Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 112

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч Н.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг /ҮД:0025/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамж 67 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:СР95011911/ Боржигон овогт Наранбаатарын Батбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021705 дугаар 185/2016/0108/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батбаяр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамжинд иргэн Л.Амаржаргалыг хашаанд ирж хэрүүл маргаан үүсгэж ээжийг доромжилсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун талын шанаан тус газарт нь гараараа 1 удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батбаярын: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин ямар нэгэн зөрчил гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Амаржаргалын: ...2016 оны 06 дугаар сарын 08-ны ...17 цаг өнгөрч байхад ...арын гудамжинд амьдардаг Энхээ гэх эмэгтэйгийнд очсон юм. ... Энхээ байна уу гэсэн чинь ээжээр яах гэж байгаа юм гэх шиг болсон. Тэгэхээр нь юм асуух гэсэн юм гэтэл байхгүй байна гэсэн. ... тэгээд байхгүй гээд байхаар нь за за гээд гараад гудамжинд Бямбаатай цуг алхаад явж байтал Энхээгийн хүү Батбаяр нь араас ирээд “яахаараа манай хашаа руу ороод ирдэг пизда вэ?” гэж хэлээд баруун талын шанаа руу цохисон. Тэр үед би халамцуу явж байсан учраас газарт унатал миний нүүр толгой руу өшиглөөд байсан. ... Бямбаа намайг босгож аваад далан дээгүүр явсан. ... тухайн үед босоод явахад миний эрүү эвгүй болчихсон, юм ярьж болохгүй байсан тул хурдхан явъя гэж бодсон. ... тэгээд ГССҮТ эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эрүүнийхээ зургийг авахуул гэсэн. Тэгээд зургаа авахуулсан чинь эрүү хугарсан байна гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэрэндаваагийн: ...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Батбаяр бид 2 ажлаа тараад 20 цагийн орчимд Батбаярын гэрт ирчихээд хоол идэх гээд сууж байсан чинь гаднаас 40 орчим насны улаан, саравчтай малгайтай, махлагдуу ах орж ирээд Энхээ хаана байна гэж асуусан. Тухайн үед Батбаяр, би, Батбаярын дүү Энхсүлд бид 3 л байж байсан. Тэгээд Батбаяр тэр ахын өөдөөс “ээж алга, яах гэж байгаа юм” гэтэл яасан ч яадаг юм гэж тэр ах хэлсэн. Тэгэхээр нь Батбаяр хуцалгүй цаашаа гараад яв гэж хэлсэн. ... тэгсэн чинь танай тэр янхан ээжээр чинь яадаг юм гэсэн. ... тэгсэн чинь Батбаяр тэр ахыг цаашаа яваач гээд хөөсөн чинь тэр ах гарч явснаа хашаан дотор байсан нохойг том чулуугаар цохиод гаслуулчихсан. ... тэгсэн чинь Батбаяр араас нь гараад би араас нь гарсан. Намайг араас нь гарахад тэр ах Батбаярын цамцны энгэрээс заамдчихсан зогсож байсан. Батбаяр ч бас заамдчихсан зогсож байсан. Тэгээд Батбаяр тэр ахын нэг талынх нь эрүү рүү цохиод ална шүү пизда минь гээд түлхээд унагаасан. Би Батбаярыг салгаад боль, наадах чинь лай болно гээд аваад орох гэтэл тэр ах араас приус мод барьчихсан хүрээд ирсэн. ... тэгсэн чинь Батбаяр эргэж хараад тэр ахын эрүүн тус газар /яг аль талынх нь хэсэг рүү цохисныг сайн харж чадаагүй/ гараараа 2 удаа цохисон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Магнайбаярын: ...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ... манайд орохдоо ...Амаржаргал Энхээгийнд очно гээд байсан. ... намайг хойд дэлгүүрээс урагшаа алхаад явж байхад Энхээгийн хашааны гадна үүдэнд Амаржаргал, Батбаяр 2 заамдалцчихсан зогсож байсан. Тэгээд Батбаяр нь “чи манай ээжийг янханаар нь дуудлаа, энэ хүн чинь янхан ээжийгээ дууд байна” гэж надад хэлэхээр нь би Амаржаргалд “чи одоо хүүхдүүдтэй юу яриад байгаа юм бэ” гээд тэр хоёрын дундуур ороод 2 тийш нь болгоод гараараа түлхээд салгасан чинь Амаржаргал дайраад Батбаярыг цохих гээд байсан. Тэгтэл Батбаяр зөрүүлээд Амаржаргалын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Яг аль талынх нь шанаа руу цохисныг би сайн мэдэхгүй байна. ... тэгээд би Амаржаргалыг цааш нь чирээд гэр рүү нь дөхүүлж явтал Амаржаргал замдаа” миний баруун талын шанаа өвдөөд байна гээд  гараараа дараад байсан” тэгээд би Амаржаргалыг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд гэр рүүгээ буцаад явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч О.Болороогийн: ...хохирогч Амаржаргалын эрүүний ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тухайн хэсэг газартаа гараар нэг удаа цохих үед л үүсэх бүрэн боломжтой юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹8124 тоот:

  1. Л.Амаржаргалын биед эрүүний ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Дээрх гэмтэл нь 2016.04.20-нд үүссэн байх боломжгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт /хх-38/,

 

Компьютерт томографийн шинжилгээ /хх-69/, Л.Амаржаргалын өвчний түүх /хх-70/, хохирлын баримтуудын хуулбар /хх-71-75/, хохирогчид мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-79/,

 

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хх-67/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-68/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.   

 

Шүүгдэгч Н.Батбаярыг 2016 оны 6 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамжинд иргэн Л.Амаржаргалыг хашаанд ирж хэрүүл маргаан үүсгэж ээжийг доромжилсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун талын шанаан тус газарт нь гараараа 1 удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Батбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Амаржаргалын бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болох 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Л.Амаржаргалын гаргасан хүсэлтээр /хх-79/ нотлогдон тогтоогдов.

 

Шүүгдэгч Н.Батбаяр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-66/ нотлогдов.

 

Шүүгдэгч Н.Батбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Амаржаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Наранбаатарын Батбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Наранбаатарын Батбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Батбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Н.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Н.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ