Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0424

 

 “Н”-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 401 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” сүмийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ "... Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 0101002407 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах " шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Б.Г болон “Н” сүмийн байрлалыг кадастрын зураглалаар шүүлгэж үзэхэд уг газрууд нь тодорхой хэсэг дээр давхацсан байдалтай харагдаж байна.

Газар эзэмшүүлэх гэрчилгээг иргэн Б.Г-т 2001 оны 1 сарын 29-ны өдөр. “Н” сүмд 2001 оны 11 сарын 01-ний өдөр олгосон байна. Тодруулбал, иргэн Б.Г газраа түрүүлж эзэмшсэн гэсэн үг. “Н” сүм нь 2001 оны 11 сарын 01-ны өдөр газар эзэмших эрхээ гэрчилгээгээр баталгаажуулж хашаа байшин барихдаа иргэн Б.Г-ийн газар дээр давхцуулж барьсан байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Уг маргаан бүхий газар нь нэхэмжлэгч “Н” сүм болон бусад гуравдагч этгээд Ганзориг нарын хэний эзэмшил газар болохыг шүүх эцэслэн тогтоогоогүй, маргаантай байгаа тул эзэмшил газрын заагийг зөв координатжуулан мэдээллийн санд оруулах боломжгүй байна. Уг мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулсны дараа кадастрын мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулах боломжтой” гэжээ.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: “...”Н” сүмийн кадастрын зургийг анх олгогдсон, үе үеийн баталгаажилтаар 2700 м.кв-аар баталгаажиж байсан газрын заагийг зөв координатжуулан мэдээллийн санд оруулж нэхэмжлэгчийн манай газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгож, давхцалгүй кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 401 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн иргэн Б.Г-т олгосон 0101002407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Н” сүмийн газрыг 2700 м2-аар газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт даалгуулахыг хүссэн “Н” сүмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 23-р зүйлийн 23.3.3, 31-р зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Б.Г-ийн газрын кадастрын зургийг 1564 м2 хэмжээтэйгээр газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй оруулж, бүртгэхийг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт даалгаж шийдвэрлэжээ.”

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны явцад уг гэрчилгээний дагуу баталгаажсан газраас манай сүмийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох гэж тодруулахын зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан 2700 м.кв газрыг зохих журмын дагуу мэдээллийн давхцалгүйгээр бүртгэж оруулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл энэ шаардлагыг маань шүүх хүлээн авах эсэхээ тухайн үед шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрээс харахад энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдсэн байна. Гэтэл шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагатай холбоотой тайлбар гаргах, хариуцагчид уг шаардлагыг гардуулан өгч тайлбар нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

  1. Иргэн Б.Г нь Баянгол дүүргийн Засаг даргаас олгосон 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 0101002407 дугаартай газар эзэмших гэрчилгээний дагуу газар эзэмших эрх авсан бөгөөд энэхүү эзэмшил газрын хувийн хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байхад зөвхөн хариуцагч байгууллагууд манай архивд энэ газрын хувийн хэрэг байхгүй гэсэн албан бичигт хэт хөтлөгдөж хэрэгт хамааралтай нотлох баримт цуглуулах талаар баримт бичигт үзлэг, хийх гэрч асуух зэрэг ажиллагааг хийх боломжтой байсаар атал энэхүү ажиллагааг хийгээгүй.
  2. Гуравдагч этгээд Б.Г-ийн эзэмшил газрын хэмжээ нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006, 2007 оны архивд 1447 м.кв, 2009 оны архивд 1065 м.кв 2010 оны архивд 1564 м.кв болж тус тус өөрчлөгдөн бүртгэгдсэн тухай Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1238 тоот албан бичигт дурдсан байна.

Энэхүү мэдээллийн санд бүртгэл хийсэн мэргэжилтэн н.М шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэхдээ газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа газар эзэмшигчээс хүсэлт гаргаагүй байхад кадастрын зураггүйгээр өөрчлөлт хийх эрхгүй, тийм өөрчлөлт хийгээгүй тухайгаа мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү өөрчлөлтүүдийг хийлгэхдээ иргэн Б.Г-оос хүсэлт гаргаж байсан эсэх (шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч н.Б нь Нийслэлийн газрын албанд хандаж газар эзэмших эрхээ баталгаажуулахаар өргөдөл гаргаж байсан талаарх нотлох баримт гаргаж байсан боловч уг баримтыг шаардлага хангахгүй гэж үзэж нотлох баримтаас хассан. н.Б нь шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар Газрын албанд хандаж байгаагүй гэж мэдүүлдэг) талаарх нотлох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч уг хүсэлтийг албан бичиг явуулахаар байхгүй гэсэн хариу өгдөг гэсэн шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхгүйгээр, гомдол гаргах эрхгүйгээр шууд шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрлэсэн мэтээр бичсэнд гомдолтой байна. Энэ нь шүүгч анхнаасаа энэ хэрэгт хайхрамжгүй, туйлын хариуцлагагүй хэт нэг талыг барьж хандаж байгааг харуулж байна.

  1. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс “Н” сүм болон Б.Г-ийн эзэмшил газрын хэмжээг мэдээллийн сан дахь координатын дагуу газар дээр солбицол тус бүрээр нь газарт буулгаж газар эзэмшигчдийн өнөөдрийн байдлаар хашсан байгаа хашааны булангийн цэгүүд хэрхэн давхцаж байгаа эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Учир нь кадастрын зураг дээр харагдаж байгаа давхцал талбай нь газар дээрээ хаагуур байгаа ялангуяа Б.Г-ийн эзэмшлийн гэх 3 564.4 м.кв талбайд давхцал бүхий газар хамаарч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
  2. Шүүх хуралдааны явцад Баянгол дүүргийн Засаг даргын төлөөлөгч нь хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв тайлбар гаргах, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах үүрэгтэй атлаа энэ үүргээ умартан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн байр сууринаас хандаж байхад шүүгч үүнийг таслан зогсоохын оронд харин ч тэдгээрийн үгэнд дөрлүүлсэн бух мэт хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Баянгол дүүргийн Засаг даргын олгосон 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн газар эзэмших эрхийн 01010202407 дугаар гэрчилгээгээр иргэн Б.Г-т Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талд амины орон сууцны зориулалтаар 1564.1 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Дээрх гэрчилгээгээр гуравдагч этгээд Б.Г-т 1564.1 м.кв газар эзэмшүүлсэн нь “Н” сүмийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Учир нь, гуравдагч этгээд Б.Г нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн урд, амины орон сууц бариулахаар “М Ө” УҮГ-тай “Амины орон сууц барих” 77/96 дугаар гэрээг 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулан, түүнд эзэмшүүлэхээр олгосон 1564.1 м.кв газарт хоёр давхар амины орон сууц, гарааж барьж, улсын бүртгэлийн 2205018098 дугаарт бүртгүүлж, 2002 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0063774 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ.

Харин нэхэмжлэгч “Н” сүмд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 0.27 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 86 дугаар гэрчилгээг 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Б.Г нь 2001 оны 01 дүгээр сарын 29- ний өдрийн газар эзэмших 0101002407 дугаар гэрчилгээгээр 1564.1 м.кв газрыг анх эзэмшиж байсан, харин нэхэмжлэгч ““Н”” сүм нь Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.24 га газар эзэмших эрхтэй байснаас үзвэл гуравдагч этгээдэд түрүүлж газар эзэмших эрх үүссэн байна.

Тодруулбал, 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг, 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар эхэлж газар эзэмших эрх үүссэн этгээдийн газар эзэмших эрхийг түүний дараа газар эзэмших эрх үүссэн этгээд хөндөхгүй байх ёстой.

Мөн ““Н”” сүмийн зүгээс ямар нэг байдлаар газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байхад 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн газрын хэмжээг 0.3 га-аар нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Засаг дарга 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн газар эзэмших эрхийн 86 дугаар гэрчилгээгээр ““Н”” сүмд 0.27 га газрыг эзэмшүүлсэн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох” тухай 1999 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/152 дугаар захирамжаар, “2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/46 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ““Н”” сүмийн үүсгэн байгуулагч Д.М, тэрүүн П.Ц нар “газрын эрх баталгаажуулахаар” хүсэлт гаргасныг Нийслэлийн газрын алба хүлээн авч Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах” тухай 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар ““Н”” сүмд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 2700 м.кв газрыг шашны сургуулийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болжээ.

Тиймээс захиргааны байгууллага ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын хэмжээг нэмэгдүүлсэн эсэх, уг нэмэгдүүлсэн газар нь бусдын газартай давхцаж байгаа эсэх, бодит байдалд дээр газрын хэмжээ хэд байгааг тогтоохоор газар дээр нь очиж хэмжилт хийгээгүй, координатжуулаагүй нь 2002 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д нийцээгүй бөгөөд захиргааны байгууллагын энэхүү буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар давхацсан байна.

Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч ““Н”” сүмд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоос өмнө иргэн Б.Г нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах 1564.1 м.кв газрыг амны орон сууцны зориулалтаар, газар эзэмших эрхийн 01010202407 дугаар гэрчилгээтэй 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, түүний газрын гэрээний хугацааг сунгахад Б.Г-т олгосон газар эзэмших эрхийн 0101020**** дугаар гэрчилгээ саад болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь “иргэн Б.Г-т газар эзэмшүүлсэн тухай Засаг даргын захирамж, шийдвэр, газрын хувийн хэрэг байхгүй болох нь холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа учраас түүнийг газар эзэмших эрхгүй” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гуравдагч этгээдийн тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд, 2001 онд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд нь анх газар эзэмшүүлэхдээ Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэрээр бус газар эзэмших гэрчилгээгээр газар эзэмшүүлснээс үзвэл тул тухайн үед буюу 2001 онд иргэн, аж ахуй нэгжид газрыг эзэмшүүлэхдээ гэрчилгээгээр эзэмшүүлж байжээ.

Тиймээс гуравдагч этгээд Б.Г-т газар эзэмшүүлэх талаар Нийслэл. дүүргийн Засаг дарга захирамж гаргаагүй, эрх бүхий захиргааны байгууллагад түүний газрын хувийн хэрэг байхгүй гэсэн үндэслэлээр түүнийг газар эзэмших эрхгүй гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь “гуравдагч этгээд Б.Г-ийн эзэмшил газрын хэмжээ нь Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн 2006, 2007 оны архивд 1447 м.кв, 2009 онд 1065 м.кв, 2010 онд 1564 м.кв болж тус өөрчлөгдсөн бүртгэгдсэн” гэж, мөн “гуравдагч этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь бие даасан шаардлага гаргах эрхгүй, мөн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй" гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хангах, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Тодруулбал: Дээрх онуудад Нийслэлийн кадастрын мэдээллийн санд гуравдагч этгээдийн газрын хэмжээг өөрөөр оруулсан гэж үзэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй болохгүй бөгөөд Б.Г нь анхнаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 1564.1 м.кв газрыг эзэмшиж байсан, одоо ч газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа болох нь тогтоогдсон.

Мөн гуравдагч этгээд Б.Г-оос 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр О.Б-т олгосон "... миний нэрийн өмнөөс ““Н”” сүмийн нэхэмжлэлтэй хариуцагч эдэлдэг бүх эрхийг эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд төлөөлөх, ... нэхэмжлэлийн зүйлийг өөрчлөх ... хариуцагчийн бүх эрхийг олгов” гэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэнтэй нийцсэн, итгэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй боловч энэ нь хэргийн шийдвэрт нөлөөлөхөөргүй алдаа бөгөөд гуравдагч этгээд Б.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын оршин суух хаяг нь нэг, гэр бүл, маргаан бүхий газар дээр хамт амьдарч, газрыг хамт эзэмшдэг зэргээс О.Б-ийг “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш" гэж шууд үзэх боломжгүй юм.

Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлд заасан эрхийн дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан ““Н” сүмийн ... 2700 м.кв баталгаажиж байсан газрын заагийг зөв координатжуулан мэдээллийн санд оруулж. ““Н”" сүмийн газраас манай газартай давхцуулсан хэсгийн хүчингүй болгож өгөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн баримтын хамт ирүүлснийг анхан шатны шүүх 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан зөв байна. /хх-ийн 107-108/

Нэгэнт гуравдагч этгээд Б.Г маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдсон учраас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагыг хангасан нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч ““Н”” сүмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь “маргаан бүхий газрын давхцалыг тогтоолгохоор шинжээч томилуулах”, “мэдээллийн санд бүртгэл хийсэн мэргэжилтэн н.М шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах” гэсэн хүсэлтүүдийг шүүх хүлээн аваагүй гэх гомдлын тухайд:

Хэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх эрхтэй бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1238 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн нэхэмжлэгч ““Н”” сүм, гуравдагч этгээд Б.Г нарын газрын кадастрын мэдээллийн сангийн архивын 1 зургаар маргаан бүхий газар хэмжээ, байршлыг тогтоож, газрын давхцал байгаа болох нь тогтоогдсон учир шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолгүй, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын эзэмшиж байгаа газрыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон. ач холбогдолгүй тул н.М-г гэрчээр оролцуулах хүсэлт үндэслэлгүй юм.

Мөн "... 2008 онд ““Н”” сүмийн 2700 м.кв газар баталгаажих үед иргэн Б.Гийн газар 1063 м.кв хэмжээ бүхий талбайтай байсан. Иргэн Б.Г-ийн газрын хэмжээг бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, давхцалгүй болгож бүртгэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан заавал нотлох баримт цуглуулах, хэргийн оролцогчдоос тайлбарыг бичгээр гаргуулах шаардлагагүй, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдох тайлбарыг талууд шүүх хуралдаанд гаргасан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болно.

Шүүхээс гуравдагч этгээд Б.Г-ийн газар эзэмшигчийн хувийн хэргийг холбогдох байгууллагаас нотлох баримтаар шаардсан боловч уг нотлох баримт нь байхгүй болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд Б.Г нь газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримтыг гаргуулах" боломжгүй бөгөөд уг нотлох баримтыг шүүх цуглуулаагүй гэх шалтгаанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийн дахин шийдвэрлэхээр буцаах боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түүнээс гуравдагч этгээдийн газрын хэмжээг газрын мэдээллийн санд буруу оруулсан үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нөгөөтээгүүр газар эзэмшигчийн газрын хувийн хэргийн бүртгэл хөтлөлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлж явуулах бөгөөд уг газрын хувийн хэрэг байхгүй гэсэн шалтгаанаар гуравдагч этгээд Б.Г-ийг газар эзэмших эрхгүй гэж үзэхгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан эрхийнхээ дагуу хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгохдоо “эвлэрэх” эрхээс бусад эрхийг олгож тусгайлан зааж байгаа нь хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрх билээ.

Иймд нэхэмжлэгч. түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                           ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                         ШҮҮГЧИД:                                             Э.ЗОРИГТБААТАР

                                                                                       П.СОЕЛ-ЭРДЭНЭ

                                                                                       Э.ХАЛИУНБАЯР

 

 

 

 
           
     
     
 
 

ШҮҮГЧ