх бөгөөд ажил олгогч буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн захирал нь дээрх тушаалаар нэхэмжлэгч М.М нь ажлын байран дээр согтуу ирсэн, удирдлагаас тавьсан шаардлагыг үл тоон зөрчил тэмцэл үүсгэн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 19 хувиар 2 сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь уг тушаалаар тогтоогдсон байх боловч нэхэмжлэгч М.Мт ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, зөрчлийг хэзээ гаргасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Хариуцагч байгууллагын тайлбараас үзэхэд хариуцагч нь М.Мыг ... гэнэтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнгын бэлэн байдалд зохион байгуулах чиг үүргийнх нь дагуу тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ... сумын Тамгын газраас ирсэн албан бичгийн гүйцэтгэл дутуу, ... яамнаас авсан судалгааг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй ... гэх мэт зөрчлийг гаргасан гэж дурьдаж тайлбар гаргасан боловч дээрх зөрчлүүдийг хэзээ гаргасан, мөн энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын ямар заалтыг зөрчсөн эсэх талаар хэлэлцээгүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч М.Мт захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд М.Мыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй тул түүнийг нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр нийгэм хангамжийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцвол М.М нь 2017 оны 8 дугаар сард 657,213 төгрөг, 09 дүгээр сард 870,093 төгрөг, 10 дугаар сард 873,011 төгрөгийн буюу сард дунджаар 800,105 төгрөгийн цалинтай байх тул нэг хоногийн дундаж цалин хөлс нь 800,105/21,5 хоног=37,214 төгрөг болох ба түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 11 дүгээр сард 19 хоног, 12 дугаар сард 21 хоног, 2018 оны 01 дүгээр сард 14 хоног, нийт 54 хоногийн цалин 37,214*54=2,009,556 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь буруу халсан үеийн олговорт 1,521,141 төгрөгийг хариуцагчаас шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 1,521,141 төгрөгийг А  сургуулиас гаргуулж М.Мт олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус сургуульд даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч А  сургуулиас 109,488 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон