| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0539/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/543 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/543
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ширэндэв,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108031520737 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Булгын ** дүгээр гудамж, **тоотод түр оршин суух,
урьд Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жил 10 хоногийн хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нэмж нэгтгэн 10 жилийн хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 2 сарын хорих ял шийтгэгдсэн, Б овогт Г-ын Э (РД:****).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Геологийн төв лабораторийн автобусны буудлын орчим хохирогч Ц.А халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне 6 Эс Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Автобусны буудал дээр зогсож байтал нэг эгчийн халааснаас утас цухуйж байсныг хараад авсан. Өдөр цагдаагаас яриад “авчирч өг” гэхээр нь буцаагаад өгсөн. Дахиж гэмт хэрэг хийхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2108031520737 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Аын: “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ажлаас ...09 цагийн үед гарч яваад банк орчихоод ажлын эгч Бын хамт явж байсан. Буцаад Таван шарын автобусны буудал өнгөрч яваад ажил дээрээ очих үед өөрийн Айпони 6-Эс пласс гар утсаа халааснаасаа алдсан. 30-40 минутын дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд албан хаагч нар миний гар утсыг хулгайлсан иргэнийг олж тогтоон, утсыг хүлээлгэн өгсөн. Надад гомдол санал байхгүй, хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.12.14-ний өдрийн 1711 дүгээр тайланд: “Iphone 6plus” маркын гар утас 1 ширхэг 320,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ахынхаа гэрт очиж засвар хийх гээд гэрээсээ гараад 09 цаг 30 минутын үед Геологийн төв лабораторийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад танихгүй эмэгтэйн халааснаас гар утас нь унах гээд цухуйсан байсан. Би араас нь очоод нууцаар гар утсыг аваад автобусанд суугаад явчихсан. Ахынхаа гэрт засвар хийж байхад цагдаагийн газраас гээд залгасан тул би ажлаа дуусгаад хулгайлан авсан гар утсаа хүлээлгэн өгсөн. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 199-200 дахь тал),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-22, 23), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-13), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-47), шийтгэх тогтоолын хуулбар (хх-50-163), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Г.Э нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад ялын хугацаа дуусаж суллагдсан” гэх албан бичиг (хх-208) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн автобусны буудлын орчим хохирогч Ц.А халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне 6 Эс Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.А“...Таван шарын автобусны буудал өнгөрч яваад өөрийн Айпони 6-Эс пласс гар утсаа халааснаасаа алдсан...” гэх мэдүүлэг (хх-29-30), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 1711 дугаар “Iphone 6plus” маркын гар утас 1 ширхэг 320,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-33-34), шүүгдэгч Г.Эын “...автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад танихгүй эмэгтэйн халааснаас гар утас нь унах гээд цухуйсан байсан. Би араас нь очоод нууцаар гар утсыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-199-200) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Эын хохирогчийн халааснаас түүний эзэмшлийн “Iphone 6plus” маркын гар утсыг хулгайлан авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ат 320,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс гар утас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-22, 23), хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-29-30)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Геологийн төв лаборатори” -ийн автобусны буудлын хажууд явж байхдаа хохирогч Ц.А халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне 6 Эс Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг зөшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогчийн халаасанд байсан гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж, шунахай зорилгоор, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 320,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР