Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00410                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А Э Г нарт холбогдох,

гарсан зардал, зээлийн төлбөрт төлсөн нийтдээ 47 874 463 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Батбаяр, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул  нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь өөрийн танил Эгийн охин Э.Аэд залилуулсан байдаг. Анх 2015.01.29-ний өдөр Э.А байраа барьцаанд тавиад 5 000 000 төгрөгийн туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу н.Б өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 1 дүгээр хороолол Нарны зам 27 дугаар байрны 12 тоот 1 өрөө орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл олгосон байдаг. Гэтэл Э.А нь өөрийн эцэг н.Этай хамтран Ариг банкнаас 5 000 000  төгрөг биш 30 000 000 төгрөгийг 2015.02.02-ны өдрийн 14/82 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй зээлж авсан байна. Улмаар зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг төлөөгүй тул Ариг банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар 42 259 660 төгрөгийг Ариг банкид олгохоор шийдсэн байдаг. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нэхэмжлэгч н.Бат-Эрдэнийн өмчлөлийн 1 өрөө байрыг борлуулж Ариг банкны хохирлыг барагдуулж, өрийг нь хаасан байдаг. Ингээд  Э.Аийн энэхүү хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллага н.Бат-эрдэнийн гомдлоор Эрүүгийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, мөрдөн байцаалтын явцад Э.А нь 5 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих гэж байна гэж итгүүлэн, итгэмжлэл гаргуулсанаа 30 000 000 төгрөгийн зээлийг авч, төлөлгүй залилан мэхэлсэн гэж тогтоогдсон байгаа. Гэвч Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосонд н.Б нэлээд гомдолтой байдаг,  хариуцагч н.Г нь Э.Аийн нөхөр бөгөөд зээлсэн 30 000 000 төгрөгийг хамт ашигласан нь тогтоогдсон. Э.А, н.Э нар нь Ариг банкид зээлийг төлж, н.Бат-Эрдэнийг хохиролгүй болгоно гэж бичгээр болон амаар олон удаа тайлбар гаргадаг боловч зээлийг төлөхгүй байсаар н.Б нь шийдвэр гүйцэтгэлийн албаны шахалтаар арга буюу өөрийн өмчлөлийн байрыг худалдаж Ариг банкид нийт 45 343 163 төгрөгийг төлсөн. Ингээд 1 өрөө байраараа  хохирсон байгаа тул Э.А, н.Э нараас Ариг банканд төлсөн 45 343 163 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас материал хуулбарлан авсан 13 500 төгрөг, нотариатын төлбөр 17 800, хууль зүйн туслалцааны ажлын хөлс 2 500 000 төгрөг, нийт 47 874 463 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Хариуцагч О.Гаас татгалзсан байгаа гэв.

 

Хариуцагч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: н.Б ах бид хоёр хоёулаа зээлтэй, шахагдаж байсан. н.Б ахын 5 000 000 төгрөгийн зээл нэхэгдэж, улмаар энэ мөнгө нь 5 700 000 гаруй төгрөг болсон байхад нь би очиж чөлөөлж авч байсан. Нэгэнт би н.Б ахын байрыг алдсан учраас энэ нэхээд байгаа мөнгийг төлж өгнө. Гэхдээ н.Б ахыг би залилаагүй, 5 000 000 төгрөгийг нь авах гэж байгаагүй. Ариг банкны өрийг төлье гэсэн сэтгэл байгаад 3,4 сар дараалан төлж, сүүлдээ дийлэхээ байж өрийн дарамтад орж ирсэн. Учир нь би жирэмсэн байсан, тухайн үедээ нөхөртөө найдаад нэмэр байгаагүй. Одоо би зогсоо зайгүй ажил хийж цалин мөнгө ч гайгүй болж байгаа, 3 хүүхдээ гараас гаргасан учраас эхний удаа энэ хүний өрийг дарчихна. Нэгэнт хүний үл хөдлөх эд хөрөнгийг алдсан тул н.Б ахыг 1 өрөө байрны хувь лизингээр оруулж өгье, н.Б ахыг хохирооё гэсэн бодол байхгүй нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч нь Ариг банкинд төлсөн 45 343 163 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материал хуулбарлан авсан 13 500 төгрөг, нотариатын төлбөр 17 800 төгрөг, хууль зүйн туслалцааны ажлын хөлс 2 500 000 төгрөг нийтдээ 47 874 463 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан гаргасан, хэрэг  хянан шийдвэрлэх явцад О.Гыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

           Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар бичгээр ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно. 

            Хэргийн баримтаас үзэхэд Д.Б өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам 1 дүгээр гудамж, 27 дугаар байрны 12 тоот 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, гүйцэтгэлийг хангуулах... зэрэг эрхийг 3 жилийн хугацаагаар Э.Ат олгосон 2015.01.29-ний өдрийн  итгэмжлэл /үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай/ хэрэгт авагдсан байна.

            Хариуцагч Э.А, О.Э нар  2015.02.02-ны өдрийн 14/82 тоот хэрэглээний зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг Ариг банктай байгуулж, жилийн 36 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.   

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.13-ны өдрийн 183/ШШ2016/00039 дугаар шүүгчийн захирамжаас үзэхэд хариуцагч Э.А нь Ариг банкны нэхэмжлэлийн шаардлага 42 259 660 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.                     

          Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2017.06.06-ны өдрийн 1/16282 албан тоотоос үзэхэд Э.А, өмчлөгч Д.Б нар барьцааны зүйл болох орон сууцыг төлбөрт тооцон өгөх хүсэлт гаргасан тул 2016.11.24-ний өдрийн 3/36629 тоот албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнийг сэргээж, өмчлөх эрхийг төлбөр авагч Ариг банкны нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг хүссэн байна.

         Барьцааны зүйлийн өмчлөгч болох Д.Б барьцааны зүйлийг худалдан борлуулж 45 343 163 төгрөг төлж барагдуулсан болох нь Ариг банкны 2017.09.29-ний өдрийн тодорхойлолтоор, шийдвэр гүйцэтгэлийн архивын лавлагааны хураамжид  13 500 төгрөг төлсөн нь кассын орлогын ордероор, нотариатын үйлчилгээний хөлс, зардалд 17 800 төгрөг төлсөн нь мөнгөний тасалбараар, хууль зүйн туслалцааны ажлын хөлс 2 500 000 төгрөг болох нь тус тус тогтоогджээ.

         Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016.11.29-ний өдрийн 2249 дугаар прокурорын тогтоолоор Э.Ат холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Д.Б, Э.А нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүрэг үүсээгүй, хариуцагч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

         Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим... зэрэг хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарахаар заасан байх тул Д.Бд учирсан хохирол нийтдээ 47 874 463 төгрөгийг хариуцагч Э.А, Ч.Э нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.    

         Хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ч.Э 2017.12.11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Ч.Эгийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар Э.А, Ч.Э нараас 47 874 463 төгрөгийг гаргуулж Д.Бд олгож, хариуцагч О.Гд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.А, Ч.Э нараас 397 322 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ